Т.СҮХБААТАР
“МОНГОЛЫН АЛТАН ОРДНЫ УЛСЫН ЦЭРГИЙН ТҮҮХ”
![]()
Энэхүү бүтээлийг эрхэм хүндэт дотно нөхөр, ангийн анд найз, түүхийн ухааны доктор, профессор, дэд хурандаа, Нирун овогт Ванчингийн Дашпунцаг (1978-2017) агсныхаа гэгээн дурсгалд зориулав.
ӨМНӨТГӨЛ
Уншигч та бүхний өмнө түүхийн ухааны доктор Цэцэн Сартуул Шүлэгч Тогмидын Сүхбаатарын “Монголын Алтан ордны улсын цэргийн түүх” ном хэвлэгдэж очоод байна.
Энэхүү ном бол залуу судлаач Т.Сүхбаатарын хоёрдахь бүтээл бөгөөд Алтан ордны улсын түүхийн судалгаагаар Монголд хэвлэгдсэн хоёр дахь, Алтан ордны улсын цэргийн түүхээр гарч буй анхны бүтээл болно.
Монголын эзэнт гүрний баруун жигүүр болох түүхэнд Алтан ордны улс хэмээн алдаршсан Зүчийн улс нь евразийн орон зайд өөрийн нөлөөгөө тогтоон 300 жил оршин тогтнохдоо өөрийн гэсэн аугаа их соёлын ул мөрийг үлдээжээ. Өнөөгийн Оросын орны хүчирхэг нэгдмэл байх эх үндсийг Зүчийн улсын үед л бий болгосон гэдэгтэй судлаачид санал нэг байдаг.
Монголчуудын вассал байх үед л Орос үндэстэн нэгэн нэгдмэл улс болж төлөвшин, Зүчийн улсаас аж ахуй, соёл, эдийн засаг, засаг захиргаа, төрийн бүтэц зохион байгуулалт, цэргийн урлаг, зэвсэглэл, цэргийн бүтэц зохион байгуулалт зэрэг маш зүйлсийг өвлөн авч өөрийн болгожээ.
Т.Сүхбаатарын Алтан ордны улсын цэргийн түүх бүтээл бол дан ганц цэрэг дайны түүхийг өгүүлээд зогсохгүй Зүчийн улсын үүсэл хөгжил, нэршил, засаг захиргааны зохион байгуулалт, төрийн бүтэц, аж ахуй соёл, шашин шүтлэг, соёл иргэншлийг бүгдийг судлан гаргасан анхны бүтээл болсон гэж үзэж байна.
Монголд Алтан ордны улсын түүхийн судалгаа өнөөдөр дөнгөж эхлэлийн шатандаа явж байна. Энэ талаар дагнан судалдаг судлаач гэвэл Т.Сүхбаатараас өөр хараахан үгүй байна. Т.Сүхбаатарын энэ бүтээл нь цаашид Алтан ордны улсын түүхийн судалгаанд томоохон хувь нэмэр оруулах бөгөөд шинжлэх ухаанд оруулж буй ач холбогдол нь ч нэн өндөр юм.
Цаашид энэ Алтан ордны улсын түүхээр дэлгэрэнгүй судалгаа явуулахаар залуу судлаач маань төлөвлөж байгаа бөгөөд тус улсын түүхийг аж ахуй, соёл иргэншил, шашин, худалдаа, эдийн засаг гэх зэргээр цуврал судалгааны бүтээл гаргаж байгаагийн эхлэл юм. Эдгээр нь Алтан ордны улсын түүхийн судалгааны нэгэн цуврал бүтээл болж нийтийн хүртээл болно.
Уг бүтээл нь докторын зэрэг хамгаалах ажлын хүрээнд бүтээгдсэн бөгөөд хамгаалуулах зөвлөлөөс тавьдаг шаардлагын дагуу хязгаарлагдмал хүрээнд бичигдсэн гэдгийг уншигч та бүхэн ойлгоно биз ээ.
Түүхийн ухааны доктор Ж.Базарсүрэн
МОНГОЛЫН АЛТАН ОРДНЫ УЛСЫН ТҮҮХИЙН СУДАЛГАА
Монголын эзэнт гүрний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох Зүчийн буюу “Алтан ордны улс” хэмээх улсын түүх олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байж, эрдэм судлалын олон тооны бүтээл туурвигдсаар иржээ.
Монгол Улсад анх 1954 онд хэвлэгдсэн “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх”-ийн нэгэн ботид “Алтан ордны улс”-ын талаар цухас боловч дурдсан нь энэ сэдвээр манайд гарсан албан ёсны түүхийн эхлэл болсон бөгөөд 1966-1969 онд хэвлэгдсэн “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх”-ийн гурван ботийн III ангийн дөрөвдүгээр бүлэгт “Алтан ордны улс” гэсэн тусгай зүйл оруулж, тав, зургаадугаар бүлэгт уул сэдэвтэй холбоотой асуудлуудыг мөн товч тусгажээ. Гэвч тэр бүхэнд гагцхүү Марксист-Ленинист үзэл суртлын үүднээс хандсан, тухайн үед Алтан ордны улсын түүхийг тусгайлан судлах мэргэжлийн түүхчид дутмаг байсан зэрэг нь өнөөгийн өнцгөөс харахад учир дутагдалтай дүгнэлтүүдийг хийхэд хүргэжээ.
Монголын нийгэмд 1990-ээд оноос гарсан өөрчлөлт, ардчилсан хувьсгалын нөлөөгөөр түүх бичлэгт ч аливаа үзэл суртлаас ангид орших шинэ үе эхэлж, урьд өмнө хязгаарлагдмал байсан сэдвүүдээр шинжилгээ, судалгааны ажил хийгдэх болж, олон тооны бүтээл, туурвил гарах болсон билээ.
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс (хуучнаар “Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэн”) эртний монгол цэргийн түүхийн судалгааг 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхнээс албан ёсоор эхлүүлж, 1996 онд “Монгол цэргийн түүхийн товчоон” хэмээх хоёр ботийг хэвлүүлжээ. Түүнд Зүчийн буюу “Алтан ордны” улсын цэргийн байгуулалтын тухай тусгайлсан бүлэг, зүйл байхгүй ч “Чингис хаан, түүний залгамжлагчдын аян дайн”-ыг бодитойгоор үнэлж цэгнэхдээ “Алтан ордны улс”-ын аян дайны талаар тусгай зүйлийг оруулсан нь шинэлэг зүйл байв.
“Төрт ёс, хаадын сан” төрийн бус байгууллагаас 1999-2000 онд “Монгол хаад” цуврал бүтээлүүдийг хэвлүүлсний дотор доктор С.Товуудорж “Зүчи хаан”, доктор Д.Цахилгаан, С.Лочин нар “Бат хан”, “Алтан ордны хаад” хэмээх хоёр бүлэг бүхий томоохон бүтээлийг туурвижээ. Гэхдээ эдгээр нь судалгааны зохиол гэхээсээ илүүтэй “Нийтлэл”-ийн хэлбэр давамгайлсан бүтээлүүд болжээ.
Монгол Улсын Шинжлэх ухааны академиас 2003 онд эрхлэн гаргасан “Монгол Улсын Түүх”-ийн таван ботид Алтан ордны улсын талаар урьд өмнөхөөс илүүтэй дэлгэрэнгүй тусгаж шинэчилсэн дүгнэлт хийжээ. Гэвч цэргийн түүхийн талаар бага тусгасан байна.
Доктор Ч.Чойсамба агсан 2003 онд “Бат хааны байлдан дагуулалт” хэмээх бүтээл хэвлүүлсэн бөгөөд тэр нь Бат хан гэж хэн байсан, түүний хийсэн аян дайнууд, тухайлбал Монгол, Орос цэрэг анх нүүр тулсан Калка голын байлдаанаас эхлээд Бат ханы удирдлагаар орос, европын олон хот цайзыг дайлсан аяны тухай өгүүлж, орос төвтэй үзлээс ангид, бодитой үнэлэлт, дүгнэлт хийхийг оролдсон, түүхийн судалгааны бус нийтлэлийн шинэлэг туурвил болсон байна.
Их Монгол Улсын 800 жилийн ойд зориулж ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс 2006 онд Монголын эзэнт гүрний түүхийн таван боть номыг хэвлүүлж гаргасны нэг нь доктор С.Цолмонгийн бичсэн “Монголын Алтан ордон улс” хэмээх нэгэн сэдэвт бүтээл байв. Уг бүтээл нь энэ сэдвээр туурвисан нэгэн сэдэвт анхдагч бүтээл болсон юм. Түүнд Бат ханы аян дайнаас эхлээд Алтан ордны улсаас эзэнт гүрний бусад улс болон Орос, гадаад орнуудтай харилцаж байсан түүх, эдийн засаг, худалдаа, зам харилцаа, хотуудын хөгжил болон Алтан ордны улсын мөхөл, түүнээс орос орны хөгжилд үзүүлсэн нөлөөллийн талаар тодорхой өгүүлж, Алтан ордны улсын түүхийн судалгааны хүрээн дэх “Орос төвтэй үзэл”-д шүүмжлэлтэй хандаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийжээ. Мөн 2008 онд академич Ш.Бира Алтан ордны улсын соёлын тухай өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна.
БХЯ-ны Шинжлэх ухаан-технологийн зөвлөлийн захиалгаар 2010-2012 онд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төв (судалгааны ажлын удирдагч Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн профессор, доктор (Sc.D) Х.Шагдар, гүйцэтгэгч Г.Ариунболд) “Алтан ордны цэрэг” сэдвээр судалгааны ажил гүйцэтгэсэн нь монгол цэргийн түүхийн салбар дахь энэ чиглэлийн судалгааны ажлын эхлэл болсон билээ. Түүнээс гадна профессор, доктор Х.Шагдар “Энэ дэлхийд эгнэшгүй эцэг, хүү гурван жанжин: Сүбээдэй, Урианхадай, Ачу” бүтээлдээ кибчагийн тал, Булгар, Орос, Европт Сүбээдэй баатрын хийсэн аян дайны талаар өгүүлж үнэлэлт, дүгнэлт өгсөн байна. Мөн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн профессор, доктор Ж.Базарсүрэн “Калка голын тулалдаан”, “Мартагдсан ялалт буюу Ворскла голын тулалдаан”, “Их Монгол Улсын цэргийн агсамж”, “Кибчагчин аян хийгээд Легница-гийн тулалдааны учир холбогдлын тухайд” зэрэг Зүчийн (Алтан ордны) улсын цэрэг, дайны түүх, зэр зэвсэгтэй холбоотой сэдвээр судалгааны өгүүллүүд бичиж хэвлүүлжээ.
Профессор, доктор (Sc.D) Ш.Паламдорж өөрийн бүтээлдээ XIII зууны үеийн монгол цэргийн урлагийн үндэс, дайн байлдаанд бэлтгэх, байлдах арга ухаан болон байлдааны хангалтын асуудлыг стратеги, тактикийн түвшинд авч үзэж, өнөө үеийн цэргийн урлагийн үндсэн зарчмуудаар тэдгээрийн агуулгыг илэрхийлсэн байна.
Харин гадаадын олон судлаач Алтан ордны улсын түүхийг өөр өөрсдийн үзэл суртал, эрх ашгийн үүднээс судлан тайлбарласаар байгаа бөгөөд ялангуяа ОХУ-д энэ талаарх судалгаа эрчимтэй хийгдсээр байна.
Түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг болон Монголын эзэнт гүрний түүхийн болон Орос дахь Монголын нөлөөллийн тухайд бодитой үнэлэлт өгснөөрөө Н.М.Карамзин, Н.И.Костомаров, Н.А.Полевой, Н.Я.Данилевский, К.Н.Леонтьев, М.С.Грушевский нар онцгой ач холбогдол өгч байв. И.Н.Березин, В.В.Григорьев, М.И.Иванин, В.В.Бартольд, В.Я.Владимирцов нарын бүтээлүүд онцлог юм. Ийм байр суурийг “Евразийхан” хэмээх нэр авсан Оросын судлаач
Н.С.Трубецкой, П.Н.Савицкий, Г.В.Вернадский, Эрэнжен Хара Даван нар үргэлжлүүлсэн бөгөөд тэд Орос улсын хөгжилд Монголын эзэнт гүрний үзүүлсэн дэвшилтэд нөлөөг онцгойлон тэмдэглэж ирсэн байна.
Харин Зөвлөлтийн Марксист-Ленинист түүхчид Европ төвт үзэл, Их Оросын шовинист үзлийн үүднээс Монголын эзэнт гүрний түүхийг судлах болсон бөгөөд Орос орны улс төрийн нэгдэл, эдийн засаг, соёл, хот байгуулалт, худалдаа, зам харилцаа, гар урлалын хөгжилд Алтан ордны улс ямар ч нөлөө үзүүлээгүй, монголчууд Орос орныг үгүйрүүлэн хоосруулж, Баруун Европын орнуудаас олон зуун жилээр хоцрогдуулсан хэмээх үзлийг баримтлах болсон билээ. Үүнд И.Н.Болтин, С.М.Соловьев, В.О.Ключевский, В.Т.Пашуто, М.И.Тихомиров, В.В.Каргалов, Л.В.Черепнин болон бусад олон түүхч хамаарна.
Гэвч тэр үед түүхийг үнэн зөв байдлаар харуулсан бүтээлүүд ч бас гарч байсныг үгүйсгэж болохгүй. Алтан ордны улсын түүхийн бодит судалгаанд Б.Д.Греков, А.Ю.Якубовский, А.Н.Насонов нарын бүтээлүүд чухал хувь нэмэр оруулсан юм. “Шинэ Евразийнхны урсгал”-ыг үндэслэгчийн нэгэн болох Л.Н.Гумилев Монголын эзэнт гүрний түүхийг бодитойгоор авч үзэж, түүхийг мушгин гуйвуулах явдлыг илчлэн няцаах оролдлого хийж байсан билээ.
1990-ээд оноос хойш Оросын зарим судлаач эх орныхоо түүхийн бүхий л үе, түүний дотор Оросын түүхэн дэх “Монголын үеийн” түүхийг аль болох бодитой авч үзэх талаар чармайх болсон нь ажиглагдаж байна. Үүнд, юуны өмнө Э.С.Кульпин, В.И.Пантин, В.В.Трепавлов, В.Л.Егоров, Ю.С.Худяков, Л.Ф.Недашковский, Ю.В.Кривошеев, Р.П.Храпачевский, А.Б.Широкорад, Ю.В.Мизун, Н.А.Макаров, А.Г.Юрченко, А. Доманин зэрэг олон судлаачийн бүтээлийг дурдаж болно.
Алтан ордны улсын цэргийн түүх судлалаар ОХУ-д И.А.Воронцов, А.А.Сланов, И.М. Миргалеев, Г.Г.Хафизов, Ф.М.Ибятов, Е.И.Сусенков нар диссертац бичиж эрдмийн зэрэг хамгаалжээ.
Алтан ордны улсын түүхийн судлагдахууны хувьд авч үзвэл урьдын адил ихэвчлэн оросын сурвалж бичиг, археологийн эх хэрэглэгдэхүүнд тулгуурлаж байгаа боловч зарим эрдэмтэн европ, орос болон перс, араб, тэр ч байтугай монгол эх сурвалжийг өргөнөөр ашиглахыг хичээх болсон нь шинэ хандлага гэж болохоор байна.
Гэвч Алтан ордны улсын түүхийг гуйвуулж, орос төвт үзлийн үүднээс тайлбарлах оролдлого урьдын адил ихээхэн хүчтэй хэвээр байсаар байгаагаас гадна сүүлийн үед украин, казах, татаар төвт үзлийн үүднээс хандах үзэгдэл ч гарах болов.
Алтан ордны улсын түүхийн судалгааны нэгэн гол төв нь Татарстан болж, Казаны Их сургуульд Алтан ордны улсын түүхээр М.А.Усманов, М.З.Закиев нарын зэрэг судлаач дагнан ажиллаж байна. Гэхдээ татаарууд Алтан ордны улсыг өөрийн өвөг дээдсийн улс гэж үзэж, зарим нь Оросоос салан тусгаарлах үзлийн үндэс суурь болгохыг хүртэл оролдох болов. Тэгээд ч татаарууд бүр хожуу буюу XVIII сүүлч-XIX зууны эхэн үед гарч ирсэн (зохиосон) “Татаро-Монгольское иго” гэх нэр томьёог ашиглах хандлага сүүлийн үед давамгайлах болсон тул 2015 оноос ОХУ-д түүнийг өөрчлөн “Татар” гэх нэрийг нь хасч “Алтан ордны дарлал” (“Золото-Ордынское иго”) гэх нэр томьёог хэрэглэхээр албан ёсны шийдвэр гаргажээ.
Татаруудаас гадна Алтан Ордны улсын түүхийг казах, башкир зэрэг улс ч өмчлөхийг оролдсоор байна. Тухайлбал Казахстан улсын, Л.Н.Гумилевын нэрэмжит “Евразийн үндэсний их сургууль” голлох үүрэгтэй оролцож, судалгаа шинжилгээний ажлаа эрчимжүүлэн нэгэн сэдэвт бүтээлүүд хэвлэн гаргаж, эрдэм шинжилгээний хэд хэдэн хурлыг зохион байгуулж, илтгэл, өгүүллүүдийн эмхтгэл гаргаж нийтийн хүртээл болгож буй ажээ.
Гэхдээ ихэвчлэн түүхийн баримтуудыг казахын хэт давруу үндэсний үзлээр, өрөөсгөлөөр тайлбарлаж, Чингис хааныг казах үндэстэн гэхээр үл барам, одоогийн монголчуудыг Чингис хаантай огтхон ч хамаагүй, харин ч казахууд илүү ойр, удам угсаа нь гэх талын “судалгаа шинжилгээ” хийж сурталчилсаар байна.
Жишээ нь, Казахстаны түүхч Кайрат Закирьянов “Чингис хааны түрэг дууль” гэх номдоо тэр үед нүүдэлчин байсан бүх үндэстнийг монгол гэж нэрлэдэг байсан. Үгчилбэл, “Манкулам” гэж сонсогдох нь нүүдэлчин гэсэн утгатай гэж тайлбарлаж… Зөвхөн мөнх хөх тэнгэрийг шүтэж, өөр шашныг үгүйсгэсэн хойд ба зүүн зүгт нүүдэллэсэн хүмүүсийг манкулам гэж нэрлэдэг байсан…Тэд өнөөгийн Монголын нутаг дэвсгэрт амьдарч буй ард түмэн биш” гэсэн байх бөгөөд энэ мэт казахчилсан түүхийг казахстан даяар тархааж, улмаар түүнд нь гадаадынхнаар үл барам монголын казахууд ч итгэж эхэлж буйг интернетийн сайтуудад олноор тавигдсан зүйлүүд харуулж байна.
Бас Казакстаны судлаач А.Ш.Кадырбаев гэхэд Алтан ордны улс бол Монголынх биш, харин Түрэгийн улс хэмээн батлах оролдлого хийсэн байгаа нь дээрхтэй “агаар нэг” байна.
Алтан ордны улсын сэдвээр сүүлийн үед өрнөдийн түүхчид судалгаа шинжилгээ цөөнгүй хийж, нэгэн сэдэвт бүтээл олноор туурвих болов. Үүнд: С.Ж.Тарнбулын “Монголчууд”, Тимоти Мэй-ийн “Монголчуудын цэргийн урлаг”, Ричард А.Габриелийн “Чингис хааны цэргийн жанжин чин зоригт Сүбээдэй”, ХБНГУ-ын судлаач Б.Шпулерийн “Алтан ордны улс”, В.Хайссигийн удирдлагаар туурвисан “Монголчууд: түүх, соёл” хамтын бүтээл, Израилийн түүхч Рювен Амитай-Прейссийн “Монголчууд ба мамлюкууд: Мамлюк, Ил хаадын дайн. 1260-1281” болон Ж.Саундерс, Е.Филлипс, Л.Куонтен, Д.Флетчер, Ч.Галперин, Т.Олсен, П.Брент, Ж.Ведерфорд, Д.Морган, С.Эдшед нарын зэрэг олон судлаачийн ном бүтээл хэвлэгдэн гарсаар байна.
Гэвч дээр дурдсан бүтээлүүдэд Зүчийн (Алтан ордны) улсын цэргийн түүхийн талаарх судалгаа хангалтгүй туссан байгаа нь бидний зүгээс энэхүү судалгааг хийх нэгэн үндэслэл болсон юм. Бид энэ бүтээлдээ Зүчийн (Алтан ордны) улсын үүсэл хийгээд түүний нийгэм, эдийн засаг, улс төрийн тухай, мөн Алтан ордны улсаас гадаад улс оронтой харилцаж байсан харилцаа, цэргийн бүтэц зохион байгуулалт, цэргийн зэр зэвсэг, байлдах урлаг, байлдан дагуулалт хийгээд орос болон бусад улс оронд Алтан ордны улсаас үзүүлсэн нөлөөлөл зэрэг асуудлыг хамруулан авч үзлээ.
Гэвч энэхүү бүтээл нь докторын диссертацийн сонгож авсан сэдвийнхээ хүрээнд хязгаарлагдмал шинжтэй бичигдсэн бөгөөд цаашид Зүчийн (Алтан ордны) улсын түүхийг бүхэлд нь хамруулан судлах ажлын эхлэл төдий гэдгийг уншигч түмэн ойлгох буй за хэмээнэ.
Тэргүүн хэсэг
ЗҮЧИЙН (АЛТАН ОРДНЫ) УЛС
-
- 1. ЗҮЧИЙН (АЛТАН ОРДНЫ) УЛС БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ
ливаа улс гүрний оршин тогтнохуйн гол нэг тулгуур багана нь цэрэг байдаг. Тухайн улсын цэрэг буюу зэвсэгт хүчин хэр хүчтэй байхаас түүний тусгаар тогтнол, аюулгүй байдал ихээхэн хамаардаг. Нөгөө талаар ямархуу зэвсэгт хүчинтэй байх нь улс гүрний удирдлагын баримталж буй цэрэг-улс төрийн бодлого, цэргийн номлолын шинж чанар, дэлхий дахины болон бүс нутгийн цэрэг-улс төрийн ерөнхий төлөв, тухайн цагийн байдал, үйлдвэрлэх хүчний хөгжлийн түвшин, эдийн засгийн чадавх, нутаг дэвсгэрийн газар зүй, цаг уурын онцлог, хүн амын, түүний дотор цэргийн насныхны тоо, бодгалийн өвөрмөц шинж, амьдрал ахуйн хэвшлээс үүдэлтэй төрөлхийн авьяас чадвар, мөн түүнчлэн болзошгүй дайсан хийгээд дайн, байлдааны шинж чанар, тэр бүхэнтэй холбоотойгоор улс орны удирдлагаас боловсруулан хэрэгжүүлж буй цэрэг-улс төрийн бодлого зэрэг олон хүчин зүйлээр тодорхойлогдоно.
Мөн тухайн улс гүрэн олон улсын ямар эвсэл холбоонд хамаарагдаж буй болон бүс нутаг, хил залгаа улсуудын цэрэг-улс төрийн бодлого, чадвар чадавх ихээхэн хэмжээгээр нөлөөлдөг.
