“МОНГОЛЫН АЛТАН ОРДНЫ УЛСЫН ЦЭРГИЙН ТҮҮХ”
§ 4. ГАДААД ХАРИЛЦАА, УЛС ТӨРИЙН БОДЛОГО
Алтан ордны улс нь бусад улс оронтой харилцах дипломат ажиллагаандаа ихээхэн анхаарал хандуулж ирсэн нь оршин тогтнохын нэг эх үндэс нь болж байв.
Тус улс Монголын эзэнт гүрний өрнө (баруун жигүүр) зүгийн хязгаар нутаг агаад Эл хант, Цагаадайн улсаас гадна Оросын вант улсууд, Византи, Мажар, Польш, Литва зэрэг томоохон улс оронтой хаяа нийлэн оршиж байсан нь геополитикийн өвөрмөц нөхцөлийг бүрдүүлж байв. Мөн тухайн бүс нутагт исламын болон загалмайн шашны зөрчил хурцадмал хэлбэртэй байсан нь шинэ тулгар улсад учирч болзошгүй аюул заналыг нэмэгдүүлж байлаа.
Алтан ордны улсад заналхийлж байсан аюулыг ерөнхийд нь:
Нэгд: Эзэнт гүрний дотоод дахь аюул занал;
Хоёрт: Гадаад аюул занал гэж ангилж болно.
Үүнтэй уялдаатайгаар Алтан ордны улсын төр, цэргийн бодлогыг мөн дотоод, гадаад хоёр хүрээнд авч үзлээ.
Гүрний дотоод дахь тэмцэл
Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсын хувьд Алтан ордны улс нэг талаас, “Голын улс” буюу төвөөсөө ихээхэн хамааралтай, нөгөө талаас эсрэгээрээ, “Голын улс”-даа ч ихээхэн нөлөөтэй байв. Гэхдээ статусын хувьд автономит эрхтэй байсан гэж үзэх нь ч бий. Ер нь Алтан ордны болон бусад бүрэлдэхүүн улсууд ч эзэнт гүрнийхээ төвтэй нягт холбоотой байж их хааны захиа зарлигийг цаг тухайд нь биелүүлж байсан юм. Тухайлбал Бат хан европын элч төлөөлөгч нар болох Плано Карпини, Вильгелм де Рубрук нарыг хүлээн авч байсан хэдий ч тэдний хүсэлтийг шийдэх эрхгүй гэдгээ танилцуулан Монголын их хаан Гүюг, Мөнх нар руу илгээж байсан нь өөрийн дээд эзэн хааныг хүлээн зөвшөөрч байсны илрэл юм. Бат ханы дараа Сартаг, Улагчи, Бэрх нарын бүрэн эрхийг Мөнх хаан баталгаажуулж байсан юм.
Монголын эзэнт гүрэн байгуулагдсан эхэн үед Алтан ордны улс орших, эс орших нь гагцхүү Эзэнт гүрний их хааны зарлиг, шийдвэрээс хамаарах асуудал байв. Тэгээд ч Алтан ордны улсын хан ширээг залгамжлан авсан Батад анх тулгарсан ноцтой аюул нь кибчаг, булгар, орос, польш, герман, литва зэрэг харь улсуудын зүгээс бус, харин гүрний дотоодоос, тухайлбал Гүюг хааны зүгээс цэрэглэн халдах аюул байжээ. Харин Бат ханыг дайлахаар мордсон Гүюг хаан зам зуураа насан өөд болсон нь эзэнт гүрний дотоодод юу юугүй дэгдэх гэж байсан тэр удаагийн, болзошгүй аюумшигт их самуун, дайн дажны галыг золоор бөхөөсөн хэрэг байв.
Түүнээс хойш Бат хан тухайн үед алтан ургийнхны дунд ахмад нь болсон байсан агаад нэр хүнд, байр сууриар ч нэр нөлөөтэй хүн болсны хувьд дахин тийм аюул тулгарахаас сэргийлэн, гүрний их хааны сэнтийд Өгэдэй, Цагаадайн удмынхнаас бус, харин Толуйн удмын Мөнхийг залахаар шийдвэрлэж, ихээхэн хүчин чармайлт гаргаж байж санасандаа хүрсэн байна.
Тиймээс Бат хан, түүнийг залгамжлагчдын үеийн төр, цэргийн бодлогын гол шугам нь гүрний дотоодоос учирч болзошгүй аюул заналыг зайлуулахад чиглэгдэж байжээ. Тэгээд ч шууд хил залгаж асан Эл хант улсын хан, ноёдтой зөрчилтэй байсан нь чухамхүү тэр чиглэлд цэргийн аюулгүй байдлыг хангах бодлогын голыг хандуулахыг шаардаж байжээ.
Анх 1255 оноос баруун зүгт Багдадын халифтай хийсэн дайнд Монголын их хааны зарлиг ёсоор Алтан ордны улс цэрэг, зэвсгийн хүчээр тусалж байжээ. Гэвч энэ найрсаг харилцаа удаан үргэлжлээгүйгээр үл барам зөрчил маргаан нь даамжирч дайны хэмжээнд хүртэл өргөжсөн юм. Энэ нь Монголын эзэнт гүрний дотоодод, алтан ургийн удмынхны дотор гарч эхэлсэн хан суудлын төлөөх тэмцэл сөргөлдөөнөөс эхтэйгээс гадна төр барьж байсан үе, үеийн хангуудын хувийн харьцаа, шашин шүтлэг, баримталж байсан бодлого, гадна, дотны улс төрийн хүчнүүдийн нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлээс хамааран цаг үе бүхэнд өөр өөрөөр хувисч ирсэнтэй холбоотой байлаа.
“Сайн хан” хэмээн алдаршсан Бат ханы ухаалаг бодлогын ачаар эзэнт гүрний Голын улс, Эл хант болон Цагаадайн улстай цэрэг-улс төрийн харилцаа нэгэн үе хэвийн байсан билээ. Алтан ордны улсаас дайчлагдсан кибчаг, орос, асуд зэрэг улс үндэстний олон мянгатууд Юань улсад алба хашиж, Сүн улстай болон бусад улстай хийж байсан дайн байлдаануудад идэвхтэй оролцон, цэрэг зэвсгийн бусад туслалцааг харилцан үзүүлж байжээ.
Алтан ордны улсаас Юань улс руу жил бүр элч төлөөлөгч илгээдэг, их хаантан ч Эл хант, Цагаадайн болон Алтан ордны улс руу тогтмол элч зарж, бодлого шийдвэрээ уялдуулан зохицуулдаг байж. Энэ үед Юань болон бусад хант улсуудын хооронд нийт хоёр зуу гаруй удаа элч солилцсон хэмээн “Юань улсын судар”-т тэмдэглэсэн байна. Энэ мэт олон баримт нь “Голын улс” болон Алтан ордны улсын цэргийн харилцаа нэлээд өндөр түвшинд байсныг харуулж буй нотолгоо гэж болно. Зүчийн “Алтан ордны” улс хэдийгээр бие даасан онцгой эрх дархтай гэж болохоор байсан ч Хубилайн Юань гүрэнтэй харилцаатай хэвээр байж энэ харилцаа нь 1359 он буюу Бердибек ханы үе хүртэл үргэлжилж байсан юм. Бат хан, Узбек, Жанибек хангууд Юань гүрний гуравдугаар зэргийн дэс түшмэлийн зэрэгтэй байж Хятадын гурван ч мужаас албан татвар авах онцгой эрхтэй байжээ.
Мөн Эл хант болон Цагаадайн улстай ч хэвийн харилцаатай байж, тэдний зүгээс явуулж байсан дайн байлдааны ажиллагаанд ч цэргийн хүчээр тусламж дэмжлэг үзүүлдэг байжээ. Гэвч Бэрх (1257-1266) ханы үеэс Эл хант болон Алтан ордны улсын хоорондын зөрчил тэмцэл илт хурцдаж эхэлжээ. Түүнд дараах хүчин зүйлүүд нөлөөлжээ. Үүнд:
1. Эзэнт гүрний Их хааны суудлын төлөөх Аригбөх, Хубилай хоёрын хооронд болсон тэмцэл онцгой нөлөө үзүүлсэн байна.
Эл хан Хүлэгү Монголын хаан ширээнд Хубилайг өргөмжлөх талыг баримталж, харин Бэрх хан Аригбөхийг дэмжиж байжээ. Тиймээс “дайсны минь анд нөхөд бол миний ч дайсан” гэдэг үүднээс Бэрх хан дайсагнах болжээ.
Хубилайг эсэргүүцсэн Хайду, Наян нарын бослого тэмцлийн үед Хубилай хаан хүү Номхоныг Зүчийн болон Цагаадайн улс руу илгээж харилцаж байсан ба Хайдуг Юань улсад довтолбол цэрэг гаргаж Хубилайд туслахыг Алтан ордны улсын Мөнх-Төмөр хан зөвшөөрч байв.
Гэвч удалгүй Зүчийн болон Цагаадайн улсын ноёд Хубилайтай байгуулсан хэлэлцээрээсээ ухарч Хайдугийн талд оржээ. Энэ үйл явдал тухайн үед Зүчийн “Алтан ордны” улс харьцангуй бие даасан бодлого явуулж эхэлсэн байсан ба хан ноёд нь Монголын их хаан зөвхөн Монгол нутагтаа их хааны суудалд суух ёстой гэсэн байр суурь баримтлах болсны илрэл байлаа.
Тэр ч байтугай 1269 онд Зүчи, Цагаадай, Өгэдэйн улсын ноёд Талас мөрний хөвөөнд цугларан хурилдай хийж, бие биенээ туурга тусгаар хангууд гэж хүлээн зөвшөөрч, Хубилай хаан тэдний хэн нэгний эрх ашигт халдахыг санаархвал хамтран цэрэглэн хөдлөх тухай аюултай ч гэмээр гэрээ байгуулсан ба түүхийн цаашдын өрнөлөөс харахад чухам энэ үйл явдлаар Монголын эзэнт гүрэн бие даасан хэд хэдэн улс болон задрах эхлэл тавигдсан гэж үзэх үндэстэй юм. Ийнхүү Хубилай, Аригбөх хоёрын тэмцэл нь Бэрх, Хүлэгү хан нарын зөрчлийг хурцатгахад ихээхэн түлхэц болсон байна;
2. Газар нутгийн маргаан.
Чингис хааны үед Зэв, Сүбээдэйн цэрэг кибчагуудтай байлдан Кавказыг анх давсан аян дайнаас эхлэн Кавказ болон тэр хавийн нутаг нь бэлчээр ус сайтай, адуу малд нөмөр нөөлөгтэй учир өвөлжихөд нэн таатай. Мөн Муганы тал нь цэрэг дайн, худалдаа наймааны стратегийн чухал ач холбогдолтой газар нутаг бөгөөд өрнө, дорнын худалдааны зам ч энэ бүс нутгаар дайрч гардаг байв.
Тухайн үед Монгол гүрний хамгийн өрнөд хэсэг нь Алтан ордны улс болж байсан тул дээрх бүс нутаг ч түүний эрхшээх газарт зүй ёсоор хамрагдаж байв. Тэгээд ч Мөнх хаан анх Бат ханд соёрхол болгож өөрийнх нь хүсэж байсан Тебриз, Мерагу, Хаманданы бүс нутгийг өгөхийг зөвшөөрсөн байдаг. Энэ нь Хүлэгүд таалагдаагүй ба тэрээр өөрийн улсын нийслэлээр Тебризийг сонгон, Кавказыг бэхлэн хамгаалах үүднээс Азербайжан болон Арраны дунд байрлах болжээ. Тэгснээр Эл хант болон Алтан ордны улсын хил Дербентээр зааглагдах болсон байна. Ийнхүү Хүлэгү Кавказын уулсын өмнөд нутгийг эзлэн авсан нь хоёр улсын хоорондох зөрчилдөөнийг гааруулах бас нэг шалтаг болжээ. Мөн хоёр талын улсын хилийг анхнаас нь тодорхой зааж зааглаж өгөөгүйгээс болж зөрчил гарах үндэс болсон. Энэ нь Азербайжаны нутаг дэвсгэр юм.
