Home » Хүннү гүрний түүх

Хүннү гүрний түүх

Цэргийн түүхч, доктор (Ph.D), дэд профессор Т.Сүхбаатар

 

Монгол үндэстний анхны төрт улс бол Төв Азийн тал нутагт НТӨ III- НТ I зууны төгсгөл хүртэл оршиж байсан Хүннү гүрэн юм. Хүннү гүрэн Монголын анхны өвөг төрт улс болохыг археологийн болон бичгийн судалгаагаар хөдөлшгүйгээр нэгэнт тогтоожээ.

Тухайн үед төв Азид оршин байсан нүүдэлчин Хүннү, Дунху нарын  өвөг дээдэс нь НТӨ I мянганы эх гэхэд Монгол оронд бүрэн ноёрхсон “Дөрвөлжин булшны соёлыг” бүтээсэн эртний оршин суугч нар байсан юм.

Дөрвөлжин булшны соёлыг бүтээгчдийн нэг хэсэг болох өвөг хүннү-өвөг дунху нар НТӨ I мянганы эх гэхэд хэдийнээ сонгодог хэлбэрт дөхөж хөгжсөн нүүдлийн мал аж ахуйд бүрэн шилжиж, ураг (цусан) төрлийн харилцаанд суурилсан “хүй нэгдлийн” нийгмийн байгууллыг аль эрт орхисон, илүү нарийн бүтэцтэй, давхраажсан нийгэмд амьдрах болсоор хэдэн арав, зуун оны нүүр үзсэн морьтон нүүдэлчид байсан юм.

НТӨ 350-300-аад он гэхэд Төв Ази, Монгол оронд хүннү нараас гадна нутгийн зүүн хэсгээр дунху нар, баруун, баруун өмнөд хэсгээр юэчжи нарын харьяат энэтхэг-европ хэлний бүлэгт багтах хэлээр ярилцдаг малчин нүүдэлчид нутаглаж байлаа.

Энэ цаг үед, Их говийн өмнүүрх нутагт – Газал (Иньшань) уул, Ордосын Бор тохой, Сөнөд-Цахарын тал хээр, Улаанхадын өндөрлөгт линьху, лоуфань нарын нүүдэлчид, хагас нүүдэлчин шаньжун аймгийнхан суурьшиж Байлдаант улсын үеийн (НТӨ 403-221 он) Цинь, Жао, Янь гэсэн гурван улстай хиллэж байв.

Монголын эрдэмтэд, эдгээр нүүдэлчдийн дунд аль хэдийн “төр улс” үүсээд, магадгүй бүр нэг-хоёр зууны нүүр ч үзсэн байж мэднэ хэмээн сүүлийн үед бичих болсон.

“Хүннү”, “Дунху” хэмээх эртний монголын хоёр хүчирхэг нүүдэлчдийн нэрийг утга үсгийн эртний бичиг дурсгалд анх хэзээ тэмдэглэсэн асуудлаар судлаачид хоёр талцаж хуваагддаг ч дийлэнх нь “Хүннү” гэдэг нэр НТӨ 311 онд, “Дунху” хэмээх нэр нтө 307 онд анх тэмдэглэгдсэн гэж үзэх нь элбэг.

Хятадаар Хүн = Сюн гэсэн утгатайн дээр бас Нү хэмээх боол гэсэн утга бүхий үг залгаснаар Хүннү (хэрцгий боол) гэсэн нэр үүсжээ. Дайчин нүүдэлч Хүн аймаг овгууд ч гэсэн өөрийн зүгээс суурьшмал Хятад улсад удаа дараалан довтолж хот суурин, газар тариалан, хүн амыг нь сүйтгэдэг байсны учир Хятадын төрийн эрх баригчид тэдэнд тийнхүү хэрцгий боол хэмээх хоч нэр өгснөөр хүн нар хятадын түүхэнд Хүннү, Сюннү гэж алдаршжээ.

Монголын түүхчид Хятад судраас Хүннү хэмээх нэршлийг шууд хуулбарлан авч хэрэглэснээс хойш түүхийн бүхий л сурах бичиг ном зохиолд Хүннү хэмээн бичих болжээ. Хүннү гэдэг нь Хүн гэсэн нэрийн утгыг агуулна хэмээн үзэх болсон юм. Хүннү нар бол яах аргагүй өнөөгийн Монголчууд бидний өвөг дээдэс юм.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Анандын Амар өөрийн 1934 оны “Монголын товч түүх” бүтээлдээ Монголын түүхийг зөвхөн Чингис хааны үеэс бус, эртний нүүдэлчдийн үеэс буюу Хүннү гүрнээс эхлэн судлах ёстойг нотолсон байдаг.