Цэргийн байгуулалтад улс гүрний цэргийн аж үйлдвэрийн салбарын чадавх, батлан хамгаалах салбарт хамаарах материалын болон хүний нөөц, түүний хуваарилалтын тогтолцоо ихээхэн нөлөөтэй. Мөн цэргийн эрдэм ухааны хөгжил, тээвэр холбоо, хүн амын цэргийн бэлтгэл, тэр ч байтугай тухайн үндэстэн, угсаатны төрөлх бодгалийн шинж чанар, чадавх, амьдрал ахуйн хэв шинж ч чухал нөлөө үзүүлдэг.
Зүчийн (Алтан ордны) улс, түүний цэргийн хувьд ч энэ бүх хүчин зүйл шууд нөлөөлж байсан нь дамжиггүй бөгөөд харин судлаачид өнөөг хүртэл энэ өнцгөөс харж шинжилгүй ирснээс түүнтэй холбоотой олон асуудал, түүний дотор улс байгуулагдсан он цагаас эхлээд цэргийн байгуулалтын онцлог, түүний дотор цэргийнх нь хүн хүчний тоо, зэр зэвсэг, цэргийн урлаг буюу стратеги, тактик, дайн байлдаан, ялалт, ялагдал зэрэг бараг бүхий л зүйлийг тодотгон тодорхойлох шаардлага тулгарч байна. Гэхдээ эл сэдвийг судалж тодорхойлох нь урт удаан хугацаа, нөр их хүчин чармайлт, олон хүний хүчин зүтгэл шаардах ажил бөгөөд эл бүтээл түүний эхлэл төдий гэдгийг хүлцэл өчин дурдах нь зүйтэй буй за.
Улс байгуулагдсан он цагийн тухайд. Евразийн өргөн уудам тал нутагт төвхнөсөн Зүчийн “Алтан ордны” улс” байгуулагдсан цаг хугацааг Оросын ихэнх судлаач 1242-1243 оноор авч үздэг. Гэвч зарим судлаачид Зүчи өөрийн улсыг бий болгох үндсийг 1224 оноос тавьсан, эсвэл Бат ханыг төр барьсан 1227 оноос, Бэрх ханыг төр барьсан цагаас эхлэн үзэх ёстой гэх мэтээр санал зөрөлдөх нь цөөн бус байдаг. Тэр ч бүү хэл ОХУ-ын Татарстан улс Алтан ордны улс байгуулагдсан цаг хугацааг 1269 оноор тооцон 2019 онд 750 жилийн ойг нь тэмдэглэхээр болж байна.
Оросуудын баримталж буй 1242-1243 оны үед Алтан ордны улс аль хэдийнээ байгуулагдчихсан байсан бөгөөд монголчууд Кибчагийг дайлж, өрнө зүг мордсон дайны хөлд орос орон өртөж, улмаар тэрхүү их аян дайн дууссаны дараа Оросын ялагдан дийлдсэн олон ноёдын (ванлиг) улсууд Алтан ордны улсын түшмэг улс болж алба барих болсон цаг үеэс эхлэн тооцож буй нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл тийм улс байдгийг оросууд мэдэрч эхэлсэн үеэсээ тооцож байгаа хэрэг юм. Мөн Татарстаны тооцож буй 1269 онд Алтан ордны улс байгуулагдаад улс болон төлөвшиж Мөнх-Төмөр хан төр барьж байсан цаг үе юм.
Сурвалж бичгүүдийн мэдээг харьцуулан үзэхэд Батыг Зүчийн буюу “Алтан ордны улсыг үндэслэн байгуулагч гэж үзэх нь учир дутагдалтай нь тодорхой байх агаад харин улсыг төвшитгөн засагч, залгамжлагч гэж үзэх нь үнэнд нийцнэ.
Судлаачид Алтан ордны улс байгуулагдсан, түүнчлэн энэ улсад Бат хан төр барьж эхэлсэн он цагийн тухайд хоорондоо зөрөөтэй хэд, хэдэн оныг санал болгодог. Үүнд, хамгийн эртнийх нь 1236 оныг дурдсан байх бөгөөд тэгэхдээ Бат хан Ижил мөрний Булгаруудыг байлдан дагуулсан үетэй холбож үзжээ. Мөн 1240 он буюу Киев хотыг эзлэн авсны дараа байгуулагдсан, эсвэл өрнийн дайнаас буцаж ирсэн 1242- 1243, оныг санал болгодог. Гэхдээ дийлэнх олонх нь “Алтан ордны улс ”-ыг 1242 онд байгуулагдсан гэж үзсээр өнөөг хүрчээ. Энэ бүхэн нь Зүчи өөрт ногдсон газар нутаг дээрээ 1242 оноос өмнө нь улс гэрээ байгуулчихсан байсныг санаатай, санаандгүй ямар нэг хэлбэрээр үл тооцсон гэсэн үг. Харин Оросын түүхч М.Г.Сафаргалиев Алтан ордны улсын эх үүсвэр нь Зүчийн өөрийнх нь байлдан дагуулсан “ойн ард түмнүүд”-ын суудаг газар нутгийг Чингис хаан ууган хүүдээ захируулахаар хуваарилж өгсөн 1208 оны хавьд тавигдсан гэж тэмдэглэсэн байдаг.
Чингис хаан 1206 онд ихэнх Монгол аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулсан хэдий ч монгол үндэстний өөр нэгэн салбар болох “Ойн иргэд” тусгаар үлдээд байсан билээ. Тиймээс их хаантан тэдгээр иргэнийг төвшитгөхөөр 1207 онд ууган хөвүүн Зүчийг дайлаар илгээжээ. Харин Зүчи тийн одоод ямар нэг дайн байлдаан хийлгүйгээр Ойрад, Буриад, Баргуд, Урсуд, Хабханас, Ханхас, Тубас (Туба) -ыг оруулаад, түмэн Хиргис, Шибир, Кэшдим, Байид, Тухас, Тэнлэг, Төгэлэс, Таш, Бажигидаас инагш (нааш) ойн иргэнийг дагаар оруулан ирсэн тул Чингис хаан түүнийг ихэд сайшаан “Хөвүүдийн минү ах, чи гэртээс сая гарч, мөр сайт, одсон газраа эр, агтыг үл шарган, үл зовоон, өлзийт ойн иргэнийг оруулж ирэв, чи. Иргэнийг чамд өгсү” хэмээн зарлиг болов гэж Монголын нууц товчоонд өгүүлжээ.
Түүний өмнө 1206 онд Чингис хаан зарлиг болж эх, хөвүүд, дүү нартаа улс иргэнийг хувааж өгөх үедээ “Хөвүүдийн минь ах Зүчи биз” хэмээгээд есөн мянган иргэн өгч…,Зүчид мөн “Хунан, Мөнхэгүр, Хэтэ гурвыг түшив”гэсэн буй. Тэгэхээр Алтан ордны улсыг анх байгуулагдах үед түүнд хувь болгон өгсөн иргэнээс гадна түүнд түшин хавсаргасан гурван ноён гурвуул өөр өөрсдийн харьяат иргэнтэйгээ хамаарагдаж байсан нь тодорхой. Тэр тусмаа Хунан, Хэтэ нар мянганы ноёд тул наанадаж мянга, мянган цэрэг гаргах хэмжээний өрх айлтай, Мөнхэгүр ч бас том ноён байсан тул цөөн бус цэрэг, ардтай байсан нь ойлгомжтой. Тэр бүгдийг оруулан тооцвоос Зүчи наанадаж 1 түм орчим цэрэгтэй байсан болж таарах бөгөөд 1207 онд дагаар оруулсан ойн иргэдийг оролцуулвал бүр илүү тоо гарна. Рашид ад-Дины “Шашдирын чуулган”-д “Зүчи Хорезмыг (Сартуулыг) ялсны дараа өөрийн аураг байсан Иртышийг зүглэж орддоо ирсэн ажгуу”…“Түүнийг (Зүчийг) болоод Чингис хааныг тэнгэрт хальсны дараагаар Өгэдэй хаан ширээнд залрахдаа Зүчи хан, түүний үр садад эзэлсэн газар орныг нь эзэмшүүлэхээр өмнө гаргасан Чингис хааны зарлиг дагаж, тэдгээр хан хөвүүд ч дэм дэмэндээ уг айлдлыг гүйцэлдүүлсэн бөлгөө” гэсэн байна.
Эдгээр баримтаас харахад Зүчи анх 1206 онд өөрийн хувь есөн мянган иргэнээс гадна харьяат ноёдын албат болох багагүй тооны хүн ам бүхий эзэмшил газар нутагтай болж, дараа жил нь ойн иргэдийг амжилттай дайлснаар дээр дурдсанчлан Ойрад, Буриад, Баргуд, Урсуд, Хабханас, Ханхас, Тубас (Туба), түмэн Хиргис, Шибир, Кэшдим, Байид, Тухас, Тэнлэг, Төгэлэс, Таш, Бажигидаас инагш ойн иргэнийг эрхшээх болсноор өөрийн гэсэн улсыг байгуулж, түүнийг нь Өгэдэй хаан Их Монгол Улсын хан ширээнд суумагцаа баталгаажуулсан ба улсын төв нь Иртыш орчим байсан байна. Сартуултай хийсэн долоон жилийн дайнд монголчууд ялсны үр дүнд Алтан ордны улсын хил хязгаар улам ихээр өргөжин тэлж Кибчакийн тал (Дешт-и-Кибчаг), Иртыш мөрнөөс Карпатын уул хүртэлх газар нутаг түүнд хамаарах болжээ.
Улмаар 1227 онд Зүчи ханыг нас барахад хоёр дахь хүү Бат нь түүний орыг залган улсынхаа хан ширээнд өргөмжлөгджээ. Зүчийн эзэмшил улс түүнээс хойш Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улс хэлбэрээр оршин тогтнож байсан бөгөөд харин Мөнх-Төмөр ханы үе буюу 1270-аад оны эхнээс харьцангуй бие даасан тусгаар бодлого баримтлахыг эрмэлзэх болж, эзэнт улсдаа хэлбэрийн төдий хамаарах хандлага хүчээ авах эхлэл тавигджээ гэж үзэж болохоор байна.
Иймээс Алтан ордны улсын байгуулагдсан цаг хугацааг 1206 оноос эхлэн тооцох юм бол 1206-1502 он хүртэл Зүчийн буюу Алтан ордны улсын оршин тогтносон хугацаа 296 жил буюу бараг 300 гаруй жил болж байна.
Эцэст нь Алтан ордны улсын оршин тогтносон хугацааг:
- Чингис хааны зарлигаар Зүчи өөрийн улсыг байгуулж, эзэн суусан үе (1206-1227 он);
- Бат хан өргөмжлөгдөж, Алтан ордны улс хил хязгаараа өргөжүүлэн тэлсэн үе (1227-1242 он);
- Тус улсын хөгжил цэцэглэлтийн “Алтан” үе (1242-1359 он);
- Алтан ордны улсын задрал, бутрал, мөхсөн үе (1360-1502 он) гэж үечлэх нь илүү оновчтой гэж үзэж байна. Гэвч судлаач миний энэ үечлэл нь туйлийн цор ганц баталгаа нотолгоо биш тул та бүхэн авах гээхийн ухаанаар хандана уу?
Улсын нэрийн тухайд. Алтан ордны улсын түүхийг 1870-аад онд анхлан судалсан хүмүүсийн нэг болох Г.С.Саблуков улс үндэслэх хэргийг Чингис хааны ахмад хүүтэй холбосон нь учиртай бөгөөд Батын үе, бүр Бэрхийн үед ч “Кипчакийн хант улс” Монгол гүрний хувь улс болж явсан болохоос бие даасан улс байгаагүйг тэрээр тэмдэглэжээ. Алтан ордны улсын тухай Марко Поло “Барууны татарууд” гэж дурджээ.