3. Өш хонзон, аллага хядлага.
Мөнх хаан анх Багдадыг эзлэх аян дайнд өрх гэр бүрийн арван хүн тутмаас хоёр цэрэг гаргаж Хүлэгүд өгөхийг Монголын эзэнт гүрний бүх улсад даалгажээ. Энэ зарлиг ёсоор Зүчийн удмаас Ордагийн хүү Кули, Шибаны хүү Балаган, Минг-Кудурын хүү Тутар, Бувалын ач хүү, Ногайн үеэл нар ч аян дайнд морджээ. Гэтэл Хүлэгү хан тэдгээр гурван хөвгүүнийг хилс хэрэгт татан цаазалсан нь хоёр улсын харилцааг эрс хурцатгаж дайн хийхэд хүргэжээ. Хожим Ногай Эл хангуудын эсрэг Мөнх-Төмөр ханы үед өс санаж ханы шийдвэргүй бие даан байлдааны үйл ажиллагаа явуулж байсан нь ч үүнтэй холбоотой юм.
Мөн Бэрх, Хүлэгү нар хоёул харилцан аль аль талаасаа очсон элч нарыг хүлээн авахаас татгалзах юм уу, эсвэл өчүүхэн жижигхэн шалтаг олж цаазлан хороох зэргээр сөргөцөлдөх үйлдэл хийж байсан нь томоохон асуудал үүсгэж байв. Бэрх хан өөрийн цэргүүдийг Алтан ордны улс руугаа буцаж ирж чадахгүй нөхцөлд Египетийн мамлюкуудын нутаг руу зугатан одохыг тушааж байсан бөгөөд хижрийн 660 онд буюу 1261-1262 онд Алтан ордны улсын анхны дайчид Египетэд хүрэлцэн очжээ. Энэ нь мөн л үл итгэлцэл төрүүлсэн хардлагыг дээд цэгт нь хүргэсэн үйлдэл болсон ба анхнаасаа л Бэрхийн цэргүүд мамлюкуудтай холбоотой мэт харагдсан үйлдэл болсон юм;
4. Шашны хүчин зүйл.
Бэрх хан исламын шашинд гүн гүнзгий орсон алтан ургийн доторх Монголын анхны хан байв. Бэрхийн эх бол ислам шашинт хүн байжээ. Бэрхийн эх Хан-Султан нь Хорезм шахын том охин бөгөөд цуут Желал ад Дины эгч байжээ. Чингис хаан Хорезмын хаант улсыг байлдан дагуулах үедээ уг охиныг олзлон Зүчид хатан болгон өгсөн байна. Султан хатан Зүчийн гэргий болоод түүнд Бэрх, Бэрхчэр, Бүри гэсэн 3 хөвгүүн төрүүлж өгчээ. Гэтэл Хүлэгү ханы эх Сорхугтани Бэхи хатан христийн (нестор) шашинтай байсан нь түүнийг исламын эсрэг дайтах үндэс болсон байх талтай. Хүлэгү хан дан исламынхныг, тухайлбал өмнөд Ираны Лурууд, Хаш шашин бүлгийг устгах, Багдадад төвлөрсөн Аббасидхалифат, Дамаскад төвлөрсөн Сирийн Айюбид улсыг дагаар оруулах аян дайн хийж, Египетийн Мамлюкийн султант улстай дайтаж байв. Ийнхүү аль ч шашныг үл ялгаварлах монгол уламжлал алдагдаж, улсын хан нь гагц нэг л шашныг туйлшран шүтэх болсон нь хоёр улсын хооронд эвлэршгүй ан цав үүсгэх үндэс суурь болжээ.
Оросын түүхч А.Б. Малышев мөн хоёр улсын харилцаанд гарсан ан цавын талаар дараах сонирхолтой шалтгааныг тодорхойлжээ. Үүнд:
1. Ираныг байлдан дагуулах үйл ажиллагаанд цэргийн тусламж үзүүлсны хариуд Алтан ордны улс хойд Иран, Азербайжаныг шагнал болгон нэхсэн;
2. Алтан ордны хан хөвгүүдийг тодорхойгүй, үл ялиг шалтгаанаар цаазалсан;
3. Бэрх хантай шашин шүтлэг нэгтэй Ираны исламын шашинт сүүлчийн Аббасид халиф Мустасимийг цаазалсан явдал.
Энэ мэт зөрчил сөргөлдөөн даамжирснаар хоёр улс тасралтгүй шахам дайтах үүдийг нээж, хоёр тал 1262-1359 оны хоорондох 100 гаруй жилийн хугацаанд баримт сурвалжаар нотлогдож буйгаар нийтдээ 30 гаруй удаагийн том, жижиг дайн, тулалдааныг хийж байжээ. Нийт дайн тулалдааны 60 гаруй хувьд нь Эл хант улс ялсан бол Алтан ордны улс 30 гаруй хувьд нь ялагдаж байжээ. Гэхдээ доорх графикт ихэнх жижиг тулалдааныг оруулаагүй болно.

Алтан ордны улс болон Эл хант улсын хоорондын дайны ялалт ялагдлын харьцаа
Хоёр талын дайны талаар Бэрх хан “Аллах бурхан Хүлэгү-г шийтгэх болтугай! Хүлэгү монголчуудыг монголчуудын эсрэг тэмцэлдүүлж байна. Хэрэв зээ бид ямагт нэгэн санаатай байсан бол дэлхийг бүхэлд нь эрхшээлдээ оруулж чадахсан” гэж хэлж байжээ. Арабын түүхч Ибн Касир энэ тухай бичихдээ: “Монголчууд нэг нэгнийгээ хөнөөж буйг харахад надад маш эмгэнэлтэй байна. Гэвч Чингис хааны их засаг хуулийг зөрчиж буй хүмүүсийн эсрэг өөр юу хэрэглэх билээ дээ” хэмээн тэмдэглэж үлдээжээ.
Алтан ордны улс бүх шашин шүтлэгийг хүлээн зөвшөөрч байсан бол Эл хант улс исламын шашинг үгүйсгэх тал ажиглагдаж христийн шашинг дэмжих хандлагатай байсан. Исламын шашин шүтдэг Алтан ордны зарим ханд, ялангуяа Бэрх ханд энэ үйл ажиллагаа нь огтоос таалагдаагүй юм. Бэрх хан ч гэсэн Хүлэгү ханаас бэлэг хүргэж ирсэн элчийг хүлээн авахаас татгалзан цаазлан хороож байсан байна.
Гэхдээ хоёр улсын харилцаа мөнхөд дайсагнасан хэвээр байгаагүй бөгөөд найрамдалтай, эерэг харьцаатай байсан үе ч бас бий.
Алтан ордны улс Эл хант улсын харилцаанд үндсэн эерэг өөрчлөлт гарсан нь Мөнх-Төмөр (1266-1282) ханы төр, цэргийн бодлого, үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тэрээр Монголын эзэнт гүрний Хубилай хааны шахалт, ятгалгаар Эл хан Абагатай урт удаан хугацааны найрамдлын гэрээг хижрийн 668 он буюу 1269-1270 онд байгуулж харилцан буулт хийжээ. Мөн Эл хант улсын эсрэг хамтран дайн хийх гэсэн Египет мамлюкуудын саналаас татгалзаж төвийг сахих бодлого барьж найрамдлын гэрээ байгуулъя гэсэн Византийн эзэнт гүрэнд ч тодорхой хариу өгөөгүй ажээ. Гэхдээ тэрээр Бэрхийн адил Египетийн мамлюкуудын холбоотон хэвээр үлдсэн байлаа.
Мөнх-Төмөр хан улсынхаа дотоод засаглалын асуудалд голлон анхаарал хандуулж, Эл хант улстай эедүү харьцаж байсны нэг шалтгаан нь тэрээр исламын шашинтан бус, монголчуудын уламжлалт мөнх тэнгэр шүтлэгтэй байсантай холбоотой байх талтай гэж олонх судлаач үздэг байна.
Мөнх-Төмөрийн дараа хоёр ч хан төр барьсан ч тодорхой үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Тогтох хан (1291-1312) найрсаг харилцаагаа хадгалах үүднээс Эл хант улс руу хэдэн зуун хүмүүсээс бүрдсэн элч солилцон, худалдаа наймааг ивээн тэтгэж байжээ. 1301-1303 оны орчимд л гэхэд нэг удаад 325 хүнтэй элчийг илгээж байсан нь түүний нэг нотолгоо. Түүнийг төр барих хугацаанд худалдаа наймаа эрчимтэй хөгжиж, худалдааны энгийн зүйлээс авахуулаад чамин тансаг эдлэлүүдээр зах зээл нь дүүрэн байх болсон гэж түүхэнд тэмдэглэжээ.
Гэсэн хэдий ч төд удалгүй хоёр улсын харилцаа мөн л хурцдаж, Тогтох хан 1308, 1312-1313 онд Эл хант улс руу цэрэглэн довтолсон бөгөөд түүний засаглалын сүүлчийн жилүүдэд ч хоёр улсын харилцаа дайсагнасан хэвээр үлджээ.
Харин Узбек (1313-1341) хан анхандаа эл хан Өлзийттэй найрамдлын гэрээ байгуулж харилцан эв эеийг сахих болсон ч Өлзийт ханыг насан эцэс болмогц түүний залгамжлагч эл хан Абу Саидтай муудалцан 1320 онд Азербайжаны төлөө дайтаж ялагдсан байна. Улмаар 1335 онд Абу Саид нас барсны дараа дахин Азербайжаныг довтолсон боловч шинэ хан Арпа-д мөн л ялагдаж дайн түр зогссон ажээ.
Узбекийн хүү Жанибек хан улс төрийн хувьд дотооддоо үймэн самуурсан Эл хант улсын эсрэг 1356 онд довтлон Азербайжан, Тебриз хотыг эзлэн авснаар Алтан ордны улс Эл хант улсын 100 гаруй жилийн зөрчил тэмцэл үндсэндээ дууссан ажээ.
Гадаад харилцаа
Алтан ордны улс газар нутгаа өргөтгөх үүднээс гадны олон улс орныг байлдан дагуулж байлаа. Армян, Гүрж, Азербайжан, Крым, Унгар, Польш, Литва, Эл хант улс, мөн бусад жижиг улсуудтай дайтаж байлдан дагуулжээ. Дотооддоо ч мөн цөөөнгүй удаа дайлалдан хямралдаж байв.
Тэр үед түшмэг улсын хэлбэрээр оршиж байсан бөгөөд харьцангуй бие даасан байдалтай оросын вангууд хүртэл монголчуудын эсрэг олон удаа бослого хөдөлгөөн өрнүүлж байсан бөгөөд тухай бүрд нь Алтан ордны (Сарайн) засгийн зүгээс хариу арга хэмжээ авч дарж байсан юм.
Тэгсэн хэр нь шаардлага гарсан үед оросын вангууд Алтан ордны улсаас тусламж авч, Европын зүгээс түрэмгийлэх гэсэн халдлагыг удаа дараа таслан зогсоож байсан бөгөөд хамтран алсын аян дайныг ч хийж байжээ. Оросын вангуудад Алтан ордны улсын зүгээс гэхээсээ илүүтэй Европын зүгээс ирэх шашин, улс төрийн шахалт дарамт нь хамгийн аюултай байлаа. Мөн оросын ван ноёд дотроо ч олонтаа хагаралдан тэмцэлдсээр байв. Үнэн алдартны шашны эсрэг Католик шашны, тэр дундаа Ромын папын шахалт дарамт, мөн Тевтоны бүлэглэн (орден), Польш, Литвагийн дарамт маш их аюулыг тарьж байлаа. Тиймээс түшмэг улсынх нь хувьд оросуудыг Алтан ордны улс хамгаалах үүрэгтэй байсан юм.