Нэрт эрдэмтэн, доктор Г.Сүхбаатар Хүннүгийн талаар ул суурьтай судалгаа хийж 1980 онд нийтлүүлсэн “Монголчуудын эртний өвөг (Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл, угсаа гарвал)” хэмээх шинжилгээний бүтээлээрээ Хүннү нар өвөг монгол хэлтэй, монгол угсааны аймгууд байсныг үндсэндээ бүрэн нотолж өгсөн юм.

Хүннү нар өөрийн төрт улсыг байгуулахаас өмнө цэрэг аймгийн холбоонд нэгдэж хүчирхэг болж өмнөд хөрш Хятадын Чжоу улсыг байнга довтлох болжээ. Чжоу улс бусад улсуудтайгаа нийлэн Хүннү нарын довтолгооноос сэргийлэн хана хэрэм ихээр барих болсон байна. Энэ үед Хүннүтэй зэрэгцэн Дунху, Юэчжи, Динлин зэрэг нүүдэлчин аймгууд оршин байсан юм.

Хүннү нар тэр үед 24 том аймаг болж хуваагдан мал аж ахуй эрхлэн нүүдлэн амьдарч байжээ. Мал маллахын хажуугаар ан гөрөө хийж амьдарч байсан тэд аюул нүүрлэсэн үед нум сум харваж чадах эрчүүд цөм морьт цэрэг болж хувирах байнгын бэлтгэлтэй болжээ.

НТӨ 214 оны үед Хятадын Цинь гүрний анхны эзэн хаан Цинь Шихуан өөрийн цэргийн жанжин Мын Тянь тэргүүтэй 100 мянган цэрэг хөдөлгөж Хүннү нарын нутгийн өмнөд хэсгийн Ордос болон одоогийн Өвөр Монголын Хөх хот, Бугат хот орчмын газар нутгийг эзлэн авч урд талаар нь Цагаан хэрэм нэмэн босгожээ. Энэ үед Хүннүг Түмэн шаньюй захиран сууж байжээ. Түүний үед улс төрийн гадаад дотоод нөхцөл байдал нь ихээхэн ээдрээтэй нэн эгзэгтэй үед ирээд байлээ.

НТӨ 209 онд Модун, өөрийн эцгээ хөнөөж Хүннүгийн хаан Шаньюй болж, бүх 24 аймгаа нэгтгэн захирч Хүннү улсыг үндэслэн байгуулсан байна. Хүннү улс бол Төв Азийн түүхнээ байгуулагдсан нүүдэлчдийн анхны төр улс болжээ.

Модун богино хугацаанд байж боломгүй болзол шаардлага тавьсан Дунху нарыг бут ниргэж (тэдний үлдэгдэл Сяньби, Ухуань болсон), Юэчжү нарыг ялж тэднийг баруун тийш шахаж, хойд зүгийн Динлин зэрэг аймгуудыг захирчээ. Дараа нь Модун шаньюй цэргээ хөдөлгөж, урьд нь эртний Хятадын Мын Тянь жанжны булаан эзэлсэн Ордос газар болон тэр хавийн нутгийг чөлөөлөн, эргүүлж Хүннү улсдаа нэгтгэн авсан байна.

Ингэснээр Хүннү нар Манжуураас Тэнгэр уул, Байгаль нуураас Ордос хүртэлх өргөн уудам нутгийг нэгтгэсэн гүрэнт улсыг байгуулжээ. Түүний байгуулсан улсын нийслэл Луут хот өнөөгийн Архангай амйгийн Өлзийт сумын нутагт буй. Хүннүгийн нутаг дэвсгэрийг “Модун шаньюйн үед, түүний улсын нутаг дэвсгэр нь өмнө зүг цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил, Тарвагатай, Синьзян, дорно зүгт хойд Солонгос хүртэл” гэх буюу, эсвэл “баруунаас Дорнод Туркестаны хот улсууд, зүүн зүгт дорнод ху аймгийн нутаглаж байсан Ляо голын эх, өмнө зүгт хятадын цагаан хэрэм, хойд зүгт Байгал нуур” хүртэл байснаар ерөнхий тойм байдлаар авч үздэг.