В.В.Бартольд, R.Grousset, Б.Д.Греков, А.Ю.Якубовский, М.Г.Сафаргалиев нар өрнийн их аян дайны үр дүнд “Батын хаант улс” бий болсон гэж алдаатай дүгнэсэн. Харин Г.Г.Хафизов, Мыськов нарын орчин цагийн судлаачид “Алтан ордны улс ” хэмээх зөв нэрийг хэрэглэх болсон.
Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж асан томоохон улсын нэгэн болох Чингис хааны ууган хүү Зүчийн (Жочийн ч гэх нь бий) байгуулсан улсыг монголчууд хан эзнийх нь нэрээр “Зүчийн улс” гэдэг байсан нь сурвалж бичгүүдээс тодорхой харагдаж байгаа бөгөөд хожим нь төр барьж байсан удмынхны нь нэрээр Батын улс, Бэрхийн улс гэх мэтээр ч нэрлэж байв.
Харин оросууд “Государство Монголо-татар (Монгол-татаарын улс)”, “Татары (татаарууд)”, Кипчакын хаант улс гэж нэрлэдэг байсан ба монголчууд ханыхаа хүрээ буюу нийслэлийг “Ханы ордон”, “Орд” гэж ярьдаг байснаас улбаалан хоорондоо бас товчоор “Орда” гэж ч нэрлэдэг байжээ. Мөнх-Төмөр ханаас оросын сүмийн хамба лам нарт илгээсэн зарлигт “Кипчакын хаан” гэсэн үг гардагаас улбаалан кипчакын хаант улс гэж нэрлэжээ.
Дундад эртний түрэг угсааны улс аймгууд Алтан ордны улсыг “Улу Улус (Их улс)” гэдэг байсан ба баруун Европын сурвалжуудад “Comania (Коман улс)”, “Dasht-i-Qifchag” (Дашт–и–Кибчаг буюу Кибчагийн талын улс) гэх мэтээр нэрлэж иржээ. Харин “Алтан ордон (Золотая Орда)” гэдэг нэр томьёог анх 1566 онд хэвлэгдсэн “Казаны түүх (Казанская история)” хэмээх бүтээлдээ нэр нь үл мэдэгдэх нэгэн орос зохиогч хэрэглэсэн байх бөгөөд түүнээс хойш оросын түүхчид “Золотая орда” гэх нэр томьёог хэрэглэх болж, түүний нөлөөгөөр ХХ зууны дунд үеэс гадаадынхан төдийгүй Монголын түүхчид ч ийн нэрийдэх болжээ. “Алтан” гэж нэрлэх болсны учир нь Зүчийн удмын хан ноёд орд өргөөгөө дотор, гадаргүй алт, алт шармал эдээр чимэглэж байсантай холбоотой.
Мөн “Алтан Орд” гэдэг нь Зүчийн удмынхны захирсан улсын “Сыра орд” буюу “Шар орд” гэдгийн орос хэлний татлагаар үүссэн хувилбар гэж тайлбарласан нь ч бий.
Японы эрдэмтэн Мияаваки Жюнко Алтан ордны улс XIV-XV зуунд “Цагаан ордны хант улс” хэмээн нэрлэгдэж байсан гэж тэмдэглэжээ. Гэхдээ чухам яагаад ингэж нэрлэх болсноо хангалттай баримт нотолгооноор тайлбарлаагүй. Оросын болон өрнөдийн зарим түүхчид Алтан ордны улс (Улус Джучи), Алтан ордон (Золотая Орда) гэж ерөнхийд нь хоёр янзаар дуудаж бичиж хэвшсэн байгаа нь нэршлийн хувьд нэгдсэн ойлголт үгүй байгааг харуулж байна.
Мөн Алтан ордны улсыг эзэнт гүрний баруун хязгаар байсан бөгөөд ханы ордыг нь “Цагаан орд” гэж нэрлэж байсан гэж үзэх нь ч бий. Плано Карпини өөрийн бүтээлдээ Гүюгийг сонгох дөрвөн өдрийн ёслол дээр эхний өдөр хүн бүр цагаан торгон дээл өмсөж, том цагаан асарт хуралдсан гэх ба нөгөө талаар цагаан өнгө нь Алтан ордны улс ыг бэлэгдсэн бэлгэдэл гэсэн таамаглал гаргасан байдаг. Мөн цагаан өнгө нь зүүн талын эзэмшил бүхий “Ах орд” буюу Батын ах Ордугийн, баруун талын эзэмшил нь Батын “Хөх орд” хэмээх эргэлзээтэй санал дэвшүүлсэн нь ч бий. Хөх өнгө бол дорнын ард түмнийг илтгэх өнгө. Тиймээс дорно зүгт орших Ордугийн эзэмшил “Хөх орд” байсан гэдэг. Гэсэн ч эх сурвалжуудад гарч буй цагаан болон хөх өнгө нь ямар ордод, яг яаж баталгаатай хамаарч байгаа нь тодорхой бус байгаа нь төөрөлдөх шалтгаан болж байгаа юм. Харин үнэн магадлалтай нь Алтан ордны улс хоёр жигүүр болон хуваагдаж байсан бөгөөд зүүн жигүүр буюу “Хөх орд” нь Ордугийн эзэмшил, харин “Цагаан орд” нь Батын эзэмшилд байжээ гэж эцсийн байдлаар ойлгож болохоор байна.
Тухайлбал: Г.Хафизов “Улус Джучи” буюу Алтан ордны улс гэж нэрлэсэн ба бусад судлаач аль өөрт эвтэй, мөн шууд хуулбарласнаараа “Улус Джучи” буюу “Алтан ордны улс ”, “Золотая Орда” буюу “Алтан ордны улс”, “Тюрк-Кипчакский хаганат буюу “Түрэг-Кибчакийн хант улс” гэх зэрэг янз бүрээр нэрлэж ирсэн нь төөрөлдөх нэг үндэс болж байна.
Монголчууд эртнээс нааш ахас ихэс, ноёд дээдсийнхээ орон гэрийг орд, өргөө хэмээн хүндэтгэн дууддаг байсан. Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д “Орд- хүндэтгэвэл зохих эрхэм хүний байрлан орших орон, зуны ордон, хааны ордон” гэх зэргээр тайлбарлажээ. Утгачилваас “Ханы аураг ордон нь алтаар чимэглэсэн өргөө байсан” гэж ойлгож болно. Гильом Де Рубрук Монголд аялсан тухайгаа дурдсан бүтээлдээ “Тэд ер нь эзнийхээ өргөөг “Ордон” гэдэг. Ордон гэдэг нь тэднийхээр (монголчуудынхаар) төв (гол дунд нь) гэсэн утгатай гэж өгүүлсэн байна.
Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний улсууд ихэнх нь удирдагчынхаа нэрээр нэрлэгддэг. Тухайлбал: Цагаадайн улс, Өгэдэйн улс, Хүлэгүгийн буюу Эл хангуудын улс, Төмөрийн эзэнт гүрэн гэх мэт. Үүнтэй нэгэн адил анх “Алтан ордны улс ” гэж нэрлэгдэж байсан ч дээр дурдсанчлан оросууд “Алтан ордны улс” гэх болж, улмаар XVI-XV зууны үеэс зүгээр л “Орд” буюу “Орда” хэмээн нэрлэх болсон ба “Орда” гэдгийг тайлбарлахдаа ханы ордон, өргөө, отог, лагерь буюу зуслан гэж тайлбарладаг.
Монголчуудын хувьд ХХ зуунаас эхлэн оросуудыг даган “Алтан ордны улс”, “Монголын Алтан ордны улс”, “Алтан ордон улс”, “Алтан ордонт улс” гэх зэргээр янз бүрээр бичиж нэгдсэн нэг нэршилгүй явсаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд доктор С.Цолмон “Алтан ордон улс” гэж өөрийн бүтээлээ нэрлэсэн байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд Алтан ордны улс бус, харин анхны уугуул нэрээр нь тус улсыг “Зүчийн улс ” хэмээн нэрлэх нь зүйтэй боловч “Алтан ордны улс” хэмээх нэр нэгэнт олон улс даяар, мөн Монгол даяар тархаж түгсэн учир хэдий зохиомол нэр авч тэр нэрээр нь нэрлэвээс нэг их андуутай, алдаатай зүйл болохгүй болов уу хэмээж тэрхүү нэрийг нь энэхүү бүтээлдээ хэрэглэхээр шийдэв. Ер нь цаашид судалгаа шинжилгээ бүтээлд Зүчийн улс гэх нэрийг ашиглаж нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй бөгөөд үүнийг хэвшмэл болгох тал дээр түүхчид судлаачид анхаарах хэрэгтэй.
- 2. АЛТАН ОРДНЫ УЛСЫН ТӨРИЙН БҮТЭЦ, ЗАСАГ ЗАХИРГАА
Монголын эзэнт гүрний нэг бүрэлдэхүүн улсын хувьд Алтан ордны улсын төр, засгийн бүтэц нь монголчуудын төрт ёсны уламжлал, Чингис хааны их засаг хуульд тулгуурласан хууль цаазат төртэй, аравтын тогтолцоо бүхий мянгатын байгуулалттай, цэрэг-иргэний нэгдмэл засаглалын шинжтэй байжээ. Энэ нь удирдлагыг тодорхой байлгаж, аливаа асуудлыг чирэгдэлгүй, шуурхай шийдвэрлэхэд чиглэгдсэн бөгөөд монголчуудын дайн тулаан, энх цагийн амьдрал аль алинаар нь шалгагдаж цэгцэрсэн тогтолцоо байв.
Алтан ордны улсын төрийн бүх дээд эрхийг баригч нь “Хан” байсан агаад “Хан”-ыг монгол уламжлал ёсоор хурилдайгаар сонгодог, түүнийг нь Монголын эзэнт гүрний их хаан батламжилдаг байжээ. Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний бүхий л улс, түүний дотор Алтан ордны улсын тэргүүн нь “Хаан” биш, “Хан” цолыг хэрэглэж байсан билээ. Үүнтэй холбогдуулан өгүүлэхэд зарим зохиогч Бат ханыг “Бат хаан” хэмээсэн байдгийг залруулж ойлгох нь зүйтэй юм. Хаан цолыг Монголын эзэнт гүрний их хаад хэрэглэж байсан бөгөөд харин “Албан тушаал” нь “Хаан” бус “Хан” байсан билээ. Үүний нотолгоо Монголын нууц товчоонд ч бий. Тухайлбал уг хөлгөн шастирын 123 дугаар зүйлд “Тэмүжинийг Чингис хаан хэмээн нэрийдэж, хан болгов”, 202 дугаар зүйлд “Төдий эсгий туургат улсыг шударгатгаж, барс жил Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад, Чингис хаанаа (хаанд) хан нэр тэнд өгөв” гэж онцлон дурдсан байна.
Хан ширээнд суулгах ёслол нь Монголын их хааныг залах ёслолтой зан үйлийн хувьд төстэй байжээ. XV зууны эхээр Алтан ордны улсад хүрэлцэн очсон Германы жуулчин Иоганн Шильтбергер: “Тэд хаанаа сонгохдоо түүнийг түшин өргөж цагаан эсгий дээр суулгаад гурван удаа өргөнө. Дараа нь тэд түүнийг өргөн асрыг тойруулаад сэнтийд суулган гарт нь алтан сэлэм бариулна. Уламжлал ёсоор түүнд тангараг өргөнө” гэж өгүүлснээс үзэхэд Монгол төрийн уламжлал хэвээр хадгалагдан байсан нь тодорхой байна. Хуралдай нь тодорхой хугацаанд тогтмол зарлагдаж дотоод, гадаад бодлого, улс төрийн чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Хуралдайн гишүүд нь алтан ургийнхнаас бүрдэж байжээ. Гэвч энэ уламжлал XIV зууны үеэс хүн ам доторх түрэг угсаатны нөлөө ихсэнээс болж алдагдсан бөгөөд “нөр их үймээнт” он жилүүдийн үед хуралдай бараг явагдахаа байжээ.