Алтан ордны улс тухайн үедээ худалдааны гол төв болж байсан Крымын Каффа хотын төлөө Италийн Генуягийн эрх баригчидтай тэмцэлдэж байлаа. Харин Византийн эзэнт улстай найрсаг харилцаатай байжээ.
Алтан ордны улсын гадаад харилцаанд томоохон байр суурь эзлэх улс бол Мамлюкуудын эзэнт улс буюу Египет юм.
Алтан ордны улс нь Египетийн мамлюкуудтай эдийн засаг, улс төрийн хувьд нягт зузаан харилцаатай байжээ. Бэрх ханы үеэс эхлэн Алтан орд болон Египет хоёр улсын харилцаа хөгжих эхлэл тавигдсан гэж үздэг. Бэрх хан исламын шашинтай болсон явдал нь хоёр улсын харилцаанд ихэд нөлөөлсөн. Тэрээр исламын шашинд үнэнч гэдгээ янз бүрээр харуулахыг оролддог байсан юм. Алтан ордны улсын бүрэлдэхүүнд исламын шашинт Кавказ, Крым, Хорезм, Азербайжан, мөн түрэг гаралтай ард түмэнүүд ихэнх нь багтаж байсан учир тэдний итгэл дэмжлэгийг авах үүднээс исламын шашинд орсон байх үндэстэй юм.
Хоёр улсын харилцааны гол зорилго нь Эл хант улсын эсрэг хамтран тэмцэх асуудал байсан юм. Хүлэгүг өөрсдийнхөө дайсан гэсэн харилцан ойлголцол дээр Мамлюкийн Байбарс султан болон Алтан ордны улсын Бэрх хан нарын хоорондын дотносох харилцаа эхэлжээ.
Хоёр тал элчин сайд, худалдаачид харилцан солилцож их өргөн харилцаатай холбоотон улсын хэмжээнд хүргэж чадсан юм. Гол зорилго нь Эл хант улсын эсрэг хамтран тэмцэж нэгдсэн фронт байгуулах зорилго байжээ. Мөн Эл хангудын эсрэг “ариун дайн” зарлах талаар Бэрх ханыг ятгаж байсан юм. Мамлюкууд ч гэсэн хүчирхэг Алтан ордны улс, Эл хант улсуудаас болгоомжлох үүднээс шашин шүтлэг ойр Алтан ордныг дэмжин Эл хант улс Алтан ордны улсыг хооронд нь нэгдүүлэхгүй, аль болох сөргөлдүүлэхийг хүсэж байсан нь гарцаагүй. Орон зайн алс хол байдлаас болж хоёр улс цэргийн салбарт төдийлөн сайн харилцаж байгаагүй ч харин эдийн засаг соёлын хувьд өргөн харилцаатай байжээ.
Гэхдээ европын загалмайтантай хийсэн аян дайнд Алтан ордны улсаас цэргийн дэмжлэг авч байсан юм. Зарим тохиолдолд Алтан ордны улсын кибчаг болон өмнөд оросын цэргүүдээс бүрдсэн ангиуд мамлюкуудын армид хүчин зүтгэхээр Египет руу илгээгддэг байжээ.
Мамлюкийн Байбарс султан Бэрхийн нэрийг өөрийн нэрийн араас Мекка, Медина, Иерусалимд даяанч нарын “хутба” буюу ерөөлийн уншлагад заавал дуудаж байхыг захирамжилж байжээ. Энэ нь Исламынхны хувьд дээд зэргийн хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл байв.
Бэрхийн дараагаар хан болсон Мөнх-Төмөр ч хоёр талын найрсаг харилцааг урьдынх лугаа адил үргэлжлүүлсээр байсан юм. Мамлюкуудын эзэнт улс болон Византитай дипломат харилцаа хариуцсан төлөөлөгчөөр шадар итгэлт ноён Ногайгаа томилж байсан нь тэрээр харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч байсныг харуулах баримт юм. Египетийн султан Европчуудтай хийх загалмайтны аян дайнд Алтан ордны улсаас цэргийн дэмжлэг авч байсан юм. Хоёр тал өндөр хэмжээний харилцаатай байсан нь тэдний элч төлөөлөгчдийн бүтцээс харагддаг. Хоёр талын элч нарын дунд хуульч, шейх, эмир, цэргийн болон өртөө шуудангийн албан хаагчид, ёслолын түшмэд гэх мэтийн хүмүүс байсан байна. Угсаа гарал нь чухал биш түрэг, сартуул, иран, араб, монгол хүмүүс гагцхүү исламын шашинтай байхад л элчээр томилгогддог байжээ.
Гэхдээ хоёр талын харилцаа үргэлж хэвийн нэг түвшинд байгаагүй бөгөөд зарим үед суларч, бараг сөргөлдөхдөө ч тулж байлаа. Тухайлбал: Эл хант улс руу хамтран довтлох Тохта болон Узбек ханы саналаас Египет тодорхой шалтгаангүйгээр татгалзсан, Узбек ханы охиноос Египетийн султан салсан, Алтан ордны ханд өөрийн татвар хатны охиныг эхнэр болгон өгсөн, Египетэд гарсан төрийн эргэлтэд Сарайн зүгээс оролцож байсан зэргээс үүдэн зарим үед харилцаа муудах ч явдал гарч байжээ.
Тохта ханы үед 1290-1304 оны хооронд буюу даруй 14 жилийн турш хоёр улсын хоорондох харилцаа тасарсан нь Алтан ордны улсын дотоод дахь улс төрийн тэмцлээс үүдэлтэй байлаа. Энэ үеийг түүхэд харилцаа тасарсан гэж үздэг ч огт тасарсан бус харин захидал төдийгээр л хязгаарлагдаж байжээ.
Харин Алтан ордны дараагийн эзэн хан Узбекийн үед Египеттэй харилцах харилцаа нь сайжирч дээд цэгтээ хүрсэн гэж болно. Хоёр тал олон тооны элч солилцон бэлэг сэлт өгч авалцан, ураг барилдах хэмжээнд хүрч байжээ. Гэвч 1335 онд Эл хан Абу Сайд нас барж, улс нь ч үгүй болох тийшээ орох үед Египет болон Алтан ордны улсын харилцаа суларч эхэлсэн юм. Учир нь Эл хант улс хэмээх нийтийн том дайсан нь үгүй болсноор ирээдүйн болзошгүй дайсан нь Алтан ордны улс болох магадлалтай гэх хандлага ноёдынх нь дунд газар авч байсантай холбоотой байв.
Гэвч Алтан ордны улсын Жанибек (1342-1357) хан хоёр талын харилцааг сэргээхэд ихээхэн анхаарч байсан бөгөөд энэ үеийн нэг онцлог нь хоёр талын боолын худалдаа ихэд хөгжсөн явдал байв. Олон тооны кибчаг болон оросуудыг боол болгон худалдаалах юмуу эсхүл туслах цэргийн дайчдаар Египет рүү илгээх нь түгээмэл байлаа.
Бердибек (1357-1359) хан нас барснаас хойш Алтан ордны улсад хорь гаруй жил улс төрийн хямрал үргэлжилж тус улс тууштай гадаад бодлого баримталж чадахгүйд хүрч байснаа Тохтамыш (1380-1395) ханы үед л дахин нэг сэргэж иржээ.
Өөрийн хамгийн аюултай бодит өрсөлдөгч, исламын шашны дайсан болох Эл хант улсын хүчин чадлыг мөхөөж хязгаарлах гэсэн Египетийн мамлюкуудын улсын хүсэл болон Эл хант улсаас Кавказ, Азербайжаны нутгийг булааж авах гэсэн Алтан ордны улсын хүчин чармайлт давхцаж байсан нь энэ хоёр улсын хоорондох цэрэг-улс төрийн сайн харилцааны үндэс суурь болж, Алтан ордны улсын үе үеийн удирдлагуудын ихэнх нь Египеттэй харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэх бодлого баримталж байжээ.
Өгүүлэн буй үед Алтан ордны улсын бас нэг гол холбоотон улс нь Византийн эзэнт гүрэн байсан юм.
Алтан ордны улс Ижил мөрний булгарчуудыг эрхэндээ оруулснаар Византи улстай анх нүүр тулан учирчээ. Тэр үед Византи нь ижил мөрөн хүртэл өөрийн нөлөөгөө тогтоосон байсан юм. Тиймээс хүссэн хүсээгүй Алтан ордны улстай харилцах шаардлага бий болсон байдаг.
Мөнх-төмөр ханы тушаалаар 1271 онд Алтан ордны Ногай ноён Босфорын хоолойг ашиглах үүднээс Константинополь хотыг бүслэн авсан бөгөөд Византийн эзэн Михаил өөрийн охиныг Ногайд өгч “Энх ургийн хэлэлцээр” байгуулан найрамдаж байжээ. Энэ үеэс эхлэн хоёр талын харилцаа нэлээд гүнзгийрч худ ургийн харилцаа нь Узбек ханы үе хүртэл үргэлжилсэн юм.
Алтан ордны улс, Византи хоёрын нөхөрсөг сайн харилцааны гол цөм нь худалдаа наймаа байлаа. Евразийг холбосон худалдааны их зам мөн Алтан ордны улс болон мамлюкуудын хоорондох боолын худалдааны усан зам Византийн нийслэл Константинополь хотоор дайран гардаг байсан учир Византитай найрсаг харилцаатай байх бодлогыг Алтан ордны улсын хангууд баримталж байжээ.
Мөнх-төмөр ханыг нас барсны дараа Ногай ноён Михаил хан руу дотоодын үймээн самууныг дарахад нь туслаж 4000 шилмэл монгол цэргээ илгээж байсан байна. XIV зуунд Узбек хан болон Византийн шинэ хан Андроник нар нас барснаар Алтан ордны улс болон Византийн эзэнт улсын харилцаа мөн төгсгөл болжээ.
Алтан ордны улсын эрх баригчид тухайн үеийн геополитикийн орчны онцлог, эзэнт гүрний дотоод дахь хийгээд олон улс, бүс нутгийн цэрэг-улс төрийн цагийн байдалд зохицуулан одоогийн хэллэгээр “Цэрэг-дипломатын арга”-ыг чадварлаг хослуулан хэрэгжүүлж байсан нь цэргийн хүчээр бусдаас дутахгүй байж, 300 орчим жил оршин тогтнож, өрнө, дорнын соёл, үйлдвэрлэхүйн хийгээд зэр зэвсэг, цэрэг-дайны технологийн солилцооны гүүр болох нөхцөлийг бүрдүүлжээ.
Монголын эзэнт гүрний дотоодоос цэргийн хүчний шууд дэмжлэг авах бололцоогүйгээр барахгүй харин ч монголчууд монголчуудынхаа эсрэг сөргөлдөх нь жил ирэх тусам өсч байсан учраас Зүчийн удмын хангууд бүс нутагтаа цэргийн хүчээр хэнээс ч дутахгүй байх, тэгэхийн тулд бололцоотой бүхий л улс аймгуудыг нэгтгэж авах юмуу эсвэл холбоотны хэлбэрээр хамтрах бодлогыг тууштай хэрэгжүүлж байв.
Алтан ордны улсын түүх судлаачдын дунд одоо хэр нь хамгийн их маргаан дагуулсаар буй асуудал бол Орос хийгээд Алтан ордны улсын хоорондын харилцааны статус юм. Оросын харилцаа нь эзэн улс, түшмэг (вассал) улсын хэлбэртэй гэж зарим судлаачид үздэг. Энэ нь ч үнэн юм.
Оросын ихэнх судлаач “Татар-монголын дарлал (иго)” гэдэг томьёоллыг ашиглан монголчууд оросуудыг эзлэн түрэмгийлж европын хөгжлөөс олон зуун жил хоцроож, хаалттай улс болгосон гэж үздэг. Манай зарим хүмүүс, түүний дотор түүх судлаачид ч Алтан ордны улсыг эртний Оросын газар нутагт байсан мэтээр ойлгож ирсэн нь тэдний ярьж, бичиж буй зүйлүүдээс ойлгогдож байна. Гэтэл үнэн хэрэг дээрээ Алтан ордны улс нь Оросын нутаг дэвсгэрт бус, харин Кибчагийн тал нутаг дээр байгуулагдан оршин тогтнож тэндээсээ орос болон бусад улстай харилцаж байжээ.