НТӨ III-II зууны зааг дээр Хүннү улс нь тийнхүү олон улс аймгуудыг эзлэн захирсан Монгол ба Төв Азийн нүүдэлчдийн анхны хүчирхэг том эзэнт гүрэн болсон байна. Тэр цагаас эхлэн Модун болон дараа үеийн Хүннү гүрний төрийн тэргүүн нь урьд адил зөвхөн шаньюй гэгдэхгүй, харин их шаньюй (эзэн хаан) гэгдэх болсон байна.

Хүннүгийн төр, засаг захиргааны зохион байгуулалт

 

Хүннү гүрэн нь төв, зүүн, баруун этгээд хэмээн бүх газар нутаг, хүн амаа гурван хэсэг болгож захирдаг, 24 том аймаг нь тэрхүү гурван хэсэгт хуваагдан захирагддаг байжээ. Аймгуудын зонхилогч томоохон сурвалжит язгууртан нар тус бүрийн аймгийг түмт, мянгатад хуваан захирдаг байв.

Мянгат нь зуут, зуут нь аравтуудын бүрэлдэхүүнтэй байжээ. Тэдгээр түмт, мянгат, зуут, аравтууд нь цэрэг засаг захиргааны нэгдмэл хуваарь байсан байна. Улс орноо гурван хэсэг болгож, аравтын тогтолцоонд оруулан захирдаг байсан Хүннүгийн засаг захиргаа, цэргийн хуваарь нь хойч үеийн монгол, түрэг угсааны нүүдэлчин улс түмэнд уламжлагдан үлдсэн юм.

Хүннү улсыг анх байгуулагдах үед эртний Хятадын хүчирхэг эзэнт гүрэн Цинь улс дотоодын зөрчил тэмцэл, нүүдэлчдийн довтолгоон зэргээс нэлээд сулран доройтон мөхөж оронд нь Хан улс гарч ирсэн. Хан улс нь Цин улсаас хамаагүй илүү хүчирхэг улс болон түүхийн тавцнаа товойн гарч иржээ.

Модуны үед (МЭӨ 209–174) Хүннү гүрэн оргилдоо хүрсэн. МЭӨ 200 онд Байдэнгийн тулалдаанд (одоогийн Шаньси) Модун 300 мянга орчим морьт цэрэгтэйгээр Хань улсын хаан Гаоцзуг (Лю Бан) бүслэн, дараа нь энхийн гэрээ байгуулжээ. Үүний дараа хэчин (heqin) бодлого хэрэгжиж, Хань улс Хүннүд гүнж, торго, хоол хүнс, дарс өгч, тэгш эрхтэй харилцаа тогтоосон байна.

Модун шаньюйтай тохиролцсон ёсоор Хятадын Хань улс Хүннүгийн шаньюйд өөрийн эзэн хааны гүнжийг хатан болгож өгөөд үүрд найрамдалтай байх гэрээ байгуулж, жил бүр их хэмжээний мөнгө, торго, бүс бараа, эх хэрэглэгдэхүүнээр алба барьж тогтмол хүргүүлэн байх ёстой болжээ.

НТӨ 198 онд Хан улсын эзэн хаан Модун шаньюйд ихээхэн бэлэг сэлт хүргүүлж, найрамдал, энх ургийн гэрээ байгуулжээ. Тэрхүү гэрээ ёсоор, Хүннү гүрэн, Хан улс хоёр бие биеийг тусгаар тогтнож, биеэ даасан, бүрэн эрхт, эн сацуу хоёр их эзэнт гүрэн мөн хэмээн хүлээн зөвшөөрөөд Хань улсын хаан нь “Урт цагаан хэрмээс хойшхи нум барьсан улс (нүүдэлчид) Шаньюйн цаазыг дагасугай, Урт хэрмээс дотогш дээл малгайт улсыг (Хятадыг) би захирсугай” хэмээн тохиролцож, жил бүр Хүннүд их хэмжээний алт мөнгө, торго дурдан, сүйх тэрэг, гар урлалын бусад нандин бүтээгдэхүүн, тариа будаагаар алба татвар барьж байх үүрэг авчээ. Энэ үүрэг Хан улсын дараа дараагийн эзэн хаадын үед ч уламжлал хэвээр байсан юм.