Зүчийн дараа улсын “Хан” ширээнд түүний хоёрдугаар хөвүүн Батыг өргөмжлөн залжээ. Монголын эзэнт гүрний их хаан Гүюгийн их хуралдайгаас гаргасан шийдвэрийг Бат хан болон түүний дараах хангууд хэрэгжүүлдэг байжээ. Эзэнт гүрний бүрэлдэхүүний улсуудын хангууд зөвхөн Гүюг ч бус эзэнт гүрнийхээ бусад хаадын зарлиг шийдвэрийг үг дуугүй хэрэгжүүлэх үүрэгтэй байсан бөгөөд энэ уламжлал Юань гүрэн задрах хүртэл үргэлжилж байжээ. Францын IX Людовик вангийн зардас Гильом Де Рубрук ламтан “Дорно этгээдэд зорчсон минь” хэмээх зохиолдоо “Ромын папын захианд Бат хан дангаар хариу өгөх боломжгүй, зөвхөн Монголын эзэнт гүрний их хаан Мөнхийн шийдвэрийг дагах ёстой хэмээн айлдаж байсан” тухай тэмдэглэсэн байдаг нь түүний нэг баримт юм.
Улсын хан өөрийн шууд эрх мэдлийн хүрээнд түрэгээр “Беклярибек” хэмээх, орчин цагийн улс орны ерөнхий сайдын зэрэгтэй дүйцэх албан тушаалтныг томилон ажиллуулдаг байжээ. “Беклярибек” нь заримдаа гадаад хэргийн сайдын, дээд шүүхийн болон армийн ерөнхий командлагчын зэрэгтэй байжээ. Харин иргэний хэргийг эрхлэгч нь “Везир” (Визир) хэмээх сайдын албан тушаалтан байв*. Узбек ханы үед дотоод засаг захиргааны ерөнхий хяналтыг “Везир” хариуцаж байжээ.
Алтан ордны улс нь баруун, зүүн, төвийн гэсэн гурван хэсэгт хуваагдаж, зүүн, баруун жигүүрийг “Оглан” (огланам-Орос хэлээр) хэмээх хоёр сайд толгойлж байв. “Оглан” нарын дараа түмт, мянгат, зуутын ноёд ордог байжээ.
Оглан ноёдоос доогуур байр суурийг монгол, түрэг гаралтай “Бэхи”, буюу “Улсын беки”, “Амбад” гэж нэрлэж байсан язгууртнууд (түрэгээр “Беки”), удирдлагын ба шүүхийн түшмэлүүд эзэлнэ.
Мөн татвар цуглуулах гол үүрэг бүхий “Баскак” хэмээх тушаалтныг томилдог байв. Баскак гэдэг нь “тамга дарах, тамгач” гэсэн утга бүхий түрэг үг юм.
Баскак бүрийн мэдэлд монгол, түрэг гаралтай цэргээс бүрдсэн багавтар ангиудыг байлгадаг байсан ба тэд хариуцсан газартаа сахилга дэг журам сахиулах зорилго бүхий хөдөлгөөнтэй, байлдааны чадавх сайтай багуудыг нэгтгэн байгуулах ёстой байв. Гэхдээ Баскакийн албан тушаал Зүчийн Алтан ордны улсын зарим хаадын үед үгүй болж өөр дүйцэх албан тушаалаар солигддог, зарим үед эргэн сэргээгдэж байжээ.
ХII-ХIII зуунд Оросын орон нутгийн шүүхийн албан тушаалтан түшмэлийг “Ярыга” гэж нэрийдэж байсан нь “Заргач” гэсэн монгол үгнээс гаралтай юм. “Jargu” (“dzargu”, “yargu”), “Шүүгч” буюу зарга шүүгч гэсэн монгол үг болно.
Эдгээр хүмүүс тогтмол цалингүй учир харьяа газрын хүн амаас татварлан авдаг байжээ. Орон нутгийн шүүхийг зарга шүүх газар (дзаргуджи) гэж нэрлэнэ. XV зуунд Исламын шариатын бүхий л асуудлыг мусульман шүүгч (кази) хариуцаж байсан байна. Мөн гааль хариуцсан байцаагчийг “Дарга” (оросын он дарааллын бичигт “дорога”) гэж нэрлэнэ. Түүний үүрэгт татвар хураалт, түүний төлбөр тооцоо ордог байжээ.
Тус улсыг исламын шашинд гүн гүнзгий нэвтрэн оруулсан Узбек ханы үед зарим албан тушаал ислам нэртэй болсон байна. Тухайлбал: XIV зуунд Удирдлагын тусгай алба–“Диван” гэдэг бий болсон байна. Засаг захиргаа болон татвар хураалтын бүх систем нь удирдлагын төвүүдээр хянагдана (Диванууд). Тэдгээрийн нарийн бичгийн дарга (бичээч) нь ажил хэргийг хөтлөн явуулах ба ерөнхий бичээч нь ханы архивыг хариуцна. Бэрх ханы үед “Эмир” хэмээх цол бий болсон ба тэгэхдээ ихэвчлэн монгол ноёдыг “Эмир” гэж дуудах болсон ажээ. Узбек хан хэд хэдэн шинэчлэл хийсний нэг нь Алтан ордны улсын 70 түмтийг ханы томилсон түмний ноён-эмирүүдээр захируулах болгож, тэдний дээр дөрвөн “Бэг”-ийг тохоон тавьсан явдал байв. Алтан ургийн хан хөвгүүд угсаа доогуур эмирүүдэд захирагдах болсон нь хожмын зөрчлийн нэг эх үндэс болжээ. Хүн амын дийлэнх олонх нь түрэг угсаатан байсны нөлөөгөөр Исламын шашин хүчээ авсан нь монгол уламжлалт ёс заншил аажим аажмаар гээгдэн мартагдахад хүргэж, дээр дурдсан беклярибек, везир, оглан, эмирээс авахуулаад “Муфтий”, “Кадий” гэх мэт түрэг, исламын хэргэм зэрэг, албан тушаалууд нэмэгдэж байсны дотор захиргаа шүүхийн алба нь хамгийн түрүүнд өөрчлөгдсөн байна. Судлаачид Алтан ордны улсын төрийн бүтцийн талаар өөр хоорондоо зөрүүтэй маш олон бүдүүвч-зураглал гаргасан байдаг.

Зураг 1. Алтан ордны улсын улс төрийн бүдүүвч.
Алтан ордны улс нь Их Монгол Улсын нэгэн адил төв, баруун, зүүн түмэн (гар, жигүүр ч гэх нь бий) гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдаж байв. Үүнд:
-Төв хэсэгт нь тус улсын үе, үеийн хангуудын орд өргөө буюу нийслэл байсан Ижил мөрний сав газар хамаарч байлаа;
-Баруун гарын түмэн нь Ижил мөрнөөс баруун тийш худалдаа, эдийн засгийн гол төвийн нэг, баруун жигүүрийн удирдагчдын орд өргөө байрлаж байсан Крым төвтэй, Кибчагийн тал (Дешт-и-Кибчаг) хэмээн алдаршсан нутгийг хамаарч байжээ;
-Зүүн гарын түмэн нь Ижил мөрнөөс дорно зүгт Цагаадайн улстай хил залган оршиж байсан ба гол төв нь Сартуулын Ургенч хот байв. Оросын болоод бусад судлаачид энэ төв, баруун, зүүн гэсэн гурван хувиарлалт дээр бүгд санал нэгтэй байдаг нь уг хувиарлалтыг хөдлөшгүй гэж үзэх үндэслэл болно.
Гэхдээ зарим судлаач Алтан ордны улс нь хоёр том хэсэгт хуваагдаж байсан бөгөөд Зүчийн ахмад хүү Орда нь улсын зүүн хэсгийг буюу Хөх ордыг эзэмшиж байсан. Харин Бат улсын баруун талыг буюу Цагаан ордыг эзэмшиж байсан гэсэн дүгнэлт хийсэн буй. Гэвч энэ нь маргаантай асуудал бөгөөд одоо хэр нэгдсэн шийдэлд хүрээгүй байсаар л байна. Эх сурвалжуудад “Цагаан” ба “Хөх” ордын тухай дурддаг ч ямар орд нь хэнд хамаардагийг нь бас л тодорхой дурдаагүй байна. Алтан ордны улсыг бүхэлд нь “Цагаан орд” гэж үзэх нь ч бий.
Зүчийг нас барсны дараа 1227 онд түүний хүү Бат, Орда нарын хэнд хан ширээг эзэмшүүлэх асуудал тулгарахад Чингис хаан Бат, Орда хоёрыг урин аваачаад, Батад алтан босготой цагаан орд өргөө, Ордад мөнгөн босготой хөх орд өргөөг тус тус бариулж газар нутаг, ард иргэний хувийг тогтоон өгч, эцгийнх нь орыг Батаар залгамжлуулах болжээ. Түүнээс хойш Цагаан орд, Хөх Орд гэдэг нэр томьёо гарсан байна. Ордагийн Хөх орд нь Зүчийн эзэмшил нутгийн зүүн хэсэгт, Батын Цагаан орд нь баруун хэсэгт оршиж байжээ гэсэн нь бий.
Алтан ордны улс хэдийгээр “Хөх” болон “Цагаан” ордод хуваагдаж байсан ч хоёр орд хэзээ ч бие биенээс ангид өөр өөр бодлого явуулж хагарч бутарч байсангүй, харин эв эеийг эрхэмлэн хөх ордын захирагчдыг Сарайн зүгээс баталгаажуулдаг (Оросууд “Ярлык” хэмээдэг “Зарлигийн бичиг” олгодог) байжээ. Хөх ордын захирагч Орда нь Монголын эзэнт гүрэнд хүлээн зөвшөөрөгдөж, дүү Бат ханы хамт эцгийнхээ улсын цэргийн тодорхой хэсгийг хуваан захирч байжээ. Ордагийн эзэмшил нь улсынхаа зүүн хэсэгт байрласан нь дорно зүгээс ирэх аюул, ялангуяа Гүюг хааны зүгээс ирэх аюул, дарамт шахалт, мөн аливаа түрэмгийллийн эсрэг халхавч маягаар байгуулсан зохион байгуулалтын нэг хэлбэр байсан байж болох юм гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
- 3. ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭР, ХҮН АМ, НИЙГЭМ,ЭДИЙН ЗАСАГ
Алтан ордны улсад монголчууд үндэсний цөөнхийг бүрдүүлж байсан хэдий ч нийгмийн хамгийн дээд давхарга нь болж байв. Тэдгээр нь Чингис хаанаас анх Зүчид хувь болгон өгсөн 9000 өрх, 4000 цэргээс гаралтай ба бас Зүчид түшиг болгон харьяалуулсан Хунан, Мөнхэгүр, Хэтэ нарын харьяат албат иргэд, Сайжут, Кинкит, Кыият, Хушин овгийнхон, мөн ойн иргэд болон анх Их Монгол Улсыг байгуулах үед Чингис хааны цэргээс буруулан зугтааж кибчагт очиж нийлсэн байсан найман, мэргэд, хэрэйд зэрэг овгийнхноос бүрдэж байжээ.