Алтан ордны улсын хангууд Оросын дотоодын дэг журам, засаг захиргааны бүтцийг хөндөөгүй бөгөөд энэ бодлого Оросын вант улсуудад “divide et impera” (хувааж захирах) зарчмаар хэрэгжиж байжээ. Энэ үеийн засаглалын хэлбэрийг Г.В.Вернадский “хуулийн хэлээр яривал Монголын ноёрхлын үед Орост засгийн газар гэхээр юм тусгайлан байсангүй. Бодит амьдрал дээр Алтан ордны хангууд л Оросын дээд захирагч байсан бөгөөд оросын түүх шашдирт бичсэнээр “хаан” нь байжээ. Ханы зарлиг, гэрэгэ үгүйгээр оросын нэг ч ван нутаг орноо удирдан тохинуулах эрхгүй байв” гэж тодорхойлжээ. Ванг томилох болон бусад асуудлыг Сарайд очиж Алтан ордны ханаар шийдүүлдэг. Оросын ван бүр засаглах онцгой эрхийн бичгийг ханаас авч вангийн ширээнд суудаг бөгөөд хан энэ эрхийг нь цуцалж болдог байжээ. Удирдлагын энэ тогтолцоо цаашид ч хэдэн зууны турш үйлчилсэн юм. Орос дахь монголын захиргаа нь алба татвараа л цаг хугацаанд нь өгчихвөл дотоод хэрэгт нь тэр бүр оролцоод байхгүй, харьцангуй чөлөөт захиргаа байжээ. Орчин цагийн ойлголтоор бол илүү их улс төрийн эрх чөлөөтэй холбооны маягийн улс байжээ. Халх-Манжийн харилцаатай тун төстэй харилцаа юм.
Галиц, Волынск, Смоленск, Чернигов-Северскийн газар нутгуудад монголын болон оросын засаг захиргаа зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж байсан бол 1260 оноос хойш Новгород монголын захиргаанаас чөлөөлөгдөн ч татвар төлөх үүргээс чөлөөлөгдөөгүй юм.
Мөн Оросын вант улсуудыг түмтэд хуваасан нь татвар болон цэрэг татлагын бодит тоо хэмжээг гаргахад чухал үүрэгтэй байжээ. Тухайлбал Тохтамыш ханы үед нийт Русьд (Орост) 43 түмт байсан бөгөөд нэг түмт дундажаар 200 мянга орчим хүнтэй гэж тооцвол нийтдээ 8 сая 600 мянга орчим хүн байсан гэсэн тооцоо гаржээ. Том хотуудын хүн ам, сүм хийдүүд түмтэд ордоггүй учир тухайн үед Оросын хүн ам бүхэлдээ 10 сая орчимд байжээ.
Түүгээр ч үл барам оросуудын эсрэг чиглэсэн гадны аливаа халдлага, түрэмгийллийг цаг тухай бүрд нь Алтан ордны улсын зүгээс хамтран няцааж байсан ба мөн Оросын вант улсуудад гарсан үймээн самуун, бослого хөдөлгөөнийг ч хамтран дарж байжээ.
Монголчуудын хувьд Оросын зүгээс учруулж болзошгүй аюул заналын түвшин харьцангуй доогуур байсан бөгөөд тэгээд ч оростой байлдах шаардлагагүй гэдгээ анхнаасаа илэрхийлж байсан ба Кибчагийн аян дайны үед зөвхөн эсэргүүцэл үзүүлсэн хотуудыг дайлаад өнгөрсөн түүхтэй.
Оросыг дайлан эзлэх бодлогогүй байсан нь монголчууд дайран өнгөрсөн оросын газар нутаг, 300 гаруй хот цайзыг огт хөндөлгүй орхисон, байлдаж эзэлсэн өмнөд оросын цөөн хэдэн хот суурингууддаа ч ямар нэг даргач тавих юмуу дарангуйлах цэргийн нэгжийг үлдээж байгаагүй, Бат ханаас хойш ч гэсэн 20 гаруй жил умард оросын ванлигуудаас өчүүхэн ч татвар, албан төлөөс татаж байгаагүй гэх мэт олон баримтаар нотлогдоно.
Оросын вангуудад Алтан ордны улсын аюулаас илүүтэй Европын зүгээс, Үнэн алдартны шашны эсрэг Католик шашны, тэр дундаа Ромын папын зүгээс учруулж байсан шашны хийгээд улс төрийн шахалт, мөн Польш, Литвийн түрэмгийлэх бодлого, дарамт нь хамгийн том аюул байв. 1240 онд Шведийн флот Нева мөрний адагт цэрэг буулгаж, Тевтоны рыцариуд 1240-1241 оноос довтолгооноо идэвхжүүлж Псковыг эзлэн авч байлаа.
Литвийн ноёд оросын баруун хил рүү нэг бус удаа халдаж, 1239 онд Смоленскт хүрч, 1243-1244, 1248, 1253,1258, 1263 онд Новгород, Торжок, Бежици, Полоцк зэрэг олон хотод довтолж, XIII зууны 80-аад онд цуврал довтолгоон хийж, 1380-аад он гэхэд Литвагийн ван Витовт Оросын Киевийн улсыг хүртэл эрхшээлдээ бүрэн оруулж байжээ.
Германчууд ч Оросын газар нутагт халдан довтлохоо даамжруулах болсон бөгөөд загалмайтнуудын түрэмгийллийн уршгаар Орос орон Баруун Двинагаар дамжин Балтийн тэнгист хүрэх худалдааны маш чухал замаа алджээ. Улмаар загалмайтнууд Оросын “Умард нийслэл” болох Их Новгородод байнга заналхийлж байв.
Ийм нөхцөлд Оросын вангууд Алтан ордны улсаас дэмжлэг авч хамтран Литва, Европын зүгээс заналхийлж асан түрэмгийллийг таслан зогсоож байсан бөгөөд хамтран томоохон аян дайн ч хийж байжээ.
Дэд хэсэг
АЛТАН ОРДНЫ УЛСЫН ЦЭРГИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
§ 5. МОНГОЛ ЦЭРГИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
лс орны цэргийн байгуулалт нь тухайн үеийн цэрэг–улс төрийн цагийн байдал, төр, засгаас баримталж буй цэргийн бодлоготой шууд хамааралтай байдаг. Бат хан “Кибчагийн аян”-аас эргэн ирээд эзэмшил улсаа төвхнүүлэх үе нь Их Монгол Улсын эзгүйрсэн хаан ширээний төлөөх тэмцэл эрч хүчээ ид авч, тэрхүү өрсөлдөөнд Дөргэнэ хатны талынхан ялж, Өгэдэй хааны гэрээс, зарлигийг зөрчин Гүюгийг хаан ширээнд залах нь тодорхой болж ирсэн цаг үе байлаа.
Тиймээс эцэг Зүчээс өвлөн авсан газар нутагтаа Хархорумаас харьцангуй тусгаар улс байгуулах, түүний тулд Гүюг хаанаас дутахааргүй хүчтэй цэрэг, армитай байх зорилт түүний өмнө тулгарчээ. Гэтэл Бат ханы захиргаанд байсан монгол цэрэг харьцангуй цөөхөн байсан тул эргэн тойрон оршиж асан Булгар, Кибчаг болон бусад улс аймагтай зохицон урьд өмнө олон жил дайтаж эрхшээлдээ оруулсан тэдгээр ард түмнийг төрийн нэгэн жолоонд бат тогтвортой барьж, тэдний цэргийн хүчинд дулдуйдан тулгуурлахаас өөр гарц байхгүй байв.
Цэрэг-улс төрийн цагийн байдал ийм онцлогтой байсан учир Бат ханы цэргийн бодлого ч түүнд зохицож, цэргийн байгуулалт буюу цэрэг армийн бүтэц, зохион байгуулалт нь ч цаг үе, орчинтойгоо нийцсэн өвөрмөц шинжтэй байжээ. Тухайлбал, Бат ханы цэрэг нь олон үндэстнээс бүрдсэн байсан ба армийн гол хүч нь түүний шадар хишигтэн болон бусад монгол угсаатнаас (найман, хэрэйд, татар, мэргэд гэх мэт) бүрдсэн цэрэг байсан авч бүтцийн хувьд авч үзвэл Кибчаг, Булгаар, алан, черкес, армян, мордов, орос, тэр ч байтугай мажар болон бусад овог аймгийн цэрэг дийлэнх нь болж байжээ. Алтан ордны улсын монгол цэргийн бүтэц нь Батын эцэг Зүчид хувь олгон хүртээсэн харьяат иргэн болох 9000 албат, 4000 монгол цэргээс гадна , Кибчаг, Булгар, Огуз, Орос, Алан, Черкес, Армян, Мордов зэрэг түрэг угсаатан байлаа гэж Рашид ад-Дин “Судрын чуулган” даа тэмдэглэсэн билээ.
Цэргийн үндсэн хүч нь морьт цэрэг байсан юм. Алтан ордны улсын арми үндсэндээ Чингис хааны тогтоосон аравтын систем дээр үндэслэгдэн монгол маягаар зохион байгуулагддаг байжээ.
Цэрэг нь үндсэн 3 хэсгээс бүрднэ. Үүнд: баруун жигүүр, зүүн жигүүр, төв гэж хуваагдана. Хан өөрөө төвийг шууд удирдах бөгөөд баруун, зүүн хэсгийг ханы томилсон жанжин удирдана. Төв хэсэг бол ханы удирдлаган доорх торгон цэрэг юм. Төв хэсгийн цэргийн гол хүч буюу “Их гол” нь ханы шадар туслах хишигтэн цэрэг байв. Мөн Алтан ордны улсын цэргийн аяны журам, байлдааны журам нь Чингис хааны үед тогтсон тэр л байдлаараа уламжлагдан ирсэн юм.
Судлаачдын ихэнх нь энэ төв, баруун, зүүн гэж хуваасан энэ бүтэц дээр санал нэг байдаг. Тэрнээс өөрийн гэсэн онцлогтой бүтэц байхгүй болно. Армийн томоохон нэгтгэл бүрд “Букаул” (оросоор “Интендет”) буюу цэргийн хангамжийн асуудал хариуцсан цэргийн албан тушаалтан заавал байдаг байжээ.
Жигүүр бүр нь түмт, мянгат, зуут, аравтын цэргүүд хэмээн хуваагдаж, тус бүрийг захирагч удирддаг байжээ. Цэрэг нь ханы эзэмшлийн нутаг дэвсгэрт байрлах бөгөөд энэ нь шуурхай байдлыг хангах зорилготой юм. М.Горелик бас өөрийн бүтээлдээ төв, баруун, зүүн гэсэн бүтцийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Энэ бүтэц цаашид ч хадгалагдан үлджээ. Тухайлбал: Мөнх-Төмөр (1269-1282) хан ширээнд суугаад цэрэг армиа гурван жигүүр болгон хуваасан байна. Төвийн хэсгийг өөртөө авч, баруун жигүүрээ Тайраа ноёноор, зүүн жигүүрийг Маваа ноёноор тус тус захируулжээ. Энэ талаар мөн бусад сурвалжид ижил өгүүлсэн байдаг.
Бат ханы цэргийн ихэнх хэсгийг исламын шашинт түрэг гаралтай хүмүүс, мөн үнэн алдартны болон католик шашинт славян гаралтай хүмүүс бүрдүүлж байсан. И.М.Миргалеевийн өгүүлснээр Бэрх ханы арми нь Эл хант улсын эсрэг байлдаж байх үед Түрэг болон Кибчаг үндэстнүүдээс голчлон бүрдэж байжээ. Гол цөм нь салжиут, кинкит ба хушин овогтон байсан юм.