Модун шаньюй 35 жил Хүннү гүрний төрийг барих зуур түүнийг ихэд өргөтгөн бэхжүүлж, тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүртэл хөгжүүлээд МЭӨ 174 онд нас барсан юм. 174 онд Модунгийн хөвгүүн Гиюй эцгийн орыг залгамжилж, Лаошань цолтой шаньюй болжээ.

НТӨ I зууны дунд үед дотоод болон гадаад хүчин зүйлс, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Хүннүгийн төрд самуун дэгдэж нэгэн зэрэг 5 шаньюй гарч байжээ. Энэ үед Хүннүгийн зарим хэсэг Чжичжи шаньюйн удирдлагаар тусгаар тогтнолоо хамгаалж тэмцсэн бол зарим нь Хуханье шаньюйг дагаж Хань улсад даган орж хараат түшмэг улс болохыг зөвшөөрчээ.

Хүннү гүрэн тухайн үед Хятадын хараат түшмэг улс байсан боловч жинхэнэ Монгол нутгийн үндсэн хэсэг нь Хуханьед захирагдаж, Жунгар, Казахстан, Хягас, Динлин Чжичжи шаньюйн мэдэлд байжээ. Хүннүгийн шаньюйд Ухуань зэрэг урьдын эзлэгдсэн аймаг овгууд арьс үс болон бөс даавуугаар алба барьдаг хэвээр байв.

НТ 9-25 онд Хань улсын төрийн эрхийг булаасан Ван Маны үед хүннүчүүд дахин тусгаар тогтнолоо сэргээж Хятадтай эн зэрэгцэн харилцах болжээ. НТ 49 онд Хүннүгийн дотоодод үүссэн самууны улмаас гал голомтоо сахисан Умард ба Хятадад дагаж орсон Өмнөд гэсэн хоёр хэсэг болон бутарсан байна. НТ 93 онд Умард Хүннүгийн сүүлчийн шаньюй Юйчжүгянь Хятадтай найрамдаж гэрээ байгуулахыг хүссэнд Хан улс зөвшөөрөх дүр үзүүлж байгаад 93 онд түүнийг мэхлэн барьж алж, түүнтэй хамт байсан цөөн хэдэн Хүннү цэргийг хяджээ. Юйчжүгянь шаньюй бол Модун шаньюйн овгоос гарсан Умард Хүннүгийн сүүлчийн шаньюй байсан бөгөөд түүнтэй хамт Умард Хүннү улс эцэс болжээ.

Үүний дараа эх нутагтаа 100 мянган өрх буюу 5-6 зуун мянган Умард Хүннү нар үлдээд бусад 100 мянга хүн баруун тийш нүүдлэн оджээ. Баруун тийш нүүдэлсэн Хүннү нар евразийн өргөн уудам нутгаар тархан гээгдэн үлдэж суурьшсаар одоогийн Унгар дахь Паннонийн хээр талд очиж суусан байна.

Эдгээр Хүннү нар өөрсдийн улсаа байгуулан Хүнн хэмээн нэрлэж Атилла хааны үед хүчирхэг болж бусад аймаг, овгуудыг эзэлж, Визант гүрнээр алба бариулж, Ромын эзэнт улстай нэгэн үе ана мана өрсөлдөн байжээ. Гэсэн ч 451 онд Каталауны тал хэмээх газар Ром, Герман, Франц зэрэг олон янзын улс угсаатны нэгдмэл хүчинд цохигдоод 453 онд Атилла хааны нас барсны дараа Хүнн нарын төр улсын бүрдэл бутран сарнисан байна. Умард Хүннү үгүй болсны дараа Хан улсын мэдэлд байсан өмнөд Хүннү нар нэг хэсэг  өөрсдийн улсыг байгуулан тусгаар тогтнох замыг эрэлхийлж байжээ. Ингээд өмнөд Хүннүгийн сүүлчийн шаньюй Шихү 349 онд нас барснаар тус улс мөхжээ.

Гэсэн ч Ордост байсан Хэлянь Бобо тэргүүтэй Өмнөд Хүннү нар 407 онд Ся улс хэмээх бас нэгэн тусгаар улс байгуулсан нь 431 он болтол, 400 онд Мэн Сүн хэмээх Хүннү хүн өөрийн нөхдийн хамт цэрэглэн хөдөлж, одоогийн Хятадын Ганьсу мужийн байгаа газар нутгийг эзлэн авч, Шар мөрний баруун талд Хэси хэмээх улсыг байгуулсан нь 460 он хүртэл, Шинжааны Долоон усанд “Хүчин мөхөс Хүннү” нарын байгуулсан Юэбань улс 488 он хүртэл тус тус оршин тоггнож байжээ.