Харин бусад хүн амын олонх нь түрэг угсааныхан байв. Алтан ордны улсын баруун хэсэгт кибчаг, хазар, печенегүүд, Ижил мөрний дунд урсгалаас дорно тийш, Кама голын сав газраар үлдсэн булгарчууд ба хагас түрэгжсэн уйгарууд (башкирууд), мөн Ижилийн булгар, башкир, сартуул, мангуд буюу ногайчууд оршиж байжээ. Сарай хотын ойр орчимд алан, черкес, черемис, мордов, мещер, итали, грек, фин-угор овогтон, дагаар орсон мажарууд нутагладаг байжээ. XIV зууны үеэс эхлэн хүн ам дотор түрэгжих хандлага давамгайлж нийтээрээ түрэгжсэн байна.
Муж улсууд. Алтан ордны улс нь төр, засаг захиргааны 10 муж улсаас бүрдэж байсан ба хүн амын тооллого явуулах, алба татварыг оноохдоо тухайн газар орны байгаль, цаг уурын онцлог, эрхэлж буй аж ахуйн байдалтай нь нягт уялдуулж байжээ. Энд нэг сонирхол татаж буй зүйл бол Алтан ордны улсын цэрэг-засаг захиргааны тогтолцоо нь аравтын тогтолцоо, татварын хэмжээ ч аравны нэг хувь байсан бол мөн нийт улсаа 10 тойрогт хуваасан нь байв.
Энэ тухай суурин соёл иргэншилт улс орны, үндэстний онцлогийг харгалзан нутаг дэвсгэрээ нийт арван тойрогт хуваасан байсан гэж Египетийн эрдэмтэн Шихаб ад-Дин Абу-д-Аббас Ахмад ибн Али ал-Калкашандигийн тэмдэглэлийг үндэслэн доктор С.Цолмон, Ж.Болдбаатар нар бүтээлдээ дурдсан байна. Үүнд:
Нэгдүгээр тойрог: Хорезмын тойрог. Хорезмын хотууд болон түүний 2 нийсэлэл Кят, болон Ургенч;
Хоёрдугаар тойрог: Дешт-Кибчаг. Дешт-Кибчаг буюу Кибчагийн тал нутаг.
Гуравдугаар тойрог: Хазарын улс;
Дөрөвдүгээр тойрог: Крым;
Тавдугаар тойрог: Азовын хязгаар;
Зургаадугаар тойрог: Черкес;
Долоодугаар тойрог: Булгар;
Наймдугаар тойрог: Валахия. Өнөөгийн Румын улс дахь Валахийн вант улс;
Ес дүгээр тойрог. Ас буюу Алан.
Аравдугаар тойрог: Орос орон.
Харин дээр дурдсан хуваарилалтын хүрээнд Оросыг “10 дугаар тойрог” гэсэн нь тухайн зохиогч зөвхөн түүхэн газар зүйн онцлог, аж ахуй, угсаатан, хүн амын байршилтай нь холбоотойгоор өгүүлсэн болохоос бус төр, захиргааны тогтолцооны нарийн ширийнийг тэр бүр анхаараагүйтэй нь холбоотой байна. Тэгээд ч олон сурвалжид “Ордын түмэн”, “Оросын түмэн” хэмээн хоёр ялгаатай тэмдэглэсэн байдаг нь тэр түмнүүд засаглалын хамаарлын хувьд ялгаатай байсныг харуулах баримт юм.
Оросын түүхч Ю.В.Селезнев өөрийн бүтээлдээ Алтан ордны улсын газар нутаг 23 хэсэгт хуваагдаж байсан гэж үзжээ. Гэхдээ эдгээр 23 хэсэг нь бүгд Зүчийн “Алтан ордны” улсад онцгой гавьяа байгуулсан хүмүүст хувь болгон хүртээсэн эзэмшил нутаг гэж үзжээ. Эдгээр эзэмшил нутаг нь автономит маягийн онцгой статустай бөгөөд Сарайн нэгдсэн удирдлагад захирагдаж байсан бөгөөд тэр нь цаашид тус тусдаа бие даасан улсууд болон задрахад түлхэц болсон нь дамжиггүй юм.

Зураг 2. Алтан ордны улсын засаг захиргааны хувиарлалт
Өөр нэг хувилбараар бол Алтан ордны улс нь Сарай болон Хорезм, Дешт-и Кипчак, Крым гэж үндсэн дөрвөн хэсэгт хуваагддаг гэж үзжээ. Мөн дээр нь 70 түмэнд хуваагдаж байсан тухай ч дурдагддаг.
Мөн Оросыг нийтэд нь 43 түмэн болгож хуваасан ба нэг түмэн нь дунджаар 200 мянга орчим хүнтэй гэж үзээд 1275 он гэхэд нийт 8 600 000 хүнтэй байсан гэсэн тооцоог ч хийсэн буй. Энэ нь цэрэгт татаж болох хүний болон албан татвар төлөгчийн тоог тогтооход чиглэгдэж байсан баримжаанд үндэслэгдсэн тооцоо юм.
Гео орон зайн буюу газар нутгийн хувьд Алтан ордны улс нь Кибчагийн аяны дараа улам өргөжин тэлж, Ижилийн булгар, кибчагууд зэрэг хүчирхэг улс аймгууд нэгэнт захиргаанд нь орж, оросууд түшмэг улсын хэлбэрээр орших болсноор Эл хангуудын улстай хиллэж буй нарийхан зурвас газрыг эс тооцвол Алтан ордны улсын гадаад хүрээлэл буюу хил залгаа бусад улс орны зүгээс учруулж болзошгүй аюул заналхийлэл харьцангуй бага болсон байсан нь Алтан ордны улс хүчирхэгжин Ази тивийн өрнө талын хамгийн хүчирхэг улс болох нөхцөлийг бүрдүүлжээ.
Алтан ордны улсын газар нутаг. Алтан ордны улсын газар нутаг нь дорно зүг Иртыш мөрнөөс, өрнө зүг Дунай мөрний доод урсгал, өмнө зүг Дербент /Дагестан/ болон Арран /өмнөд Азербайжан/, хойд зүгт Ижилийн Булгарыг багтааж байв. Эрдэмтдийн тооцоолсноор өрнөөс дорно хүртэл 61600 км, умраас өмнө 44 000 км хавтгай дөрвөлжин нутагтай байв. Газар нутгийн энэ хэмжээ цаашид хадгалагдан үлдсэн ба харин тус улсыг задрах үед улам бүр бага болсоор байжээ. Дахин нэг зүйлийг сануулахад Алтан ордны улс нь Оросын газар нутагт бус харин Кибчагын тал нутагт өөрийн улсыг байгуулсан юм.

Зураг 3. Алтан ордны улсын газар нутаг
Хот суурин. Бат ханы зарлигаар 1243 онд Ижил мөрний сав газарт нийслэл “Сарай” хотыг анх үндэслэн байгуулжээ. Эртний “Сарай” гэдэг нь “Орд” гэсэн утгатай, түркийн “Saraj”, башкирын “Hарай”, казахын “Сарай”, узбекийн хэлний “Saroy”-тай үндэс нэгтэй монгол-түрэг гаралтай үг юм. Дашрамд өгүүлэхүй: энэ талаас нь шинжвэл Алтан ордны улсын монголчууд тэр үед ханыхаа орд өргөө буюу аураг орд буусан газрыг анхнаасаа “Сарай” гэж нэрлэсэн бус, харин монгол ёсоороо ханы “Орд” гэж нэрлэж байсан байх магадлалтай байна. Оросын он дарааллын бичгүүдэд оросын ван ноёд Алтан ордны улсын хантай очиж уулзсан тухай тэмдэглэхдээ гол төлөв “Орда” руу явсан, “Орда орсон” гэсэн байдгаас гадна хожим гарсан “Золотая орда” гэдэг нэрэнд ч мөнхүү “Орд” гэдэг үг орсон байгаа нь тэр үед “Орд” гэдэг үг нийтлэг хэрэглэгдэж байсны баримт юм. Харин “Сарай” гэдэг нь түрэг голдуу сурвалжуудад түрэгээр нэрлэн тэмдэглэснийг хожмын орос сударч, түүхчид тэр хэвээр нь авч хэрэглэн түүхийн судалгааны эргэлтэд оруулсантай холбоотой гэсэн логик дүгнэлтэд хүргэж байна. Тэгээд ч хүн амын олонх нь түрэг угсаатан байсан учир өөрсдийнхөөрөө тийн “Сарай” гэж хэлцдэг байсан нь ч нөлөөлсөн гэхээр байгаа юм.
Судлаачид Батын орд буюу орос-түрэгээр “Бат-Сарай”хэмээх хотыг одоогийн Астрахань хотын хойд зүгт ойролцоогоор 100 орчим км газар, Ахтуба голын дорнод эрэг дээр байрлаж байсан гэж олж тогтоожээ. Бат ханыг нас барсны дараа Бэрх хан орд өргөөгөө өөр газарт байгуулсныг орос-түрэгүүд “Бэрх-Сарай” гэж түүхэндээ нэрлэсэн байх бөгөөд уг хотод 200 мянга орчим хүн оршин сууж байжээ. Тухайн үеийн Сарай хот нь маш үзэсгэлэнтэй, инженерийн цогц шийдэл бүхий гайхамшигтай хот байсан байна. XIII зуунд Ром хот 35 000, Парис хот 40 000 орчим оршин суугчтай байсантай харьцуулахад Сарай тэдгээрээс хамаагүй том хот байсан, тухайлбал Сарай хот 75-175 мянган оршин суугчтай, өргөн том гудамжтай, гудамжнуудын өргөн нь 7-8 метр, хотын төвөөр цэвэр усны вааран хоолой татаж, усан оргилуур байгуулсан, ус зайлуулах сувагтай, эрэгтэй, эмэгтэйчүүдийн бие засах газартай, тухайн үеийн Европт ч байгаагүй тийм сайхан хот байжээ. Ойролцоогоор 1334 оны 5 дугаар сард Алтан ордны улс ад айлчилсан арабын аялагч Ибн Баттута “Сарай хот нь уудам талд тэнгэрийн хязгаар хүрсэн орон зай эзэлсэн үзэсгэлэнт хотын нэг бөгөөд дөрвөн зүг, найман зовхисын хүн ард хөлхсөн зах зээл бүхий өргөн гудамж талбайтай, өөр өөр угсаатны төлөөллүүд тус тусдаа нэгэн дүүрэг болон амьдрах бөгөөд мөн газартаа өөрийн захтай ажээ” хэмээн тэмдэглэсэн байна.
Тэрээр дагалдагсдын хамтаар хотыг бүтэн тойрохоор шийдэн явж үзсэн тухайгаа: “бид хотын нэг захад суудаг байсан бөгөөд нөгөө хязгаарт нь хүрэхээр өглөө эртлэн гарсан боловч үдийн хойно л сая товлосон газартаа хүрэв. Тэндээ мөргөл үйлдэн дараа нь үдийн хоолоо идээд эргэн явахад нар шингэх үед л сая буусан буудалдаа эргэж ирэв. Нэг удаа бид хотыг хэр өргөн болохыг үзэхээр өглөө эртлэн гарсан боловч үдийн хойно нөгөө захад нь ирэв. Бидний зам үргэлжилсэн байр сууц, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн дэргэдүүр өнгөрөх бөгөөд сул газар ер харагдсангүй” гэж тэмдэглэсэн байдаг. Тэр ч байтугай Сарай хотын үүдэнд хос алтан морины том баримал байсан тухай домог өнөөг хүртэл мартагдаагүй байна.

Зураг 4. Алтан ордны улсын хотууд
Алтан ордны улсыг түүхчид “Хотуудын орон” гэж нэрлэсэн байдаг нь дээрх хотуудын тэлэлт, эдийн засаг, соёлын сэргэлт хөгжилттэй холбоотой юм. Тухайн үед Алтан ордны улс ад олон орны урчуудын гараа гаргаж барьж босгосон нийслэл Бат-Сарай буюу Батын орд, Бэрх-Сарай буюу Бэрхийн орд, Увек, Судак, Сарай ал-жадид (ШинэОрд), Укек, Гюлистан, Хажитархан (Астрахань), Аккерман, Орхей, Крым, Кырк-Йер (Чуфут-Кале), Кафа зэрэг өрнө, дорнын өнгө төрхийг хосолсон тансаг сайхан хотууд сэргээгдэн босгогдож, зарим нь шинээр байгуулагдаж, олон орны төрийн элч төлөөлөгч, худалдаачид, гар урчууд, шашны зүтгэлтнүүд хуран чуулсан төв болсон байжээ. Тэр үед 150 гаруй хотыг шинээр барьж байгуулсан болон сэргээн босгосон хэмээн судлаачид үздэг. Булгар болон Кибчагийн хотууд ч Алтан ордны улсын хотуудад тооцогдож байжээ.
Өртөө, зам харилцаа. Алтан ордны улсын ноёрхлын үед худалдаа, эдийн засаг, зам харилцаа эрчимтэй хөгжсөн нь хүчирхэг төрийн нэгдсэн зохион байгуулалтад орсонтой холбоотой юм. Төрийн удирдлагыг хурдан шуурхай явуулах үүднээс өртөө замын асуудлыг цогцоор шийдвэрлэснээр зам харилцаа, олон улсын худалдаа цэцэглэн хөгжжээ.
Өгэдэй хааны зарлигаар Цагаадайн улс, Зүчийн (Алтан ордны) улс хоёр тус тусдаа салбар өртөө байгуулсны зэрэгцээ Монгол эх нутаг буюу “Голын улс”-тайгаа холбосон эл өртөө замын сүлжээ нь мэдээлэл харилцаа, олон улсын худалдаа цэцэглэн хөгжих нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ цэргийн удирдлагыг шуурхай болгоход ихээхэн тус дэм үзүүлжээ.
Монголчуудын нэвтрүүлсэн өртөөлөн шуудан хүргэх албыг Орос зэрэг бусад улсын ван, ноёд ч өөрсдийн хэрэгцээнд ашиглаж байсан ба шуудангийн албаны ажиллагаанд хяналт тавьж байжээ. Оросууд “Ямская служба” буюу улаачийн албыг монголчуудын жишгээр бий болгосон ба “Ямщик” буюу “Замчин, улаач” хэмээх үг монгол, түрэг хэлнээс орос хэлэнд зээлдэгдэн орж нутагшсан олон нэрийн нэг юм.
Бат хан өртөөний асуудал хариуцсан бүрэн эрхт ноёд, түшмэл, бичээч нарыг томилон ажиллуулж байв. Нэг суурь өртөөнд захирагч, орлогч, ахлагч, туслагч, тогооч, холбоочин, хэлмэрч, улаач, хамгаалагч, үйлчлэгч, тэрэгчин, малчин, саальчин зэрэг 40 орчим хүн, 15 гэр сууц, хоёроос дээш азарга адуу, мөн хоёроос дээш хонь ямаа, үхрийн суурьтай, хүрэлцэхүйц хэмжээний эд материалын болон хоол хүнсний нөөцтэй байдаг байжээ.
Английн нэрт судлаач Гарольд Лэмб тэр үеийн бүх суурь өртөө 300,000 агт морь, 10,000 гаруй гэр сууцтай байсан хэмээн тодорхойлсон байна. Суурь өртөө бүр 24 цагаар ажиллана. Үүнээс гадна Марко Пологийн тэмдэглэснээр 520 нохой бүхий нохдын 13 суурь өртөө байгуулсан байжээ.
Алтан ордны улсын бүх гол мөрөн, далай тэнгисийн эргээр шинэ боомтууд бий болж усан замын сүлжээнд холбогдсон байв. Тухайлбал, Дон, Ижил, Эрчис, Обь, Тана, Днепр мөрөн, Москва гол, Каспи, Хар тэнгис, Азовын тэнгисээр усан замын харилцааг байгуулж, Бат-Сарай, Бэрх-Сарай, Укек, Тана, Булгар, Каффа, Суздаль, Ургенч зэрэг боомт хотуудыг холбосон нь Оросын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэжээ.
Эдийн засаг. Улс орныхоо эдийн засгийг харьцангуй богино хугацаанд хүчирхэгжүүлэх шаардлага тухайн үеийн цэрэг-улс төрийн цагийн байдлаас урган гарчээ. Тиймээс Алтан ордны улсын удирдлага худалдаа, арилжаа, зэр зэвсгийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, батлан хамгаалах хэрэгцээгээ өөрсдийн хүчээр бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлж байв.
Монгол хангууд санхүү, мөнгөний бодлогод онцгой анхаарал тавьж зоос цутгах газруудыг зохион байгуулалтад оруулж, тодорхой хэдэн хотуудад төвлөрүүлэн хяналтдаа барьж байсан нь археологийн судалгаагаар нотлогдож байна. Монгол хангуудын дэлдүүлсэн алт, мөнгөн зоос Евразийн уудам тал нутагт чөлөөтэй гүйж олон улсын худалдааны хөгжилд эрч нэмжээ.
Бат ханы үед зоос цутгахдаа ихэвчлэн Монголын их хааны нэрийг, дараа нь Алтан ордны улсын ханы нэрийг сийлдэг байв. Мөнх-Төмөр хан 1267 онд дан ганц өөрийн нэр бүхий зоос цутгуулсан нь Алтан ордны улс бие даасан улс болж буйн гэрч байлаа.
Монгол хангуудын зоос 1236 оны орчмоос гарч эхэлсэн хэдий ч монгол бичээстэй зоос нэлээд хожуу гарч ирсэн байна. Алтан ордны улсын удам залгасан хангууд зоосон дээрээ ихэвчлэн урд талд нь овгийн тамга, өөрийн нэр, ар талд нь дэлдүүлсэн газрын нэр юм уу төрөл бүрийн зоосны дүрс чимэглэл цоолборлодог байжээ. Үүнд хээ угалз, нар сар, амьтан, хүн малын дүрс зонхилно. Ялангуяа Алтан ордны улсын зоосон дээр ийм дүрс хамгийн олон байдаг.
Алтан ордны улсын мөнгөн тэмдэгтийг эхлээд “Данг” гэж нэрлэж байснаа хожим сүүлд “Тэнгэ” гэж нэрлэх болсон. Ибн Батута “Дигрем”(Дирхем) хэмээх мөнгөний тухай зохиолдоо дурдсан байдаг. Зарим үед Алтан ордны улсын алт мөнгөн зоосыг “Балиш”хэмээн нэрлэдэг байжээ. “Балиш” хэмээх цаасан мөнгө ч байсан гэх ба цаасан “Балиш” 10 мөнгөн зоостой тэнцдэг байжээ. Гильом де Рубрук цаасан мөнгөний талаар өгүүлэхдээ: “уртаараа ч, өргөнөөрөө ч алга дарам хэмжээтэй хөвөн цаасыг мөнгөний оронд гүйлгэнэ” гэжээ. Тухайн үед Орос оронд л гэхэд мөнгөний оронд ангийн үнэт арьс, үсийг хэрэглэж байсан бөгөөд цаасан мөнгөний талаар ойлголт бий болж амжаагүй үе байсан юм. Мөн Алтан ордны улсын зах зээл дээр имперпер, дирхэм, алтан бизанцы зоос, яскот гэх зэрэг зоосууд хэрэглэгдэж байжээ.
Монголчуудын аж байдал, хэв заншил. Алтан ордны улс нь Евразийн өргөн уудам нутаг байрлаж байсан нь мал аж ахуй эрхлэхэд үлэмж тохиромжтой байжээ. Дешт и Кипчакын (Кибчаг) өргөн уудам тал нутаг хэзээнээс адуу малын бэлчээрийн бүс нутаг байсан юм.
Алтан ордны улсын иргэд нь суурин болон нүүдлийн соёл иргэншил хосолсон хэв маягтай байжээ. Өмнөд оросын ба умард Кавказын талууд нь монголчууд ба түрэг угсаатны хувьд мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой бэлчээр болж байв. Нөгөө талаар эдгээр бэлчээр газар нь тариалангийн зориулалтаар ашиглагдаж байжээ. Алтан ордны хотууд нь тэр үеийн Европ, Азийн хотуудаас ялгаатай байв. Ихэнх хотууд нь хана хэрэмгүй уудам том орон зайд оршиж байсан бөгөөд гагцхүү аюулгүй байдал нь дээд зэргээр хангагдсан улс оронд л ийм үзэгдэл бий.
Өндөр хөгжсөн гар урлалтай Сарай болон Алтан ордны улсын бусад хотууд нь нүүдлийн ба суурин иргэншлийн зөрлөгийн буудлууд болж байлаа. Хан болон ноёд хэсэгтээ хотод амьдарч байгаад жилийн бусад хугацаанд адуу малынхаа хойноос нүүдэллэх ба тэдний ихэнх нь эдэлбэрийн эзэмшил газартай. Хотын хүн амын олонх нь хотдоо байнга амьдрах учир, янз бүрийн үндэс угсаа, нийгмийн болоод шашны элементүүдээс бүрдсэн хотын анги үүссэн байна. Славян, түрэг, Монгол, Булгар, Кипчак, Араб, Перс, Алан, Итали, Хятад, Европчууд гээд олон үндэстэн нэгэн дээвэр дор амьдарч байжээ. Ибн Баттутын өгүүлэхээр “өөр өөр угсаатны төлөөллүүд тус тусдаа нэгэн дүүрэг болон амьдрах бөгөөд мөн газартаа өөрийн захтай ажээ” хэмээн бичсэн байдаг.
Өвлийн цагт Сарай болон түүний эргэн тойрон дахь хотуудад өвөлжин зун нь улс бэлчээр сайтай Ижил мөрний эрэг дагуу зусдаг байжээ. Ханы орд өргөө ч мөн адил нүүдлэн явдаг байсан тухай сурвалжид үлджээ. Тухайлбал: Энэ талаар Гильом Де Рубрук “Тэд нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл сэрүүн нутагт өгсөж буудаг ба наймдугаар сард буцаж урууддаг байв” гэж өгүүлснээс үзэхэд байнгын суурин биш нүүдлийн соёл иргэншлээ хэвээр хадгалж байжээ.
Алтан ордны улсын аж ахуйн үндэс нь мал аж ахуй газар тариалан байсан ч үүний хажуугаар зөгийн аж ахуй, загасны аж ахуй эрхэлж байжээ. Ялангуяа ижил мөрөн, Крымийн хойгийн сав дагуу загас агнуур эрчимтэй хөгжиж байсан бол Кавказын бүс нутаг жимс ногоогоор баялаг байжээ. Аж ахуй эрчимтэй хөгжихийн хэрээр улсын эдийн засагт ч чухал хувь нэмрээ үзүүлж байсан юм. Мал аж ахуйн дундаас цэрэг дайны зорилгоор адууг ихээр өсгөн үржүүлж байжээ.
Худалдаа тус улсын гол үндэс байсан бөгөөд худалдааг хэт шүтсэн нь бас мөхөх нэг шалтгаан нь болсон гэж үздэг. Худалдааны гол бүтээгдэхүүн нь даавуу, бөс материалууд, маалинган даавуу, зэвсэг, эмэгтэйчүүдийн үнэт эдлэл, үнэт эдлэл, үнэт чулуу, амтлагч, хүж, мах, арьсыг, арьс шир, зөгийн бал, лав, давс, тариа хэрэглэсэн, ой, загас, түрс, чидуны тос зэрэг байсан бөгөөд давсны худалдаанаас асар их ашиг хүртэж байжээ. Худалдаачид Алтан ордны улсын худалдааны замуудын аюулгүй байдлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд аюулгүй байдлын баталгаа өгч байсан учир худалдаа огт саадгүй явагдаж байжээ.
Зүчийн улсын иргэд өөр өөрийн үндэсний өвөрмөц маягийн хувцастай байсан бөгөөд уламжлалт Монгол дээл түрэг загварын мөн исламын хэв шинжтэй болжээ.
Энэ үйл явц нь Алтан ордны улс дахь монголчуудын хувцсанд үндсэн өөрчлөлтүүдийг авчирсан. Исламын нөлөөгөөр дээлийн загвар өөрчлөгдөн богино болж мөн шилбэний оронд төмөр товч бий болсон байна. Алтан ордны улсын ард иргэдийн хувцасны талаарх судалгаа өнөө хэр дорвитой хийгдээгүй байгаа бөгөөд цаашид ч судлах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна.
Бичиг үсэг, боловсрол. Алтан ордны улсын албан ёсны хэл нь Монгол хэл байсан тэр ч байтугай энэ хэл араб, түрэг хэлтэй холилдон XV зуун хүртэл оршиж байжээ. Төрийн албан ёсны хэл Монгол байсан бөгөөд мөн Араб, Түрэг хэл холилдсон шинэ маягийн хэл ч үүссэн байна. Нийт хүн амын дийлэнх олонх нь түрэг язгууртан байсан тул Түрэг хэл зонхилж байсан гэж үзэж болно.
Монголчууд Алтан ордныг байгуулсан, монгол хэл тэнд XIV зуун хүртэл албан ёсны хэл байсан юм. Тэр ч байтугай 1450 он гэхэд “Монгол хэл” Москвагийн II Василийн ордонд “мода” болж байжээ.
Гадаадын орнуудтай (Мамлюк, Византи, Цагаадайн улс, Эл хаант улс) дипломат шугамаар бичиг баримтаар харилцахдаа монгол хэлээр үйлддэг байсан ч XIV зууны эцэс ба XV зуунд дотоод удирдлагатай холбоотой ихэнх бичиг баримт түрэг (цагаадайжсан түрэг хэл) хэл дээр явагдаж байжээ. Тухайлбал Алтан ордны үйсэн дээрх бичиг бол Монгол хэл тэнд XIV зууны эцэс хүртэл удаан оршин байсны баталгаа мөн. Дээр нь Алтан ордны улсын хангуудын зарлиг нь голдуу Араб хэл дээр бичигдэн үлджээ.
Сарай хотын ханы ордонд Орос хэл дээр ч зарлиг үйлдэх нь байсан бөгөөд энэ бүхэн нь тухайн вассал улстайгаа харилцах харилцаанд нь дөхөм үзүүлсэн зүйл болсон юм. Узбек ханы үеэс тус улсад исламын шашин улам бүр хүчтэй байр суурь эзлэх болсон ч Монгол хэл тэнд гол хэл хэвээр байсан нь өөрийн соёлын дархлаагаа хадгалж үлдсэн өвөрмөц үзэгдэл байжээ.
1930 онд Волга мөрний зүүн эрэг, Увек хотын бараг эсрэг талд, Терновка тосгонтой ойр газраас хамтралын ажилчид малд тэжээлийн байр бэлдэх газар ухаж байгаад хусаар хийсэн хайрцаг олсон бөгөөд дотор нь хулсны үйс буюу холтос дээр бичсэн гар бичмэл олжээ. Уг гар бичмэлийг тухайн газар нутаг болох Повольж дахь германчуудын Автономит улсын хотын музейд аваачсан бөгөөд сүүлд Ленинград хот дахь Эрмитажийн музейд үзэсгэлэнд зориулж хүргэгджээ. Археологийн судалгаагаар уг газар Алтан Ордны улсын суурин байсныг илрүүлсэн. Мөн түүнчлэн уг гар бичмэл нь XIV-XV зууны үеийн булшнаас гаргаж авсныг тогтоожээ.
Эрмитажийн музейд уг гар бичмэлийг хүлээн авч нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнд тогтсон шороог нь цэвэрлэх, алга болсон эсвэл хоорондоо нийлсэн хэсгийг янзлах, целлулоидод байршуулан лацдах байсан юм. Уг гар бичмэл уйгар бичгээр бичигдсэн ба бичгийг тайлж уншихын тулд фото зургийг нь авч Эрмитаж дахь уйгар бичиг судлаач ажилчдад өгсөн. Гэвч уйгар бичиг судлаачид энэ бичгийг үзээд уйгар үг бараг байхгүй байгааг тогтоосон. Нэлээн сайн судалсны эцэст уг бичвэр нь монгол хэлийн текст агуулж байгааг тогтоожээ.
Уг бичвэр нь олны анхаарлыг ихэд татсан ба монгол бичгийн нэн эртний дурсгалд орж байгаа бөгөөд Алтан ордны улсаас олдож буй анхны ийм төрлийн олдворуудын нэг юм.
Сарай хотод исламын шашны “медресе” буюу сургуулиуд олон байсан бөгөөд энэ нь исламын соёл түгэн тархахад ихэд нөлөө үзүүлжээ. Сарай хот богино хугацаанд исламын ертөнцийн соёлын төв болсон юм. Ялангуяа Мамлюк Египеттэй харилцаж олон тооны эрдэмтэн мэргэд солилцож байсан бөгөөд тэдгээр нь Сарай болон Кайр хотод харилцан сууж байжээ. Эдгээр нь соёлын харилцаанд ихээхэн тус дэм болж байжээ.
Орос хэлийг монгол, түрэг, перс, болон араб хэлний үг ойлголтуудаар баяжуулсан явдал нь нийт хүн төрөлхтний соёлын дэвшилд Монголчуудын оруулсан хувь нэмэр гэж үзэхээс өөр аргагүй юм.
Шашин. Алтан улсын түүхэнд исламын шашин онцгой байр суурь эзэлдэг. Гэвч тус улсад шашны шинэчлэлийг Бат хан эхлүүлж ислам, үнэн алдартан, Будда, католик, тэнгэр шүтлэг зэрэгцэн оршиж байсан юм. Бат хан анх Алтан ордны улсад исламын шашинт кипчакуудыг өөрийн улсын цөм үндэстэн болгосон тэр цагаас исламын шашин энэ улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна. Узбек ханы үед исламын шашин хүчээ авч төрийн шашин болсон бөгөөд энэ нь тус улсыг мөхөх хүртэл хүчтэй хэвээр хадгалагдаж үлджээ. Исламын шашинг дагаад исламын соёл иргэншил тус улсын соёлд хүчтэй нөлөө үзүүлжээ.
Ислам төрийн шашин болж аажимдаа католик, буддын шашин шахагдсан ч тэнгэр шүтлэг хүчтэй хэвээр үлдсэн юм. Харин вассал улсууд өөр өөрсдийн шашинг шүтэж байжээ. Жуулчдын тэмдэглэснээр ислам, буддын, христийн, гээд олон сүмийг нэг дор зэрэгцэн эв найрамдалтай оршихийг Алтан ордны улсын Сарай, Монголын эзэнт гүрний Хар хорум хот хоёрт л харж болох үзэгдэл байжээ.
Бат хан өөрийн улсын вассал Оросын вангуудын шашин шүтэх эрхэнд хэзээ ч халдаж байгаагүй юм. Түүний үед л Орос оронд үнэн алдартны шашин бүрэн утгаараа хөгжих эхлэл нь тавигдсан. Монгол хаадын үед л Оросын үнэн алдартны шашин хөгжин аливаа татвар албанаас чөлөөлөгдөж анхны хамба лам оросоос томилогдож байсан юм. Хамба лам нар халдашгүй дархан байдлын “ярлык” буюу зарлигийг Сарайн эрх баригчдаас авдаг байсан бөгөөд энд Узбек хааны хатан Тайдула (Дайдула)-г дурдах нь зүйтэй юм. Ялангуяа Христийнсумийн эд хөрөнгөнд халдсан хүнд цаазаар авах ял оноодог байлаа.
Буддизм Алтан ордны улсын дотоодын болон улс төрийн төвшинд ч мөн илэрч байв. Венецийн Фра Маурогийн 1459 онд зохиосон газрын зураг дээр Сарай хотын ойролцоо байрладаг объектыг Suburgam (суварга) гэж нэрлэсэн байдаг. Энэ бол Зүчийн улсад шашин шүтэх эрх чөлөө ямар нээлттэй байсны баталгаа яах аргагүй мөн юм. Цаашлаад Буддын шашны баруун тийших тэлэлтийн хамгийн захын хязгаар нь Алтан ордны улс болж байжээ. Оросын Евразийн талыг баримтлагч нэрт судлаач эрдэмтэн Г.В.Вернадский “Хэрэв Зүчийн угсааны Монголын хаад үнэн алдартны шашинд орсон бол Москва биш харин Сарай хот оросын шашин, соёлын төв нь болох байсан байж болох юм” хэмээн бичсэн байдаг.
Шинжлэх ухаан: Исламын шашинт улсуудын нийслэл хотуудын дундаас хоёр Сарай хот өвөрмөц соёл иргэншлээрээ ялгагдаж байжээ. Сарай хотод исламын шашны зэрэгцээ үнэн алдрын, несториан, буддын, католик гээд олон сүм хийдийн төлөөлөл эвтэй найртай оршиж сууж соёл шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ялангуяа исламын шинжлэх ухааны төв болж байснаараа Сарай хот онцгой байжээ. Исламын шашны томоохон сургуулиуд энд байрлаж исламын хөгжлийн ерөнхий дүр зургийг тодорхойлж байсан гэхэд болно. Египет мамлюкийн эзэнт гүрэн Алтан ордон, Византи гурвын онцгой холбоо нь Сарай хотыг шинжлэх ухаан урлагийн томоохон том болгосон юм. Сарай хотод Узбек ханы үед шинжлэх ухаанд зориулж исламын шашны хамгийн том номлолын сургууль баригдсан бөгөөд тухайн үеийн хамгийн том боловсролын төв болж байжээ. Сарай эль Жедид хотод хийгдсэн археологийн малтлагаар юмсын хөдөлгөөнийг хэмжихэд хэрэглэж байсан багаж хэрэгсэл олдсон бөгөөд энэ нь шинжлэх ухаан ямар хэмжээнд хүрснийг харуулсан нотолгоо юм. Нэрт яруу найрагч Сайф Сарай, Польшийн нэрт одон оронч Коперникээс 140 жилийн өмнө дэлхий нарыг тойрон эргэдэг тухай бичсэн нь тохиолдлын зүйл биш юм, .
Алтан ордны улсын соёл иргэншил алга болоогүй, харин энэ соёл иргэншил нь одоо ч гэсэн энэ нутагт амьдарч буй ард иргэдийн дунд үе дамжин өвлөгдөн өнөөгийн Оросын соёл иргэншил болон хувирсан. Алтан ордны улсын түүх нь дэлхийн түүхийн нэг хэсэг байсан бөгөөд Оросын түүх нь харин Алтан ордны улсын нэг хэсэг юм. Магадгүй өнөөдөр хүлээн зөвшөөрөх нь хэцүү ч байж болох юм. Гэвч энэ нь үнэн бодит зүйл билээ. Юу ч гэж үзсэн бай Алтан ордны улсын 300 гаруй жилийн түүх ОХУ-ын түүхийн нэгээхэн хэсэг байсан юм. Алтан ордны улсыг байгуулсаны ачаар Оросууд дэлхийн түүхийн томоохон процессуудад оролцож, агуу ОХУ-ыг бий болгох урьдчилсан нөхцөл болсон юм.
Үргэлжлэл бий…