Их Монгол Улсыг байгуулах үед нутгаасаа дүрвэн гарч кибчагтай нийлсэн байсан татар, найман, хэрэйд, мэргэдийн үлдэгдэл болох цөөн бус цэрэг эрсээс бүрдэж байв. Татарууд өрнө зүгт хийсэн аян дайны манлайд явж байсан бөгөөд эргэж монгол нутаг руу явалгүй үлдсэн юм. Цэргийн манлайд явж байлддаг байсан татарууд анхлан Булгар, Кибчаг, Оросуудтай анх нүүр тулсан. Тиймээс Татар Монгол гэх нэр гарсан байх талтай. Мөн найман, хэрэйд, мэргэд овогтон өнөөгийн Казахуудын дунд байдаг нь үүнтэй холбоотой юм. Дээрх овгуудаас гадна мангуд овогтон ч байжээ. Тухайлбал: Алтан ордны Ногай жанжны мэдэлд гол төлөв мангуудаас бүрдсэн шилдэг арми байсан байна.

Алтан ордны улсын цэргийн бүрэлдэхүүн
Ханы мэдэлд хишигтнээс гадна бас хязгаарлагдмал тооны монгол угсаатанаас бүрдсэн шилмэл торгон цэргүүдийг байнга байлгадаг байжээ. Тод-Мөнх хан Византийн VIII Михаил ван руу шилмэл 4000 монгол цэрэг, Узбек хан Византийн улсад 3000 цэрэг тус тус илгээн тусалж байсан, 1410 онд Алтан ордны улсын хан хүү Желал ад-Дин өөрийн шилмэл 3000 морьт цэргийн хамт алдарт Грюнвальдын тулалдаанд оролцож байсан гэх мэдээ зэргээс үзэхэд Алтан ордны улсын ханы мэдлийн тусгай зориулалтын, дан монгол үндэстэнээс бүрдсэн шилэгдмэл торгон цэргийн тоо 3000-4000-ын хооронд хэлбэлзэж байсан гэж таамаглаж болохоор байна.
Эдгээр цэргүүд нь тусгай даалгавар гүйцэтгэх зориулалттай ханы амь сахих үүрэгтэй байсан болов уу? Энэ шилмэл цэргүүдийн талаар яг нарийн тодорхой тайлбар мэдээлэл хомс боловч судалгааны явцад үүрэг зориулалт нь тодорхой гарч ирж байна.

Алтан ордны улсын цэрэг нь төрөл, мэргэжлийн хувьд одоогийн ангиллаар бол “Хуурай замын” болон “Усч” гэсэн хоёр “Ай” бүхий бөгөөд хуурай замын цэрэг нь морьт, явган, тусгай мэргэжлийн мянгат, түмт, зуутуудаас бүрдэж байв.

Алтан ордны улсын цэргийн (Ай) төрөл
Морьт, явган цэрэг нь дотроо хүнд болон хөнгөн зэвсэгт гэж ялгаатай байсан бөгөөд тэдгээр нь дотроо бас улс үндэснийхээ онцлогоос шалтгаалан өөр өөр бүтэц, бүрэлдэхүүнтэй, зэр зэвсэгтэй байжээ. Тусгай мэргэжлийн цэрэг нь их бууны, инженерийн гэж ялгагдана.
Усч цэрэг нь Юань улсынх шиг далай, тэнгист байлдааны ажиллагаа явуулах бус, харин гол мөрний дагуу байлдаан хийх, цэргийн тээвэр хийх, усан худалдааны замыг хамгаалах зориулалттай байснаараа онцлог юм. Усч цэргийн үндэс суурь нь Тохта ханы үеэс эхлэн тавигдсан гэж үздэг.
Алтан ордны бүрэлдэхүүний болон түшмэг улсуудын дотроос Булгар, Орос хоёр усч цэргийн уламжлал сайтай байв. Тиймээс усч цэргүүдийг ихэвчлэн Булгар, Оросуудаар бүрдүүлдэг байжээ. Алтан ордны улсын усч цэргийн флотын хөлөг онгоцууд Хар тэнгис, Каспийн тэнгис, Ижил, Дон мөрөн, Кама гол зэрэг их уст нуур тэнгис, гол мөрнүүдийн урсгал дагуу зорчиж байлдааны болон цэргийн тээвэр хийж, худалдааны хөлөг онгоцуудыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан юм.
Арабын сурвалж бичгүүдэд булгарууд том том усан онгоцтой байсан гэж өгүүлсэн байх ба Алтан ордны улсын усан флот “Каюк”, Кербат”, “Пабус”, “Мишан”, “Бафьт” зэрэг хөлөг онгоцтой байсан хэмээн дурдсан байна. Рашид ад-Дины “Шашдирын чуулган”-нд монгол цэрэг шаардлагатай үед завь онгоцтой тусгай замын усч цэргийн баг, зуутуудыг бүрдүүлэн байлдааны үүрэг гүйцэтгүүлдэг байсан тухай, тухайлбал Кибчаг иргэний Үлирлиг аймгийн Бачман хэмээх баатар эрийн удирдсан цэргийг нэхэж даруулахын тулд “хоёр зуун завь хийлгэн, тус бүр дээр нь зуу зуун зэвсэгт монголчуудыг суулган жэргэ зохион байгуулж явуулж байсан” хэмээн өгүүлсэн байдаг. Жэргэ гэж зээгт авын адил өргөн фронт эзлэн зэрэглэж бүгд нэгэн зэрэг эгнэн давших аргыг нэрлэдэг. Энэ тохиолдолд Ижил мөрний энгээр завь онгоцнуудыг зэрэглэн эгнүүлж давшсаныг тийнхүү “Жэргэ явуулж” гэсэн байна.
Тохта хан Ижил мөрний дагуу усч цэрэг байрлуулсан байсан бөгөөд тэдгээр нь мөрний дагуух худалдааны замыг хянаж аюулгүй байдлыг нь хангаж байсан, Тохта хан Ижил мөрөнд усан онгоцоор аялж яваад амь насаа алдсан гэж Оросын он дарааллын бичигт тэмдэглэжээ. Мөн Хар тэнгист гарах зорилгоор усан цэргийн нэгжүүдийг байгуулсан байна. Алтан ордны улсад Узбек ханы үед хүрэлцэн ирсэн Арабын алдарт аялагч Ибн-Батута “Каффа хот бол хамгийн том хот бөгөөд тэнд тус улсын худалдааны болон байлдааны том жижиг 200 усан онгоц байсан гэж” гэж өгүүлжээ. Жанибек хан 1344 онд Крымийн Каффа хотыг хуурай болон усан замаар давхар бүсэлж байжээ. 1375 онд бүтээгдсэн Каталоны атласт Каспийн тэнгист хөвж яваа алтан ордны улсын далбаа бүхийг хөлөг онгоцуудыг дүрсэлсэн нь хэзээнээс усан флоттой байсанг илтгэж буй хэрэг юм.

1375 оны Каталоны атласт Каспийн тэнгист хөвж яваа Алтан ордны улсын далбаатай хөлөг онгоцыг дүрсэлжээ
Үүнээс гадна Кибчагийн аян дайы үед монгол цэрэг их уст гол мөрнийг гатлахдаа олон завь онгоц хийж ашиглаж байсан тухай мэдээ байдаг нь монголчууд тэр үед гол мөрний байлдаан хийх дадлага туршлагатай байсныг харуулж буй баримт юм. Бат ханы тушаалаар Унгарын IV Бела ванг хөөж явсан Хадан жанжин Адиратын тэнгист Унгарчуудтай завин дээр бяцхан тулалдаан хийж дайсныхаа завийг живүүлэн ялалт байгуулсан тухай мэдээ байдаг. Энэ нь монголчуудын далай тэнгист байгуулсан анхны ялалт ч болж магадгүй юм.
Инженерийн цэрэг хот суурины байлдаанд гол чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Чингис хааны үеэс бий болсон инженерийн цэргийг Алтан ордны улс цааш нь хөгжүүлэн авч явсан юм. Тэгэхдээ бүслэлтийн үед хотын усан хангамжийн байгууламжуудын хэвийн ажиллагааг алдагдуулах зорилгоор далан барьж гол мөрний усыг хаах юмуу урсгалыг өөрчлөх, эсвэл даланг нь нурааж үерт автуулах, газар доогуур малталт хийх юм уу дарь ашиглан дэлбэлгээ хийж хэрэм цайзыг нь нураах, цайзын хаалга эвдэх бүдүүн гуалингаар хийсэн энгийн түншүүрээс эхлээд европынхон “Яст мэлхий” хэмээн нэрийддэг байсан тусгай халх халхавч бүхий мөргүүр үйлдэн цайзад нүх гаргах, шороо чулуу овоолон асгаж хэрэм давах налуу далан байгуулан дайрах бүхий л нөхцөлийг тусгайлан мэргэшсэн дархчуул бүхий инженерийн баг, ангиуд бүрдүүлдэг байв.
Шаардлагатай үед Орос мэтийн ой модоор элбэг газар оронд тухайн газар дээр нь төрөл бүрийн харвах, шидэх хэрэгсэл бэлддэг байсан бөгөөд цөл хээрийн бүс нутагт инженерийн хэрэгсэлээ зөөн авч явдаг уламжлалтай байжээ.
Мөн монголчууд “Үүлэн шат” гэж нэрлэдэг байсан, хэрэм өөд авирах зориулалт бүхий дээрээ тусгай халх шүхэр бүхий шат болон үзүүрт бэхэлсэн дэгээгээр нь гохдож татан авирдаг “Дэгээ мод” үйлдэх юм уу хэрэм давах сунгадаг шат бүхий өндөр цамхаг босгох, мөн чөдөр оньс суурилуулсан хуягт цамхаг босгох, дайчдыг суулган хотын хэрмэнд тулган очуулах зориулалттай өрнөдийн “Винея” маягийн халх хуяг бүхий цамхагт тэрэг үйлдэх зэрэг байлдааны тусгай техник хэрэгслийг үйлдэх, ажиллуулах үүрэг инженерийн цэрэгт ногдож байжээ. Бас хотын хэрмийн гадуурх хамгаалалтын гуу, суваг шуудууг шороо, чулуугаар дүүргэж тэгшлэх, хот суурингуудын эргэн тойрон шороо, чулуу, модоор түр цагийн хана хэрэм босгох юмуу модоор шөргөн хана тойруулан барьж хотоос гарах, орох бүх боломжийг хааж удаан хугацааны бүслэлт хийхэд гол үүргийг мөн л инженерийн цэрэг гүйцэтгэдэг байсан байна.
Ийнхүү бүсэлж авсан хот цайзуудаа тойруулан хурц үзүүрлэсэн модоор шөргөн хашаа шиг хаалт барих юм уу өндөр далан босгодог байсан тухай араб, орос тэргүүтэн улсын олон сурвалж бичигт өгүүлсэн байдаг. Жишээ нь, перс түүхч Ан-Насави “Илал цайз дөрвөн сарын турш бүслэлтэнд байсан ажээ. Татаарууд түүнийг тойруулан хана босгож, шөнө нь хаан түгжээд, өдөрт нь онгойлгодог хаалганууд гаргасан байна. Шууд дайран эзлэх боломжгүй цайз бэхлэлтүүдийг бүслэхдээ тэд ингэдэг уламжлалтай. Тухайн цайзыг ямар ч аргагүй болтол ийм байдлаар үргэлжлэх бөлгөө” гэсэн байдаг бол Бат ханы цэрэг 1238 онд Торжок хотыг бүслэн хаасан тухай Новгородын он тооллын 1 дүгээр шасдирт өгүүлэхдээ “Торжокийг бүслэн хаагаад бүтэн долоо хонохдоо тэд орчин тойрон шөргөөр хүрээлж, хэрэмтэй дүйцэхүйц өндөр далан босгоод чөдөр оньсоор хоёр долоо хоногийн турш буудаж…” байсан гэсэн байх ба ийм ажиллагааг судлаач эрдэмтэд “Инженерийн бүслэлт (Инженерная осада)” гэж хүртэл нэрлэсэн байна. Энэ бүхэн нь инженерийн болон их бууч цэрэг хот цайзын байлдаанд гол чухал үүрэг гүйцэтгэдэг байсны түүхэн баримт юм.