Хүннүгийн аж ахуй, эдийн засгийн гол салбар нь нүүдлийн мал аж ахуй байсан ба адуу, хонь, ямаа, үхэр, тэмээ таван хошуу мал маллаж нүүдэллэх амьдрал зонхилж байжээ. Хүннүгийн мал аж ахуйг судлаачид сонгодог хэлбэрийн нүүдлийн мал аж ахуй гэж тодорхойлдог. Мал аж ахуй түүн дотроо адууг хамгийн өндөрт авч үздэг байв. Учир нь хүннү гүрний цэрэг бол морин цэрэг. Морин цэргээ төрөлжсөн арми буюу өнгө зүсээр нь ангилдаг  байсан нь цэргийн тактикийн нэг хэсэг болжээ.

Хүннүгийн эдийн засагт ан агнуур мал ахуйн дараа орох чухал салбар байжээ. Хүннү нар зээр гөрөөснөөс эхлэн хандгай, буга, үнэг, чоно, гахай, баавгай зэрэг олон янзын ан гөрөөс агнадаг байжээ.

Хүннүчүүд малын мах, сүү цагаан идээгээр голлон амьдарч малын арьс шир, ноос ноолуур, ангийн үслэгээр хувцас хунар хийдэг байв. Орон сууц нь нэгэнт жирийн овоохой биш, модон хана, туурга, тооно бүхий жинхэнэ гэр байжээ.

Хүннүчүүд мал аж ахуйг голлон эрхлэхийн зэрэгцээ бага зэрэг газар тариалан эрхэлж, гар урлалыг хөгжүүлж байсныг Монгол ба Буриадын нутагт хийсэн хот суурингийн судалгаа нотолно. Бас Хүннү гүрний шаньюйд Хан улсын өгсөн гүнжүүд тэднийг бараа болон дагаж тайган түшмэд, зарц, үйлчлэгч, гэрийн боол, шивэгчин, түүнчлэн зарим ойр төрлийн хамаатан садан гэх мэт нэлээд хятад хүмүүс ирж байсан нь өөрсдийн хэрэглэх тариа будаа, ногоо зэргийг Хан улсаас бэлэг сэлтийн журмаар авахаас гадна бас дүрвэж ирсэн хятадуудаараа тариулж авдаг байжээ.

Нүүдэлчид эрт дээр үеэс хятадын эдийн соёлын баялгийг хүртэхдээ няхуур бодлоготой хандаж эдийн засгийн гачигдлаа тайлахдаа өөрийн тусгаар тогтнолоо аль болох хөндөхгүй байхыг эрмэлзэж байжээ. Нүүдэлчдийн цэрэг улс төрийн давамгай байдал нь чухамхүү улс төр түүн дотроо эдийн засгийн бие даасан байдлыг хангах найдвартай нөхцөлийг бүрдүүлж өгч байв.

Хүннүгийн урлаг тухайн үеийн тал нутгийн урлагийн үндсэн хэлбэр амьтны загварт урлагт үндэслэгдсэн байжээ. Гэхдээ Хүннүгийн өвөрмөц соёлыг харуулсан бие даасан амьтны загварт урлагийн төрөл болно. Ноён уулын ширдэг Хүннүгийн дүрслэх урлагийн сонгодог жишээнд тооцогддог. Хүннүд уртын дуу үүссэн тухай домог байдаг нь монголчуудтай холбогдох нэг шижим болдог. Хүннүгийн булшнаас гарсан хэл хуур, бичгийн сурвалжид тэмдэглэгдсэн бишгүүр цуур зэрэг хөгжмийн зэмсэг тэдний хөгжмийн соёлын талаар мэдээлэл өгдөг. Хүннү нар буддын шашинтай байсан байх магадлалтай хэмээн үздэг. Харин Хүннүгийн шаньюй өглөө наранд өдөр тэнгэрт, үдэш саранд мөргөдөг байсан гэдэг. Тухайн үед тэнгэр шүтлэг Хүннүгийн төрийн шашин болж байв.

Ши Жи-гийн Хүннүуёсын тэмдэглэлийн тайлбарт Цүэй-Хао хэмээх “баруун талын нүудэлчин аймаг цөмөөр лууг шүтнэ. Иймээс тахилга явуулдаг газрынхаа нэрийг луу хот гэж нэрлэсэн” гэж тайлбар бичжээ. Мөн хойд Хань улсын бичгэнд “Хүннү улс 3 луут сүмд тахилга явуулдаг байсан” гэх мэтээр бичжээ. Хань улсын хаан У-ди-гийн үед Хүннү улсын довтолгооныг бут цохиж, Хүннү улс нь хоёр тасарч зарим хэсэг нь баруун тийш нүүдэллэн зарим хэсэг нь Хятадад дагаар орсон. Энэ үед Хүннү улсаас маш олон хүмүүс олзлогдсоны дотор удган бөө нар их байсан гэж Хань улсын туүхэнд тэмдэглэжээ.

Хүннүчүүд нүүдэлчдийн дотроос анх удаа цэрэг-засаг захиргааны зохион байгуулалтын гурвалсан бүтэц, аравтын системийг бий болгосон. Улсаа гурван гар болгон хуваах цэрэг засаг захиргааны бүтэц нь хожмын монголчуудад хүртэл уламжлагджээ. Мөн цэргийн болон захиргааны аравтын систем нь нийт нүүдэлчдийн хувьд түгээмэл хэрэглэгдэж ирсэн сонгодог бүтэц юм. Хүннүгийн нийгэм нь овог аймаг, тэдгээрийн хоорондын худ ургийн харилцааг чухалчилдаг боловч нарийн давхраажсан бүтэцтэй хөгжингүй нийгэм байжээ.

Эрх баригч шаньюйн ураг яс ба тэдэнтэй худ ургийн холбоотой язгууртан аймгууд Хүннүгийн төрийн цөм болох бөгөөд энэ бүтцэд нэгдэн орсон гарал угсаа хэл яриа төстэй аймгууд Хүннү гүрний үндсэн хүн ам болдог. Мөн байлдан дагуулсан болон сайн дураараа нэгдсэн олон хэл аялгуутай нүүдэлчин овог аймгууд Хүннү гүрний бүрэлдэхүүнд заримдаа багтаж, заримдаа тасарч иржээ.

Нийгмийн байгууллын хувьд Хүннү нарын дунд төр ёс, засаг захиргаа, сурвалжит язгууртан, ноёд, түшмэд, жанжин нар ноёлон зонхилж байсан боловч овог аймгийн байгуулал, овог аймгуудын ахлагч, зонхилогч нар ихээхэн хүч нөлөөтэй хэвээр үлдсэн байв. Шаньюй хаан, түүний зарлиг тушаап нь хууль мэт хүчтэйн дээр төрийн заргачтай байсан ч гэсэн төрийн албан ёсны нэгдмэл, жигдэрсэн хууль цааз байсангүй, овог аймгийн байгууллын үеийн ердийн хууль хүчтэй хэвээр үлдсэн байв.

Хүннү өөрийн улс орныг хамгаалахын тулд хүчирхэг цэргийг байгуулсан байна. Хүннүгийн цэрэг дан морьт цэргээс бүрэлдэж байсан бөгөөд цэргийн бүтэц зохион байгуулалт, урлаг зэвсэглэл нь дараа дараагийн улсуудад өвлөгдөн иржээ.

Хүннүгийн цэргийн зэвсэглэлийн төрлийг эртний хятадын түүхийн сурвалжийн мэдээ, эртний судлалын баримтад тулгуурлан судлаад 10 гаруй төрөл хэмээн тодорхойлсон байна. Нангиад түүхийн эртний чухал сурвалжийн нэг болох “Ши цзи”-д ( Хүннүгийн ) ”нум сум харваж чаддаг бүхэн нь хуягт морьт цэрэг болдог…Тэдний урт зэвсэг нь нум сум, богино нь илд, жад”, “Хүннү нар нум сумаа гайхамшигтай эзэмшсэн морьт цэрэгтэй” гэсэн байдаг. Хүннүгийн зэр зэвсгийг эртний монгол уламжлалын дагуу ангилваас “Байлдах зэвсэг”, “Байлдааны хэрэгсэл” гэсэн үндсэн хоёр хэсэгт хувааж болно.