Монголын их бууч цэргийн түүх Хятаны үеэс эхтэй бөгөөд 1220-иод оны сүүлчээс тусгай мэргэжлийн цэргийн багуудыг бүрдүүлж хот цайзын төдийгүй хээрийн байлдаанд ч их бууны уугуул хувилбаруудыг хэрэглэх болжээ. Бат ханы цэрэг Мажарт 1241 оны 4 дүгээр сарын 1-нд Шайо голын хөвөөнд болсон тулалдаанд 7 чөдөр оньс хэрэглэсэн нь түүний нэг баримт юм. Сурвалж бичигт өгүүлэхдээ “татаарууд гүүрийн өөрийн талын үзүүрт бүслэлтийн 7 хэрэгсэл (чөдөр оньс) зоон байрлуулж, том том чулуу дүүгүүрдэж, сум харвасаар мажар цэргүүдийг хөөн зайлуулав. Гүүрийн хамгаалалтынхныг тийнхүү хөөн зайлуулаад тэд голыг ямарваа саад тотгворгүй, айвуу тайвуу гаталжээ” гэсэн байдаг.
ХХ зууны оросын түүхчид Бат ханы цэрэгт хэрэглэж байсан инженерийн болон их бууны техник хэрэгслийг зөвхөн хятад, арабын мэргэжилтнүүд ажиллуулдаг байсан мэтээр нотлохыг оролдсоор ирсэн билээ. Харин сүүлийн үеийн зарим судлаач түүхэн баримтуудыг нягтлан судалсныхаа үндсэн дээр монголчууд “асар богино хугацаанд ихэнх боловсон хүчин нь монголчуудаас өөрсдөөс нь бүрдсэн инженерийн болон их бууны тусгай ангиудыг байгуулсан”…ба тэд “хятад, мусульман, бусад улсын мэргэжилтнүүдийг ашигладаг байсан ч тэдэнд монголчуудын зүгээс тавих хяналт туйлын сайн байсан юм” гэж хүлээн зөвшөөрөх болсон байна.
Бат ханы цэргийн гол хүчийг анхлан монголчууд бүрдүүлж байсан боловч дараа дараагийн хангуудын үед цөөрч олонх хэсэгт исламын шашинт түрэг гаралтай хүмүүс зонхилж, мөн үнэн алдартны болон католик шашинт слав гаралтай болон кавказын уулынхан ч алба хашиж байжээ. Гэхдээ үе үеийн хангуудын цэргийн бүрэлдэхүүн, хүн хүчний тоо харилцан адилгүй байсан байна.
Тухайлбал, Бэрх, Мөнх-төмөр, Тохта хан 250.000, Узбек, Жанибек, Тохтамыш зэрэг хангууд 170.000 цэрэгтэй байв. Бэрх хан 1265 онд бүх нийтийн цэрэг татлага явуулж 380.000 орчим цэрэг цуглуулж байжээ. Бэрх ханы их жанжин Ногай 30.000 цэрэгтэй манлайд явж, түүний араас Сундай жанжин 50.000 цэрэгтэй гэзэг даран явж, Бэрх хан өөрөө 300.000 цэрэгтэй Эл хан Абагыг тосч тулалдаж байснаас үзэхэд Бэрх хан шаардлагатай үед 400.000 орчим цэрэг төвөггүй гаргах чадалтай байжээ гэж үзэх үндэстэй байна.
Тохта хан 1300 оны үед Ногайн эсрэг 60 түмэн цэрэг гаргаж байсан бол Ногай түүний эсрэг 30 түмэн цэрэг гаргаж байжээ. Рашид ад-Дины бүтээлд 1299 онд Узы голын эрэгт барагцаалбал 30 түмэн цэргийн үзлэг болов хэмээн өгүүлсэн байна. Зарим сурвалжид Тохта ханыг 1,5-2 сая цэрэгтэй байсан гэж асар өндөр тоогоор тэмдэглэсэн байдаг. Гэвч энэ нь нийт цэргийн дайчилгааны боломжит тоо байж магадгүй юм гэж судлаачид үздэг.
Үүнээс гадна цэргийн бүрэлдэхүүнд ар талын цэрэг, /мал адуулах, зэвсэглэл, бэхлэлт эвдэх техник хийх, гүүр тавих, хоол хүнс бэлтгэх/, эзлэгдсэн орноос дайчлагдсан цэрэг, сайн дураараа байлдаж буй цэрэг, олзны цэргийн тоог оруулбал томоохон байлдаанд оролцогч цэргийн тоо дунджаар үзвэл 120,000-150,000 байсан гэдэг нь бодитой болохыг 5 дугаар зургаас харж болно.

Алтан ордны улсын цэргийн тооны өсөлт бууралт
Алтан ордны улсын монгол цэрэг арми болгар, кибчаг, орос, мажар, польш, азербайжан, литва, түрэг цэрэгтэй байлдаж, Оросын вангууд болон Египетэд цэргийн тусламж үзүүлж, Унгар-Чехийн, Чех-Польшийн, Галич-Волынь, Москва-Тверь, Москва-Рязань, Москва-Крымийн байлдаанд оролцож, Алан, Кибчаг, Новгород, Владимир, Суздаль, Ростовын бослого үймээнийг дарж, Москваг эзлэн авч, Куликийн (Куликовын) хөндийн, Калка голын тулалдаанд орж байжээ.
Тэр бүх тулалдааныг Бат, Орда, Шейбани, Бурундай (Боролдой), Мөнх-төмөр, Узбек, Ногай, Мамай, Эдигей, Тохтамыш, Желал ад Дин, Ахмыл, Тудан (Дюдень), Хүрмес, Нюрвей зэрэг цэргийн олон алдарт захирагч, хан ноёд удирдан ялалт байгуулжээ.
Алтан ордны улсын цэрэг Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын цэрэгтэй холбоотой байж, шаардлагатай үед харилцан тусламж дэмжлэг үзүүлдэг байжээ. Жишээ нь Юань гүрний цэрэгт Алтан ордны улсаас татагдсан кибчаг, орос, асуд цэргийн мянгат, түмтүүд ч орж байлаа. Туг-Төмөр ханы үед буюу 1330-аад оны үед Бээжинд хааны ордныг сахих орос цэргийн тусгай түмт байрлаж байсан байна. Алтан ордны улсын дотоодын цэргийн бүрэлдэхүүнд ч хятад, арабын мэргэжилтэн, инженерийн болон их бууч цэргийн нэгжүүд алба хашиж байжээ.
Алтан ордны хангуудаас үйл ажиллагаагаараа товойн нэрд гарсан нь Зүчи (1206-1227), Бат (1227-1256), Бэрх (1257-1266), Мөнх-Төмөр (1266-1280), Тудамөнх (1280-1287), Тулабуга (1287-1291), Тохта (1291-1312), Узбек (1312-1342), Жанибек (1342-1357), Үлэг Мухаммед (1419-1432), Ахмед (1460-1481) хан нар бөгөөд тэдний үед Алтан ордны улсын монгол цэрэг байлдах, дайлах арга ухаанаараа давуу байдлаа хадгалсаар байжээ.
Гэвч Алтан ордны улсын дотор 1359 оноос Бердибек ханы дараагаас эхлэн хан ширээний төлөөх тэмцэл, хямрал тасралтгүй үргэлжлэн гарах болж, Монгол ноёдын нэгэн бүлгээс нөгөөгийн гарт хан ширээ шилжин дамжиж болсон бөгөөд зарим үед хан угсааны бус ноёдын гарт ч ордог байжээ. Жишээлбэл, Тулабуга ханы үед засгийн эрхийг Ногай ноён гартаа авч дотоод, гадаад бодлогыг өөрийн дур зоргоор хөтлөн явуулж байжээ. Алдарт Мамай ч хан ширээнд хууль бусаар санаархагч байв. Энэ нь Монгол цэргийн нэгдсэн хүчийг алдагдуулан тарамдуулах болсон тул Алтан ордны улсын цэрэгт түрэг, татаар, кибчаг болон бусад үндэстний цэргийн нөлөө ихсэх болсон байна. Үүн дотроос Булгар, Кибчаг цэргийн бүтэц зохион байгуулалт өөрийн гэсэн онцлогтой байжээ. Эдгээр цэргийн эзлэх хувь цэргийн бүтцэд нилээд өндөр хувийг эзлэж байсан юм.
§ 6. АЛТАН ОРДНЫ УЛСЫН БҮРЭЛДЭХҮҮН ДАХЬ БУСАД ҮНДЭСТНИЙ ЦЭРГИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Алтан ордны улсын бүрэлдэхүүн дахь эртний Булгар цэргийн бүтэц, зохион байгуулалтын талаар түүхийн баримт судалгаа ховор байдаг бөгөөд тэр бүү хэл нийгмийн байгуулалтынх нь талаарх баримтууд тодорхой бус, маш бага хэмжээгээр судлагдсан байдаг. Зөвхөн судалгааны хүрээнд Зөвлөлтийн үеийн судлаач И.Л.Измайлов, В.Д.Димитриев, К.И.Козлова, Б.Д.Греков, В.Ф.Каховский нарын бүтээлүүдийг тулгуур болгож ашигласан бөгөөд энэ талын судалгааг цаашид гүнзгийрүүлэн хийх нь зүйтэй юм.
Ижлийн Булгарын цэргийн байгуулалтын тухай анхны мэдээг Х зууны үед Булгарт айлчлан очсон Багдадын халифатын элч Ибн Фадланаанх тэмдэглэж үлдээсэн байдаг. Тухайн үед Булгарын овог аймгуудыг нэгтгэн Алмыш гэдэг язгууртан удирддаг, түүний цол нь “Эльтебер” гэдэг байжээ. Булгар засаг захиргаа, цэргийн нэгдмэл бүтэц, зохион байгуулалтай байсан бөгөөд ноёд нь оросуудын “Дружинна”-тай адил төстэй шадар цэрэгтэй, тэднийхээ дэмжлэгээр улс аймгаа удирддаг байжээ. “Дружинник”-ууд нь өөрсдийн эзэн ван болон газар нутаг мөн холбоотон хөрш улсуудаа хамгаалдаг байжээ.
X-XI зууны Булгарын цэрэгт барсил, эсгилей (чигилей), сувар, баранжар, мажар, (мажгардов-бажгардов), огуз, печенег зэрэг овог аймгийн цэрэг алба хашиж байжээ.
Монголчуудын довтолгооноос өмнөхөн, XII-XIII зууны үед булгар цэргийн бүтцэд нэлээд өөрчлөлт орж, цэргийг овгийн ноёд бус “Эмир”-үүд захирах болж, удирдлага нь шаталсан тогтолцооны хэлбэрт шилжсэн байна. Тухайлбал, булгар цэрэг нь нэгд, эмирийн өөрийнх нь цэрэг; хоёрт, “Хашам” буюу овог аймгийн дээдэс, ноёд, тэдний шадар цэрэг (оросууд “Личная гвардия” гэсэн буй); гуравт, орон нутгийн “Беки” хэмээх ноёд, тэдний шадар цэрэг (“Дружина”) болон “Чирмеш” гэж нэрлэж асан дайчилгааны цэрэг; дөрөвт, мордов, кипчаг болон бусад улс аймгаас ирсэн хөлсний цэрэг; тавд, кибчаг зэрэг холбоотноос ирсэн туслах цэрэг болон хилийн харуулын цэрэг тус тус бүрдэж байв. Мөн Йори (Чури) гэж нэрлэсэн байдаг, европын рыцарь цэргийн маягийн хүнд зэвсэгт морьт цэргийн бие багууд ч үүсэн байгуулагдсан байжээ. Монголын нөлөөнд байх үед энэ бүтэц үндсэндээ үгүй болж, монгол цэргийн аравтын тогтолцоогоор зохион байгуулагдах болсон байна.

Булгар цэргийн бүтэц
XIII зуунд Булгарчууд Монголчуудын нөлөөнд орсноор дээрх цэргийн бүиэц зохион байгуулалт үгүй болж Монгол цэргийн аравтын зохион байгуулалтад шингэн уусч үгүй болсон юм.
Кибчагууд эртнээс дайнч, нүүдэлчин ард түмэн байжээ. Гэхдээ цэргийн байгуулалт нь тийм ч өндөр хөгжилтэй байсангүй. Кибчагуудад мэргэжлийн арми гэж байгаагүй бөгөөд зэвсэг барих чадалтай бүхэн цэрэгт тооцогдож байжээ. Византийн түүхчдийн бичиж үлдээснээр кибчаг дайчид нум сум, жад, хотгор илд, төмөр ялтсан хуяг, дуулгаар иж бүрэн зэвсэглэсэн бөгөөд хүнд болон хөнгөн морьт цэрэгтэй байсан байна. Байнгын мэргэжлийн арми байгаагүй нь тэдний хувьд сул тал нь байсан юм. Кибчагууд 10-12 хүн нэг бүлэг дайчид болон тагнуул туршуул эргүүлд гарч хилийн хамгаалалтад явдаг байжээ.
Тэд 1116-1236 он хүртэлх 129 жилийн дотор л гэхэд Орос руу 5 удаа томоохон дайн хийж, Оросын вангуудын хоорондын байлдаан тулалдаанд аль нэгнийх нь холбоотон хэлбэрээр 16 удаа оролцжээ.
Оросын судлаачдын бичсэнийг үзвэл кибчагууд цэргээ байлдааны журамд оруулахдаа тэргүүн анги-баруун гар-зүүн гар-хүнд морьт цэрэг хэмээх дөрвөн үндсэн хэсэгт хуваадаг байсан нь эртний евразийн нүүдэлчдийн нийтлэг жишиг гэж үзэж болно. Кибчагууд морин тэрэг их ашиглаж ачаа бараа зөөдөг байсан бөгөөд шаардлагатай үед тэргээ тойруулан хамгаалалтын хэрэм хана үүсгэн тулалддаг байжээ.
Кибчагийн Котян хан 1239 онд өөрийн 40 хүний (40 мянган өрх, цэрэг, аль нь болох нь тодорхой янз бүрээр бичдэг) хамт Мажарт очиж байснаас үзэхэд тухайн үедээ нэлээд хүчирхэг байсан нь харагдаж байгаа юм. Кибчаг цэрэг Монгол цэрэг шиг аравтын зохион байгуулалттай байсан гэж зарим сурвалжид өгүүлдэг. Ер нь аравтын бүтэц зохион байгуулалт нь төв азийн нүүдэлчдийн дундаас үүссэн гэж үзэх эрдэмтэд ч байдаг.
Кибчаг цэргүүд Алтан ордны улсын бүрэлдэхүүнд орсны дараа дээрх бүтэц нь алдагдаж монгол цэргийн аравтын зохион байгуулалтад орсон байна. Юань гүрэнд “Кибчаг цэргийн мянгат”-ууд алба хааж байсан бөгөөд Хубилай, Аригбөх, Хайду нарын тэмцэлд ч кибчаг цэрэг дайчлагдан оролцож явжээ.
Алан (Асуд)-ууд скиф-сармат гаралтай нүүдэлчин ард түмэн юм. Нийтийн тооллын эхэн үеэр Готын хараат байхад нь өрнө зүгт нүүдэллэн очсон Хүннү нар готуудыг бут цохиход Хүннүгийн захиргаанд оржээ. Хүннүгийн эзэнт улс задрахад тусгаар тогтнож, Кавказын хойд талд нутаглан суусан аланчууд эр зоригтой, цэргийн өндөр ур чадвартай, Ромын үеэс эхлэн дундад зууны үед ч хүчирхэг улс байв.
Аланчууд шаардлагатай үед овгийн ахлагчийнхаа удирдлага дор нэгдэх юмуу бусад овогтой хамтран тулалддаг байсан ба алан цэрэг урт шулуун илд, жад, сүх, чинжаал болон нум сум хэрэглэж байжээ. Зонхилох нь хөнгөн морьт цэрэг байсан бөгөөд уулын жимээр жижиг бүлгээр довтолгоон үйлдэхдээ гарамгай, мөн уулын ард түмэн тул уул хад, уулын орой дээрх хэрэм цайзыг байлдан авах, хориглох арвин их туршлагатай ард түмэн байв. Цэргийн бүтэц зохион байгуулалтын хувьд аравтын системтэй байсан эсэх нь тодорхой бус байдаг.
XIII зуунд Аланчууд Мөнх-Төмөр ханы үед Алтан ордны улсын захиргаанд бүрэн орсон ба Кибчагийн аянд Аланчуудын нэгэн омгийн хан хүү Атачи-гийн удирдсан мянгат оролцсон гэх ба Эл хант улстай Бэрх ханыг дайтаж эхлэх үед зарим аланууд идэвхтэй оролцон тусалж байжээ. Хятадын Сүн улсыг байлдан дагуулах үед ч мөн цэрэг нийлүүлж байсан ба Хубилай ханы хишигтэн цэргийн бүрэлдэхүүнд оролцож, алан цэргийн түмт Бээжингийн дэргэд тусгай үүрэг гүйцэтгэж байв. Юань улс мөхөх үед алан цэрэг ч мөн ухран гарч Монголд очин суурьшжээ. Монгол руу олноор очиж суурьшсан аланчууд өнөөгийн БНХАУ-ын Өвөр-Монголын өөртөө засах орны Асуд овгийн өвөг бөгөөд харин нутагтаа үлдэгсдийнх нь удам одоогийн Осетууд юм.
§ 7. ОРОС ЦЭРГИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Орос орон XIII зууны эхэн үе хүртэл нэгдсэн удирдлагагүй байсан бөгөөд бие даасан олон жижиг вант улсад хуваагдмал байдалтай оршиж байжээ. Вант улс бүр бие даасан цэргийн жижиг байгуулалтай байсан юм.
Орос цэрэгт бусад үндэстэн угсаатны төлөөл болсон хөлсний цэрэг цөөн бус байдаг байв. Викингүүд анхлан хөлсний цэрэг болж Оросын вангуудад алба хааж байсан бөгөөд хожим нь мажар, кибчаг, булгар, слав гаралтай ард түмэн, финн, герман үндэстнүүд ч алба хашиж байлаа. Байнгын арми гэх ойлголт байхгүй байсан бөгөөд цэргийн зохион байгуулалт нь тийм ч сайн бус гагцхүү онц шаардлагатай нөхцөлд цэрэг татлага явуулдаг байжээ.
Австрийн зохиолч Гюнтер Штөклийн судалгаагаар Киевийн үеийн Оросын вангуудын цэрэг нь ихээхэн ялгаатай хоёр хэсгээс бүрдэж байжээ. Үүнд нэг нь вангийн шадар нөхөд, нөгөө нь дайчилгаагаар бүрдүүлдэг “Журамт цэрэг (Ополчение)” болно.
Вангуудын цэргийн гол хүч нь “Дружина” хэмээх цэрэг байв. Энэ цэрэг нь дотроо “Ахлах” (старейшая дружина,) мөн “Бага” (младшая дружина) гэх ялгаатай. Ахлах дружина-д нь ван, бояр ноёдын зэрэг зиндаатай хүмүүс багтдаг байсан бөгөөд тэд сэнгүн (воевода), мянгатын ноён (тысяцкий) гэх мэт цэрэг, иргэний дээд тушаалтан байж, вандаа зөвлөх эрхтэй байдаг байв. Харин “Бага дружина (нөхөр-цэрэг)” нь доод тушаалын хүмүүс байсан бөгөөд вангийн орд өргөө ордны дэргэд байж ванд үйлчлэх, хамгаалах зэрэг үүрэг гүйцэтгэдэг байсан байна. Журамт цэрэг нь вангийн шууд захиргаанд байгаагүй, харин эртний орос ноёдын чуулган болох “Вече”-гийн шийдвэрээр дайчлагдан, онцгой үед вангийн захиргаанд ордог. Энэ цэргийг “Тысяцкий” хэмээх мянганы ноён захирдаг байсан ба түүнийг ван томилдог байжээ. Гэхдээ эдгээр нь мэргэжлийн цэрэг гэхээсээ илүүтэйгээр сайн дурын цэргийн шинжтэй байсан юм.
Цэргийн ийм хоёрдмол зохион байгуулалт дор дурдсан учиртай байв. Үүнд: вангууд гадагш халдан довтлохдоо өөрсдийн шадар нөхдийн хүчээр хийхийг чухалчилж ард олны дотроос сайн дурыхныг авч хүчээ зузаатгадаг байсан бол журамт цэргийг гаднаас аюул заналхийлэх үед улс орноо хамгаалахад хэрэглэдэг байжээ. Оросын вангууд тийнхүү аян дайн хийхдээ дружинникүүдээсээ гадна бас хөлсний цэрэг элсүүлж авч явдаг, түүнийгээ “Вой” гэж нэрлэдэг байжээ.
Монголын үед (XIII-XIV зууныг олон улсын түүхчид “Монголын үе” гэдэг) бас вангийн албанд хөлсөөр зүтгэж, хөлсөндөө тодорхой газар авч өмчлөн эзэмшигч “Вотчинник” хэмээх бояр ноёд олноор буй болжээ.
Г.В.Вернадскийн судалгаагаар Киевийн арми ноёны “Дружинник” ба “Тысяцкий” хэмээх ноёноор толгойлуулсан хотын дайчилгааны буюу журамт цэрэг гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байсан байна. Тэр үед хөдөөгийн хүн ам нь цэрэгт дайчлагддаггүй, ямар нэгэн байлдааны ажиллагаанд оролцдоггүй байжээ. Харин энэ байдал нь Алтан ордны улс байгуулагдсаны дараа өөрчлөгдөж бүх нийтийн цэрэг татлагын дагуу хөдөөгийн хүн ам ч цэрэгт хамрагдах болсон. Мөн монголчууд “Вече”-гийн эрх мэдлийг хязгаарлаж, хотын дайчилгааны журамт цэрэг цуглуулах тогтолцоог үгүй хийснээр, хуучны “Тысяцкий (мянгатын ноён)” нар ажилгүй болж, улмаар энэ албан тушаал бүр үгүй болсон байна.Үүний оронд “окольничий” хэмээх шинэ бүтэц бий болжээ. Гол үүрэг нь цэрэг дайны хэрэгт их амбаны гол туслагч болох юм.
Г.В. Вернадский бас Киевийн үед журамт цэрэг хоёр хэсгээс бүрдэж байсан ба ахлах журамт цэргүүд тайж нарын ангийн үндсийг бүрдүүлж, дараах шатныхан нь “грид” (норвег хэлний “гэр” гэсэн үг) хэмээн нэрлэгдэж байсан гэжээ.
XV зууны сүүл, XVI зууны үед монгол цэргийн бүтцээс жишиг болгон Москвагийн цэргийг 5 том хэсэг болгон хуваажээ. Тэдгээр нэгтгэлийг Оросоор “Полк” (хороо) гэж нэрлэж, дотор нь төвийн, баруун, зүүн полк гэх мэтээр нэрлэж байв. Тус вант улсын арми төвийн, баруун, зүүн гарын хороо, тэргүүн манлай хороо, харуулын хороо гэсэн 5 хороотой байжээ.

Киевийн Русийн цэргийн бүтэц
Аливаа томоохон хэмжээний аян дайн үүссэн нөхцөлд нэмэлт хүч болгон хавсруулах зорилгоор Оросын вант улсуудаас Алтан ордны улсын ханы зарилгаар цэрэг татдаг байжээ. Энэ бол заавал биелүүлэх үүрэг байсан юм. Алтан ордны улсын ханы шаардсан цагт цэрэг татлагыг үг дуугүй биелүүлэх үүргийг Оросын вангууд хүлээж байжээ. Монголын армид хүч хавсарсан орос цэрэг Монголын цэргийн стратеги, тактикт захирагдаж байсан бөгөөд Оросын ван, ноёд, жанжид Монгол цэргийн жанжинд туслах чанартай үүрэгтэй байсан байна. Харин бусад үед Монгол цэргийн байнгын бүтэц бүрэлдэхүүнд орос цэрэг багтаж байгаагүй өөрийн харьяа нутагтаа сууж байжээ.
Алтан ордны улсын хэмжээнд цэрэг татлага жил бүр биш ч гэсэн шаардлагатай үед ханы тогтоосон цаг хугацаанд явагдаж байлаа. Үүндээ хөдөөгийн хүн амыг бүхэлд нь хамруулсан бөгөөд Оросын цэрэг татлагын тогтолцоог үндсэнд нь өөрчилсөн байна. Цэрэг татлагын энэ тогтолцоо Алтан ордны улсын зарим хангуудын үед үгүй болж, зарим үед буцаан сэргээгдэж байлаа. Тохтамыш ханы үед түүний цэрэг, армийн ихэнх хэсгийг байнгын орос цэрэг бүрдүүлж байсан гэж зарим судлаач тооцоолон гаргажээ.
“Доны” Дмитрий Куликийн тулалдаанд бэлтгэх үедээ, мөн түүний хүү Москвагийн ван I Василий Доголон Төмөрийн довтолгооноос хамгаалах бэлтгэл хийхдээ бүх нийтийн цэрэг татлага явуулсан байна. Үүнээс хойш ч бүх нийтийн цэрэг татлагыг хэд хэдэн удаа явуулж байжээ. Алтан ордны явуулсан аян дайны ихэнхэд, тухайлбал Европ руу довтлон ороход, Эл хангуудын эсрэг явуулсан аян дайн, доголон Төмөрийн эсрэг хийсэн дайн, Мөнх-Төмөр ханы 1277-1278 онд уулын аланчуудын эсрэг хийсэн дайнд орос цэрэг оролцсон байна.
Алтан ордны улс Юань гүрэнд олон алба төлж үүрэг хүлээж байсны нэг нь цэргийн алба юм. Юань гүрний эзэн хааны шаардсан үед цэргийн хүч илгээх бүрэн боломжтой байсан бөгөөд энэ Монголын эзэнт гүрний үеэс уламжлагдан ирсэн тогтолцоо билээ. Их хаан Мөнхийн зарлигаар Бат хан исламын ертөнцөд явуулсан аян дайны үед цэрэг гарган өгч байжээ. XIII зууны хоёрдугаар хагаст өмнөд хятадыг байлдан дагуулах Хубилайн цэрэгт орос цэргийн отрядууд татагдан оролцсон юм. Энэ үүрэг Алтан ордны улсын дараа дараагийн хангуудын үед ч уламжлал болон хадгалагдсан.
1260-аад оны дунд үеэс Хубилай хааны үедДаду (Бээжин) хотоос хойших газар нутагт 10,000 хүнтэй орос цэргийн харуул ажиллуулж байсан юм. Алтан Ордны улс дайны тулалдаанаар олзлогдсон хүмүүс болон татварын өрийн оронд ирсэн орос хүмүүсийг Юань улс руу явуулж, цэргийн албанд зүтгүүлж байжээ. Тэдгээр цэргүүдийн үүрэг бол хааны амь нас болоод хааны ордныг сахин хамгаалах үүрэгтэй торгон цэргүүд байжээ. Азийн улс орнуудын эзэн хаадын дэргэд байсан “тайган”-чуудын гүйцэтгэж байсан үүрэгтэй ойролцоо, Чингис хааны үед байсан “хэвтүүлийн” болоод шадар хишигтэн цэрэгтэй ижил байсан гэж үзэж болно. Энэ үүрэг Өлзийт Төмөр хаан болон Буянт цэцэн хааны үед үргэлжилсэн юм.
Юань гүрний Өлзийт Төмөр хааны үед 10,000 гаруй орос цэрэгт 6700 акр газар өгч хүнсийг нь өөрсдөөр нь бэлдүүлэх зорилгоор тариа тариулж байлаа. Энэ нь Юань гүрний эдийн засагт дарамт учруулахгүйгээр өөрсдөөр хүнсийг нь бэлтгүүлж байсан сонирхолтой баримт юм. Орос цэрэг хятад газар байсан тухай олон баримтыг судлаачид гаргаж ирсэн байдаг. Оросын эрдэмтэн Г.В.Вернадский энэ талаар …. цэрэгт татагдсан олон тооны орос цэргүүдийг үе, үе Хятад руу илгээдэг авч тэдний нэгээхэн хэсгийг орон нутгийн хэрэгцээнд үлдээдэг байжээ. Мөн 1267 онд өмнөд Хятад руу хийсэн Хубилайн аян дайнд Перс болон Оросоос татагдсан цэргүүд оролцож байжээ… хэмээн өгүүлжээ.
Оросын тусгай нэгтгэл буюу түмт /тьма/ Юань гүрэнд 1330 онд байгуулагджээ. “Юань улсын түүх”-д бичсэнээр командлагч нь (оросоор, темник) “Үнэнч зарлан дуудагчийн (энд нэрийг нь хэлнэ) амьдралыг хамгаалагч –арван мянгатын нэгтгэлийн ахмад” хэмээх цол авч байжээ. Эзэн хааны зэрэг дэвийн дагуу гуравдугаар төвшин бөгөөд төрийн нууц зөвлөлд харьяалагдаж Бээжингээс хойш газар олгосон байна. Оросуудыг гутал хувцас, үхэр, хөдөө аж ахуйн багаж зэвсэг болон будаа тариагаар хангана. Тэдгээр нь өөрийн байрлаж буй ангийнхаа нутаг дэвсгэрийн ой, гол, нуураас эзэн хааны хоол хүнсэнд хэрэглэх янз бүрийн шувуу, загас агнаж нийлүүлэх ёстой байжээ. 1331 он гэхэд 6000 гаруй Орос цэргийг шинээр Юань гүрэнд татсан байна. Эдгээр цэргүүд нь бусад цэрэг ангиудтай харьцуулшгүй давуу эрх дархтай “үүрдийн үүрд байх орос торгон цэрэг” байсан юм.
Орос түмтийг захирагч нь 1331 онд Үнэн зарлан дуудагчийн хэмээх хэргэмтэйгээ “Амьдралыг хамгаалагч-Орос цэргийн командлагч” гэж нэрлэж байв. Тэрээр мөн албан тушаалын мөнгөн тамга хэрэглэх эрхтэй болжээ. Ахмад хэмээх хэргэмийг өөрчилсөн нь тодорхой бус бөгөөд орос цэргийн бүрэлдэхүүн тооны хувьд багасаж түм хүрэхгүй болсонтой холбоотой байж магадгүй, эсхүл орос түмэн томорч нэг түмээс ч илүү олон болсон байх магадлалтай. Тэр жилийн мэдээгээр шинээр 600 орос цэрэг шинээр татагдан иржээ.
Юань гүрний жанжин Баян 1339 онд “Амьдралыг хамгаалагч – орос цэргийн командлагчаар томилогдож байсан бөгөөд зарим үед орос хүн командлагч болох тохиолдол байжээ.
Мөн орос болон алан, кибчаг, цэргүүд Хятадын Ляоян муж буюу Солонгосын хил дээр алба хааж байжээ. Тэдгээр Оросууд байнгын оршин суугчид болж 1339 оныг хүртэл амьдарч байсан хэмээн хятадын албан ёсны түүхэнд тэмдэглэсэн нь буй. Монголын засаг захиргаа Оросоос цэрэг албан ёсоор татахаас гадна олзны боол Оросуудыг үе үе аваачиж суурьшуулдаг байсан байна. Энэ талаар XIX зуунд доктор Э.В.Бретшнейдерийн бичсэн өгүүллэгээс харж болно.
Сатун(Эль-Төмөрийн дүү) эзэн хаанд 16 орос гэр бүлийг бэлэглэж оронд нь хариу бэлэг болгон 107 мөнгөн ингот ба 5000 тинге цаасан мөнгөөр авч байсан байна. Энэ тохиолдолд оросуудыг хонь болон бэлчээрээр хангадаг байжээ. 1332 онд Жонон Чан-ки (Цагаадайн улсын жонон Джинши байх) Юань гүрний эзэн хаанд 170 орос олзлогсод бэлэглэж, үүнийхээ төлөө 72 мөнгөн ингот ба 5000 тинге цаасан мөнгөөр авсан байдаг.
Эль-Төмөр ван өөрийн биеэр их хаанд 2500 орчим орос олзлогсод бэлэглэж байжээ. Энэ бол 1327-1328 оны хооронд монголчууд болон москвагийн ванлиг хамтран тверийн ванлигийн эсрэг явуулсан залхаан цээрлүүлэх ажиллагааны үеэр олзлогдсон Оросууд байх тун их магадлалтай гэж үздэг.
Оросуудаас гадна кибчаг болон дээр дурдсан алан буюу асуд нар Юань гүрэнд цэргийн алба хааж байжээ. 1281-1328 оны үед кибчаг цэргүүд баруун зүүн харуулын үүргийг гүйцэтгэж байсан баримт бий. Мөн 1328 оны үед 10,000 орчим кибчаг цэргүүд гэр бүлийн хамтаар Бээжингийн баруун хойд хэсэгт журам сахиулах цагдаа, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ.
Дайчилгаанд хамрагдан Хятад руу очиж тэндээ суурьшин суухад хүрсэн хүмүүсээс эргэж Оростоо ирэх боломж бараг байхгүй байжээ. Ихэнх нь тэндээ үлдсэн байна. Юань гүрэн мөхсөний дараагаар тэнд байсан орос цэргийн түмтийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн бөгөөд энэ талаар цаашид судлах нь зүйтэй бизээ. Монголчуудаар дамжин оросууд хятад гэдэг орон байдгийг мэдэж, дорныхон өрнөдийн улс орны тухай зөв мэдээлэлтэй болж дараа дараагийн хөгжилд нь томоохон хувь нэмэр болсон юм.
Мөн Алтан ордны улс өөрийн холбоотон байсан Египетийн мамлюкуудад кибчак болон орос боол, мөн цэргүүдийг илгээж байсан бөгөөд тэдний дотроос нэг орос цэрэг дэвшин Египетийн эмир болсон түүхтэй бөгөөд түүнийг дорнын эх сурвалжуудад орос Бейбуга хэмээн нэрийдсэннь байна. Ийнхүү Орос цэрэг Алтан ордны улсын цэрэгт алба хаахын зэрэгцээ бусад холбоотон улсуудын цэрэгт ч гэсэн алба хааж байсан байна.
XV зууны үед Оросын IV Иван хаан (догшин) цэргийн шинэчлэл хийхдээ монгол цэргийн жишгийг баримталж, армийнхаа бүрэлдэхүүнд хуучин Алтан ордны улсын бүрэлдэхүүнд байсан улсуудын цэргийн ангиудыг оруулж ашиглаж байжээ. Энэ нь цаашдаа Орос цэргийн байнгын арми үүсэх нөхцөл бололцоог хангаж өгсөн юм. Оросууд Алтан ордны улсын цэргийн бүрэлдэхүүнд байж үүний үр дүнд бүтэц зохион байгуулалт, зэр зэвсэг, дайтах урлаг, зэр зэвсэг дархлах гээд ялангуяа морьт цэрэгт ихээхэн анхаарал хандуулж түүнийг хөгжүүлсэн нь дэлхийн хоёр ч дайнд морьт цэргийн хүчээр амжилт олох эх үндэс нь болжээ. Хамгийн энгийн жишээ гэвэл Монгол цэргүүд дайралтад орохдоо “уухай” хэмээн өөрсдийгөө зоригжуулан хашгирдаг энэ үгийг оросууд “Урра” болгон өвлөн авснаас харж болно.
Үргэлжлэл бий…