Байлдах зэвсгийг  байлдаанд хэрэглэх зориулалтаар нь “Хатгалдах” зэвсэг, “Хориглолтын зэвсэг” гэж хоёр хуваах бөгөөд давшиж урагшлах, хатгаж дэлдэх, тэсэлж дэлбэлэх зэрэг хөдөлгөөний идэвхтэй хэлбэрийг шаарддаг зэвсгийг “Хатгалдах зэвсэг” гэнэ. Харин давшилтыг сөрөх, идэвхтэй бус үйлчилгээ шаардах зэвсгийг “Хориглолтын зэвсэг” гэнэ.

Хүннүгийн ан агнуурын хийгээд байлдааны гол зэвсэг нь нум сум байлаа. Судлаач Ю.С. Худяков “Хүннүгийн зүймэл нумнууд нь дундад зууны үеийн гар харвуур зэвсгийн цаашдын бүхий л хувьсал хөгжлийн үндэс суурь болж өгсөн юм” гэж дүгнэсэн байдаг. Хүннү нум 65-80 см эвшээлттэй 4-5 хөвчийн хүчтэй буюу 20-25 кг хүчээр татах нум байжээ. Хүннү сумнаас дуут сум нэлээд онцлог ба Дуут сумаар харвах үед исгэрэн шуугих их чимээ гарч, дайсныг сүрдүүлэх, анхаарлыг нь сарниулах нөлөө үзүүлдэг байжээ.

Хүннү цэргийн охор зэвсэг нь байлдан тулалдах явцад гараас салгалгүйгээр хатгалдан цавчилдах зориулалттай  илд, жад, хутга, шийдэм, сүх  зэргээс иж бүрдэл болдог байжээ. Сурвалжийн мэдээ, археологийн олдвороос харахад Хүннү илд бүтэц хийцийн хувьд уран чамин байснаараа онцлог байна.

Богино шулуун илд НТӨ III зууны үед буюу Хүннүгийн үед ихэд дэлгэрсэн  байсан бөгөөд морьт болон явган цэргийн хамгийн түгээмэл хэрэглэдэг зэвсгийн нэг байсан боловч Хүннүгийн үеийн булш, суурингаас төдийлөн элбэг олддоггүй нь ихээхэн хүч хөдөлмөр зарцуулж байж   боловсруулдаг төмрөөр хийсэн илд мэт их төмөр ордог зэвсгийг тэр бүр оршуулгын зан үйлд хэргэлдэггүй байсантай холбоотой байж болох юм гэж судлаачид үздэг.

Эртний нүүдэлчдийн байлдаан тулааныг агт морьгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд Хүннү цэргийн байлдааны гол хэрэгсэл нь агт морь байв. Нүүдэлчдийн хувьд агт морь нь байлдааны чухал хэрэгсэл болохоос гадна ан гөрөө, отор нүүдэл хийх зэрэг өдөр тутмын аж амьдралынх нь салшгүй байнгын хэрэгцээт зүйлийн нэг болсоор иржээ.

Хятадууд нүүдэлчдээс худалдаа арилжааны болон дайн байлдааны замаар адууг олж авч байсан ба тэд талын морьдын шандас шөрмөс сайтайг мэдэх болсны хувьд аль болох ахиухан адуу авахыг эрмэлздэг, Хүннү, Давань зэрэг орноос адуу мал авахын төлөө тусгай бодлого хүртэл боловсруулж байжээ.

Гэвч Хятадад угаас адуу мал ховор, морьт цэргийн тулааны тактик эзэмшээгүйн улмаас нүүдэлчидтэй тулалдах үед тэдний морьт цэрэгт бут цохиулах нь олонтаа байв.

Тиймээс хүннү цэргийн зэр зэвсэг хүчин чадлын хувьд тухайн цагтаа дэлхий дахинаа гайхагдаж, тэр ч байтугай хүчин буурч сарнин бутарсан үедээ өрнө зүг дайжин одсон хэсэг нь ч Евроазид цэрэг зэвсгийн хүчээр ноёрхлоо тогтоож чадсан билээ. Үүний нэг нь Европт тэнгэрийн ташуур гэж алдаршсан Атилла хаан юм.

Хүннүчүүд тухайн үедээ 60 мянга цэрэгтэй байсан ба нум сум татаж чадах 13 наснаас дээших 220-240 мянга орчим эрчүүдтэй байжээ. Тэр цагт Модуны мэдэлд НТӨ 207 оны төгсгөл гэхэд нийт 620-640 орчим мянган хүн амтай нүүдэлчид байж, ойролцоогоор 124-128 мянган орчим цэрэг жагсаах боломжтой болжээ. Хүннү гүрэн тухайн үедээ 720 мянга орчим хүн амтай байжээ.

Дашрамд өгүүлэхэд, Хүннү-Дунхугийн цэргийн нийт тоог багцаалсан тооцоо маань Их Монгол улсын эхэн үеийн нийт цэргийн тоотой тун ойролцоо гарсан сонирхол татаж байна. Ер нь бол түүхэн бүх үеийн туршид шахуу Төв Ази, Монгол орноор нутаглагч нүүдэлчдийн төр улсын цэргийн дайчилгааны дээд боломж нь энэ хавьцаа тоо байдгийг сануулъя. Зарим сурвалжид өгүүлдэгчлэн Хүннү, Табгач, Жужан, Түрэг зэрэг улсын үед 3-4 зуун мянган цэрэг дайчилж байсан түүх бараг байхгүй, энэ бол тун их хэтрүүлсэн тоо юм.

Хүннү гүрэн нь Монголын төрт ёсны эхлэл, нүүдэлчдийн соёл иргэншлийн хөгжил, Евразийн улс төрийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан дэлхийн хэмжээний анхны нүүдэлчдийн эзэнт гүрэн байсан юм. Түүний өв уламжлал нь хожмын Монголын эзэнт гүрэн зэрэг олон улсын хөгжилд чухал нөлөө үзүүлж, өнөөдөр ч Монголын түүх, үндэсний бахархлын салшгүй хэсэг хэвээр байна.

 

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1.    Доржсүрэн Ц. Хойд хүннүгийн булш (1956) – Ц.Доржсүрэн. Археологийн судалгаа. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл. Эмхтгэсэн Г.Дашням, Ч.Амартүвшин. УБ., 2003

2.    Батсүрэн Б. Төв Азийн нүүдлийн мал аж ахуйн түүхийн зарим асуудалд – Евроазийн нүүдлийн мал аж ахуй. Эмхэтгэсэн С.Чулуун, Хурц, А.Борисов, Ока Хироки. Сэндай, 2016

3.    Монголын эртний түүх. Тэргүүн боть. Хүннү. УБ., 2017

4.    Г.Сүхбаатар. Монголчуудын эртний өвөг. УБ., 1980,

5.    Ма Чаншоу. Умард ди ба Хүннү. Бээжин, 1962

6.    П.Дэлгэржаргал, З.Батсайхан “Хүннүгийн хил хязгаар, нутаг дэвсгэр (МЭӨ 176-128 оны үеэр)”  “Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology”, Vol. 8, № 1 (403): 9-15 (2015)

7.    Б.Батсүрэн. “Хүннүгийн хүн амын тооны тухай” Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, Vol. 6, № 1 (365): 19-26 (2010)

8.    Батсайхан З. Хүннү. УБ.2003 он

9.    Хань шу/ Dubs, Vol. I, p. 115-116; Ши цзи/Вяткин, Том VIII

10. Худяков Ю.С. “Вооружение средневековых кочевников Южной Сибири и Центральной Азии”. Новосибирск. Наука. 1986.

11. Руденко С. И. Культура Хуннов и Ноинулинские курганы. М-Л., 1962.

12. Д.Батаа “Эртний Монголын төр, шашны харилцааны түүхээс” Олон улс судлал сэтгүүл.

13. Шинжлэх ухааны академи, Түүхийн хүрээлэн. “Монгол Улсын түүх” тэргүүн боть. Нэн эртнээс XIII зууны дунд үе. УБ.2004 он

14. Гумилев Л.Н. Хунну. М., 1960.

15. Крадин Н.Н. Хүннү эзэнт улс. Орос хэлнээс орчуулсан Н.Ганбат. УБ., 2012.

16. Монгол улсын түүх. Тэргүүн боть. УБ., 2004.

17. Сүхбаатар Г. Монголчуудын эртний өвөг. УБ., 1980.

18. Хүннүгийн толь бичиг. Эрхлэн нийтлүүлсэн Ц.Төрбат. УБ., 2011.

19. Хүннүгийн түүх соёл. Ред. Ж.Болдбаатар, П.Дэлгэржаргал. УБ., 2011.

 

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *