МОНГОЛЧУУДЫН ЭРХ ЗҮЙН ФИЛОСОФИ: УЛАМЖЛАЛТ ҮЗЭЛ САНАА
З.Цэрэнбат
Gmail: tserenbat.law@ikhzasag.edu.mn
Чингис хааны нэрэмжит Их засаг Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор (Ph.D), профессор
Z.Tserenbat
Teacher, Doctor, Professor at the School of Law of the Chinggis Khaan University
Хураангуй: Энэхүү илтгэлд Монголчуудын хууль цаазны уламжлалт сэтгэлгээний зарим асуудлыг эрх зүйн философийн талаас нь хөндөн өгүүлэх болно.
Abstract: This article will discuss how the legal mentality of Mongols in Mongolian territory originates from the legal philosophy of the East.
Түлхүүр үг: Монгол орны байгаль цаг уур, нүүдлийн соёл иргэншил, монголчуудын хууль цаазын уламжлалт үзэл санаа
Keywords: Eastern legal philosophical mindset, the environment of Mongolia, nomadic culture and civilization, and the legal philosophical mindset of the Mongols
Философич Освалд Шпенглер иргэншил тус бүр соёл, сэтгэлгэний янз бүрийн хүрээгээр хосгүй тухай үзэл санааг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл иргэншлийн философийн үүднээс Монгол нүүдлийн соёл иргэншилд энэхүү нийтлэг жам ёс бодитой оршин үйлчилж байсан нь эргэлзээгүй хэрэг[1].
Монголчуудын эрх зүйн философи сэтгэлгээ нь мөнх тэнгэрийг шүтэх үзэл болон төлөвших[2] явцдаа монгол төрийн сэргэн мандалт, бутран доройтол, гадны эрхшээл, бусдын нөлөөлөл зэрэг түүхэн эгзэгтэй цаг үеүүдийг даван туулсаар, үндэсний ухамсрын сэргэлт, уламжлалт үзэл санааны хүчин дор нэгдэн, эв эеээ эрхэмлэн дээдэлсэн тэмцэл нь буддын гүн ухааны үзэл номлолоор баяжигдан, ард түмэн нь эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсыг бидэнд уламжлуулан үлдээсэн билээ.
Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхээ явцад зөвхөн үнэнийг олох явдал гэж үзээд, чухамдаа эрх зүйд үнэний эрэл хайгуул хийх нь эрх зүйн философийн зорилт болно. К.Маркс, Ф.Энгельс нарын онцолсноор философи: үнэн гэж юу вэ? хэмээн асуудаг болохоос юуг үнэн гэх вэ? гэж асуудаггүй[3] …тиймээс эрх зүйн асуудлыг зөвхөн үнэний тухай философийн талаас нь хөндөж номлодог байх нь
Монголчуудын эрх зүйн философи, уламжлалт үзэл санаа, сэтгэлгээний талаар Д.Лүндээжанцан, Х.Жалбажав, Х.Сэлэнгэ, Д.Отгонтуяа, А.Цанжид, Б.Даш-Ёндон, Д.Урианхай, Б.Галаарид Д. Болд-эрдэнэ, О.Отгонтуяа, О.Амарсанаа зэрэг эрдэмтэн судлаачид бие даасан судалгааны бүтээл туурьвиснаас гадна, зарим нь тухайн сэдвийг тодорхой хэмжээнд хөндөж, өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцуулсан байдаг.
Философич, эрдэмтэн Б.Даш-Ёндон Монголын хөгжлийн диалектик бүтээлийнхээ эхэнд
“Гүн үндэсгүй ургамал булгарч унах нь амархан,
Гүн ухаангүй ард түмэн бутарч доройтохдоо хялбархан” гээд, зохиогчийн удиртгал өчилдөө …хөгжихүйн эсрэг бутран доройтохуй, мөхөхүй оршму. Бодгаль амьтны хувьд энэ бол байгалийн яах аргагүй хууль[4] гэснийг анзааран авч, монголчуудын эрх зүйн философи сэтгэлгээний төлөвшлийн асуудлыг төрийн бодлого, тогтолцооны хэрэгжилтийн түвшинд анхааран авч үзэх нь зүйд нийцнэ.
Ертөнцийн аливаа юмс үзэгдэл нь өнгөрсөн- одоо- ирээдүй гэсэн уулзвар холбоонд залгамж чанартай орших бөгөөд өнгөрсөн үегүйгээр өнөөдөр байх боломжгүй, өнөөдөргүйгээр маргааш байх үндэсгүй, өнөөгийн эрх зүйн шинэтгэлийн тухай асуудал нь мөн л бидний өвөг монголчуудын хууль цаазны уламжлалт үзэл санаа, сэтгэлгээнээс эх сурвалжтай.
Одоогоос 2000 гаруй жилийн тэртээх талын нүүдэлчин Монголчуудын хууль цаазны философи сэтгэлгээний уламжлал, үзэл санааны асуудлыг хөндөхийн тулд тухайн цаг үеийн түүхэн эх сурвалж болон өнөө үед өртөөлөн дамжуулж ирсэн бүтээлүүд хийгээд баримталж ирсэн ёс заншил, уламжлалт зан үйл (биеэр үйлддэг), аман зохиол (үлгэр туульс, ардын аман зохиол, зүйр цэцэн үг, “ертөнцийн гурав” хэмээх монголчуудын багцалмал мэдлэг[5] гэх мэт) зэргийг судлан тодруулах шаардлагатай бөгөөд энэ нь дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын сонирхлыг татдаг.
Эрт дээр үеэс хүн ба ертөнцийн тухай аливаа мэдлэгийг эр зоригтны мэдлэг, цэцэн мэргэнд дурлагсдын ажил хэмээн үздэг байжээ. Энэхүү мэдлэгийг эртний Грекийн эмч Гиппограт, физикч Пифагор, физикч Архимед нар “философи” буюу “цэцэн мэргэнд дурлах” хэмээн нэрлэсэн нь тохиолдлын хэрэг биш байсан[6].
Хүн төрөлт амьтан үүсэн буй болсон цагаасаа л амьдрах урт хугацааныхаа явцад “хүн” өөрийнхөө тухай цаашилбал “ертөнц”-ийн тухай мэдлэг хуримтлагдан баяжихын хэрээр философиос байгалийн тухай сургаал болох физик, хүний биеийн эрүүл мэндийг хангаж, эрүүл аж төрөх тухай сургаал болох анагаах ухаан, од эрхсийн зүй тогтлын тухай сургаал болох одон орон судлал гэх зэрэг мэдлэгийн бусад салбар үүссэн гэж үздэг.
Тэгвэл философич, эрдэмтэн Б.Даш-Ёндон бидний хөндөж буй сэдвийн мөн чанар нийгэмд гүйцэтгэх үүрэг, түүний ач холбогдлын талаар, Философи: хууль цааз ба ёс суртахуун бүлэгтээ Хууль цааз, ёс суртахуун хоёр бол нийгэм дэх хүмүүсийн харилцааг зохицуулдаг хамгийн чухал тулгуур хүчин зүйл гээд Хууль цааз-төрийн бүтээгдэхүүн, ёс суртахуун-хүний бүтээгдэхүүн[7] хэмээн үзсэн нь эрх зүйд хандах Монголчуудын эрх зүйн философи сэтгэлгээний уламжлалт үзэл санааг дэлгэрүүлэн авч үзжээ.
Нэр томьёоны хувьд анхаарах асуудал байдаг философийг “гүн ухаан” гэж нэрлэж, гэтэл зарим нь философийн биш эргэцүүлэлийг “гүн ухаан” хэмээн нэрлэж, улмаар түүнээ “Чингисийн гүн ухаан” гэх мэтээр ярьж бичин…[8] Монголын нууц товчооны мэдээ сэлтүүд, Чингис хааны билэг сургаал, өндөр гэгээн Занабазарын бүтээсэн соёмбо, сүлд зэргийг философийн мэдлэг юм шиг тайлбарлаж, улмаар эдгээрийг “монголын гүн ухаан “философи” хэмээн сурталчилж ирэв.[9] гэх зэргээр тэмдэглэж ирснээс үзвэл агуулга, нэр томьёо нь нэг мөр ойлголтод хараахан хүрээгүй мэт санагдана. Тийм учраас Монголын эрх зүйн философи сэтгэлгээний уламжлалт үзэл санааны асуудлыг орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааны түвшинд судлах, үр дүнг тооцох, нэг мөр ойлголтод хүрэх, түгээн дэлгэрүүлэх шаардлага урган гарч байна.
Тэгвэл “философи” гэж юу болох талаар дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид тухайн нийгмийнхээ цаг үеэс хамаараад өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлах нь бий. Тухайлбал ОХУ-ын философийн шинжлэх ухааны доктор, профессор В.В. Балахонский өөрийн бүтээлдээ орчин үеийн философийн шинжлэх ухааны сонгодог зохиолуудад дараах гурван үзэл санааг түгээмэл байдлаар тодорхойлж байна, гээд Философи-ертөнцийг үзэх үзлийн онцгой хэлбэр; Философи-сэтгэлгээний хэлбэрийг тодорхойлно; Философи- шинжлэх ухаан;[10] гэсэн бол
Эрдэмтэн Бунийханы Ц.Гомбосүрэн философи бүтээлийнхээ нэг бүлгийг Монголчуудын философи сэтгэлгээний үүслийн талаар авч үзээд “философи” гэдэг нэр томьёо эртний грекийн phileo–хайрлах, дурлах,тэмүүлэх; sophia –цэцэн мэргэн хэмээгч утга бүхий хоёр үгээс үүссэн, “цэцэн мэргэнийг эрхэмлэх” гэсэн санааг илэрхийлдэг.
Нэр томьёоны ийм нэршлийг эш үндэс болговол цэцнийг эрхэмлэгч буюу философич хүн бол манай “алтан өргөө” киноны “Мэргэн ард” гэдэг нэрээр гардаг нэгэн баатар шиг нэвтэрхий мэдлэгтэн биш байх нь.
Өвөг Монголчуудаас өвлөн авч, өртөөлөн үлдээсэн төрийн шүтлэг, ертөнцийг үзэх үзэл, амьдрахуйн арга ухаан, оюун санаа, сэтгэлгээний талаарх хуримтлуулсан мэдлэг, тэрлэж үлдээсэн оюун санааны бүтээлүүд нь аман болон бичмэл хэлбэрээр түгэн дэлгэрч байснаас гадна монголд өрнүүлсэн их хэлмэгдүүлэлтийн уршгаар устаж үгүй болох, гадны шахалт шаардлагаар мэдэх эрхийг нь хязгаарлах, гадны ёс, зан үйлийг тулгах зэрэг олон саад бэрхшээлийг даван туулж өнөө цагтай золгосон юм.
Өнөөдөр биднийг …өрнийхөн ч дорно дахинд ч “Европжсон сэтгэлгээтэй, азийн соёлоос холдсон” гэж дүгнээд байдаг. Гэтэл мал, гэр гэх мэт ахуйн өвөрмөгц онцлог тал байгаад байдаг. Энэ бүхэн нэгийг сануулна.[11]
Улс төрийн Библи хэмээн хүндэтгэн үздэг Магна Харт [12] -д төрийн эрх мэдэл дур зоргыг яаж хязгаарлах вэ гэсэн эрэлт хайлтыг хийж эхэлсэн. Энэ эрэлт хайлт өрнө, дорнын иргэншил, соёлд өөр өөр байжээ гээд … дорно дахин эзэн хааны эрх мэдэл, дур зоргыг хязгаарлах арга замыг дээд ёс суртахуун гэж үзэж, эзэн хаанаа тэнгэрийн хүү тэнгэрлэг ёс суртахуунтай байх бөгөөд тэрхүү ёс суртахууныг дагах нь тэнгэрт ивээгдэх гол шалтгаан хэмээн сургаж , эрх мэдэл, дур зоргоо хязгаарлах механизмыг нь гадаад хүчин зүйлд бус өөрт нь суулган өгч дур зоргыг нь хязгаарладаг далд нарийн арга хэрэглэж байсан бололтой.[13]
Тэгвэл өрнө дахин бол өөр, тэнд төр болон хааны эрх мэдлийг нийгмийн гэрээгээр хязгаарлаж болно хэмээн үзэж, хааны өөдөөс эрслэн босож, тэмцэж, гэрээ хэлцэл байгуулахыг санал болгосны хамгийн анхны үр дүн нь Магна Харт юм.
Монголчууд бид хэдийгээр дорно зүгийн ард түмэн боловч бусад дорны суурьшмал соёлтой харьцуулахад нүүдэлчин ард түмэн гэдэг утгаараа эрс өөр үзэл бодол ухамсар ахуйгаараа ялгагддаг[14] гээд дараах байдлаар жишээ татсан нь бидний сонирхолыг татаж байна.
Тодруулбал Монголчууд ертөнцийг хоёр эхлэлтэй гэж үзэж байсныг философичид дуализм хэмээдэг гээд… энэ нь тэнгэр-эцэг, газар-эх гэдгийг Монголчуудын ойлгож байснаар эр үүтгэл хэмээх эцэг тэнгэр бол ухамсарын шинжтэй, эм үүтгэл хэмээх нь эх газар бол материйн төлөвтэй ажээ. Үүнтэй нэгэн ижил агуулгаар уулыг “хан уул” буюу эзэн нь савдаг хэмээх эр үүтгэлээр нэрлэдэг бол ус, гол мөрнийг “хатан гол” хэмээн нэрлэж ирсэн нь “лус” хэмээн итгэж, эм үүтгэлээр нэрлэн, залбирч мөргөж иржээ.
Энэ тухай эрдэмтэн Ч.Эрдэнэ Их гурвалжин бүтээлийнхээ “Тэнгэризм” гэсэн бүлэгтээ … Хорвоогийн бүхий л үзэгдэл, юмсыг үүдэгч- агуулагч- эрхшээгч хүчин нь Хөх тэнгэр гэсэн нэгэн аксиом сэтгэмж бий болсон нь нар, сар хийгээд хас тэмдэг хаднаа сийлбэрлэгдэн үлдсэнээс ихэд түрүү үеийнх бөгөөд эдгээр сүлд тэмдэг нь олон мянган жил боловсорсон үзэл, зан үйлийн үр дүн, төгс дурсгал юм… гэсэн нь дээрх санааг бататгаж байна.
Бидний өвөг монголчууд өөрсдийнхөө итгэл үнэмшил, сүсэг, бишрэл, оюун ухаан, бөө зөн совингийн хүчээр хөх Мөнх тэнгэртэйгээ харьцаад зогсохгүй нар, сар, байгаль, од эрхсийн нөлөө, мал, амьтны төрх, зан байдал, хөдөлгөөн зэргийг тасралтгүй ажиглан байгалийн зарим давагдашгүй хүчин зүйлийг урьдчилан тооцож, танин мэдэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, амьд үлдхийн тулд галыг тахих, тайтгарах, тайвшрах байдлаар сэтгэл, оюун санаагаа төвлөрүүлэн өөрсдийхөө амьдрал, ахуйгаа тохируулан зохицуулж байсан тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байна
Доктор С.Соёлмаа “Монголын философийг 1990 оноос хойш судалж ирсэн зарим бүтээлийн арга зүй асуудалд” хэмээх нийтлэлдээ “манай өвөг дээдсийн үлдээсэн зохиол бүтээлүүдэд “ахуйн”, “оршихуйн”, “учир шалтгаан”, “сэтгэхүй”, “ухамсар”, “би”, “хууль”, “логик” гэсэн философийн тулгуур асуудлыг тусгайлан авч үзсэн, судалсан байдал нь их л хожуу үеэс ажиглагдах ажгуу[15] гэснийг ишлэл болгон авч үзээд, дүгнэлт хэсэгтээ …философийн тодорхой асуудлыг эдүгээгчлэхийг чухалчлаад, Монголын соёл, иргэншлийн философи нь юугаараа ялгаатай болон онцлог болохыг харьцуулан авч үзэх зэрэг хүмүүнлэг, соёлын байр суурийг баримтлах нь зүйтэй хэмээн тэмдэглэсэн байна.
Эрдэмтэн, судлаач Ц.Минжин Монголчуудын философи буюу монгол язгуур сэтгэлгээний талаар дурьдахдаа …Монголчуудын оюун ухааны мөн чанар шинэ зүйлийг хүлээн авах, хувирган өөрчлөх сэтгэл зүйн бэлтгэл , шинэ орчин нийгэмтэй дасан зохицох чадвар, аливаа асуудалд хандах сэтгэлгээний хурд, арга зүй бол бидний өвөг дээдсийн монгол язгуураас үүсэлтэй… гээд Монголчуудын гүн ухааны сэтгэлгээний түүх нь монголын ард түмний оюуны соёлын түүхийн салшгүй нэг хэсэг юм.[16]
Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан хэрэгжүүлснээр бид өөрсдийнхээ бодит түүхийг эргэж харах, өөрийн гэсэн философи сэтгэлгээ, түүний мөн чанарыг таниж мэдэх, эрх зүйн философи сэтгэлгээний талаар судлах, сурталчилах, хэвлэн нийтлэх, нийтийн хүртээл болгох эрхээ эдлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд амьдрах тийм боломж бүрдсэн юм.
Монголчуудын буурал түүхийн явцад өөрсдийнхөө оюун санаа, сэтгэлгээний үр дүнд буй болсон, шинжлэх ухааны танин мэдэхүйтэй дөхөхүйц тийм төрт ёс хууль цаазны философийн өв болсон бүтээлүүдийг судлах, сурталчилах нь 1990 оноос өмнө буюу социалист нийгмийн үед хориотой байсан хэдий ч зарим эх бүтээлүүд нь нууцлагдмал байдлаар “бор авдар”-т хадгалагдан үлдэж бидний үетэй золгожээ.
Тухайлбал Ч.Эрдэнэ Их гурвалжин. угшил ба оргил (тайллууд) УБ., 2002, энэ бүтээл зохиогчийн нэмж зассан 2 дахь хэвлэл бөгөөд “Их гурвалжин” –г зөн билгийн бүтээл гэсэн нь үнэнд ойртоно. Ер аливаа шинжлэх ухаан ч талын судалгаанд зөн билэг тэргүүлэх ба шийдвэрлэх үүрэгтэйг мянганы онолч А. Эйнштейн дахин давтан дурдатгасан байдаг талаар зохиогч цохон тэмдэглэсэн байдаг.
ТОЛУЙН ХАТАН СОРКУКТАЙ БЭКҮНИ (Чингис хаан 1203 онд Хэрэйд аймгийг эзлэн авахдаа Тоорилын дүү Жаха Хамбугийн бага охин Сорхугтани бэхийг отгон хүү Тулуйдаа хатан болгон өгчээ) Өв МОН ОГОУ Ул-аас хөрвүүлсэн 15 дахь өртөөлөгч Хөх Нохой овогт Журнайн Нүрзэд гуай нүүдэлчин монгол (хүн ба ертөнц, нийгмийн тухай мэдлэг)-чуудын хууль цаазны философи сэтгэлгээний шинжүүдийг өөртөө шингээж агуулсан бүтээлүүд нь үе дамжин уламжлагдан өртөөлсөөр бидний үетэй учран золгосон байдаг.
Тухайлбал ХӨХ МОНГОЛЫГ ТӨРӨӨР БАДРААХ ХУТАГТАЙ НЭҮРЭТ ЗАСАГ-ИЙН АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ бүтээлүүдийн өртөөлөгч (зохиогч[17]) өмнөтгөлийн үгэндээ… энэ хүү бүтээл 1251 оноос хойш уламжлагдан цээжлэгдэж, үеэс үед дамжин өртөөлөгдсөөр одоо танд ирж байгааг “Чингис Их Хаан Хөх Мөнх ТНГР-ээс эргэн заларч дахин заяаж байна. Анхнаасаа ч хожим олзтой ЗАСАГ эргэн ирж байна” гэж ойлгон 15 дахь үедээ өртөөлж орчин үеийн монгол хэлнээ буулгасан миний үгийг анхаарч энэ хүү оюуны бэлгийг хичээнгүйлэн болгоож уншихыг хүсье… гэжээ.
Энэхүү бүтээлийн агуулга мөн чанарын талаар зарим хэсгийг тодруулах гээд үзье. Төр, иргэний харилцааны оюун санаа, сэтгэлгээний тухайд…Ард, дарга, сайд, ерөнхийлөгч гэдэг үгнүүдийн материаллаг үндэс нь хүн. Иргүн гэдэг бол Чингис хааны нэүрэт засаг хэмээх нийхэмийн инженер зүйд бүрэн нийцсэн хүн. Урьдчилан өгөгдсөн шаардлага хангасан амин чанар /амин инару/-ын нэр бол иргүн юм.
Хүнийг хүн болгох оюун санаа, сэтгэлгээний тухайд … хүнийг ухааны хувьд гарцаагүй хүн болгохгүй бол амьтан гэгдэх амин чанар нь давамгайлдаг учраас хүчирхийллийн бус хамгаалалтыг эвдрэх аргагүй хийсэн тухай, бас түүний арга, оюун санааны бүх шаардагдах зүйлийг ил гаргаж хэлсэн байна.
ХӨХ МОНГОЛЫГ НҮҮДЛИЙН СОЁЛООР БАДРААХ ХУТАГТАЙ ИХ ЗАСАГ-ИЙН АЛТАН ДЭЭД ГЭР ИЭ 2, өртөөлөгч ном нээх үгэндээ ЧИНГИС хааны ИХ ЗАСАГ-ийн “Үндсэн хууль”-ийг танд өргөн барьж байна. Эртний Монгол Улсын ард олон түмэн хоорондоо хэвшүүлэн байгуулж, хэрэглэж ирсэн ГЭР ИЭ (гэрээ) –тэй байжээ гэдгийг 1224 онд Толуй хаан нээгээд энэ ГЭР ИЭ-ийг амьдран оршихуйдаа хэвшүүлж, аж төрөх ёс болгож байгааг ТНГР хэмээх амин чанартай оршихуйг ЗАСАГ гэдэг байсныг танин мэджээ.
Өртөөлөгч цааш нь өгүүлэхдээ, бид саяхан Монгол Улсын Үндсэн хуулийн 10 жилийн ойг тэмдэглэсэн тухай дурьдаад … одоо гарч байгаа хуулиуд нь биднийг хөгийн болгож, таван бугшмал хэцүү байдлыг бидэнд тулган хүлээлгэж байна. Энэ бол Монгол Улсын оюун санааны үндэсний дархлааг бүрэн устгаж дуусаагүй цагт зах зээлийн эдийн засаг үр ашгаа өгөхгүй гэдгийн нотолгоо, гээд хэрхэх талаар цааш нь бичихдээ …оношлох, эмчлэх, анагаах тархи дэлхийд одоо зөвхөн Монголоос өөр хаана ч байхгүй… гээд “АЛТАН ДЭЭД ГЭР ИЭ” бол МОН ОГОУ Ул сэтгэхүйн өв мөн гэжээ.
Өртөөлөгч философийн үндсэн асуудал болох нийгэм (НИИ ХЭМ)-ийг хэрхэн засах тухай ХӨХ МОН ОГОУ УЛ-ЫГ НИЙ ХЭМЭЭР БАДРААХ ХУТАГТАЙ ДӨРВӨН НЭҮРИТ ИХ ЗАСАГ-ИЙН АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ 4 бүтээлийнхээ оршил хэсэгт … Их эзэн Чингис хааны дэлхийчлэгч үйлсээр бичигдсэн юм байна. гээд Чингис хаан чухам юу байгуулсан юм бэ? гэх асуултад ганцхан хариулт байдаг бөгөөд тэр нь ИХ ЗАСАГ. Их засгийн амин чанарыг мэдье гэвэл олон улс оролцсон судалгаа шинжилгээний том төв байгуулж МОН ОГОУ Ул Улс, алтан дээд үнэний аялгууг судалбал зохино гэж ээ.
Судлаач, өв тээгч Ж.Нүрзэдийн бүтээл Сорхогтан хатны айлдсан “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрэт засгийн “алтан дээд үнэний аялгуу” судрыг түүхч, эрдэмтэн Н.Ням-Осор, түүнийг дэмжиж ивээн тэтгэж, хэвлүүлэхдээ бичсэн өмнөх үгэндээ … Монголын соёл иргэншил, түүний амин чанарыг тодорхойлж, үнэнийг тогтоон, хойч үедээ мэдүүлж тэднийгээ мандан бадрахын замаар хөдөлөхөд гүүр болох гэсэн ариун зорилготой[18] гэдгийг тодотгоод “Алтан аялгуу”-ны нууцыг нээгчид гүнээ талархмуу гэжээ.
Монголчуудын эрх зүйн философи сэтгэлгээний төлөвшил, төрт ёсны үзэл баримтлал, оюун ухаан, ухамсарын түвшинг соён гэгээрүүлэх, амьдралын хэвшил болгож нэг мөр баримтлах зэрэг эх үйлсэд Буддын гүн ухааны номлол, шашин соёл, үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан байдаг.
Буддын шашины шинжлэх ухаан Монголчуудын хувьд буддын сургаалийг судлан үзэх өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван ач холбогдолтой гэж үзээд, бидний өвөг дээдэс нэн эртнээс энэхүү сургаалыг шүтэн биширч амьдралынхаа гол зарчим болгосон талаар түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг.
Хүннү Нерун, Уйгар тэргүүтэй эртний монгол овог аймгуудад буддын шашин дэлгэрсэн байсан тухай нэрт түүхч, гүн ухаантан Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн гавж Зава Дамдин ламтан “монгол оронд бурхан шашин дэлгэрсэн түүх Алтан дэвтэр” хэмээх номондоо тэмдэглэсэн хэмээн Буддын шашины шинжлэх ухааны ба үзэл онолын хураангуй, шинжлэх ухааны хэсгийн 5 дахь боть УБ., 2016 бүтээлийн дээдийн номонд дэвсэх үгэндээ тэмдэглэсэн байна.
Мөн Богд Зонховын Бодь мөрийн зэрэг (ламрим) эхлэн гэгээрэгчдэд зориулсан УБ., 2006 бүтээлийн удиртгал хэсэгт …Будда болон гэгээрэх үндсийг заахдаа нэгдүгээрт, хүн болж төрсөн байх, хоёрдугаарт буддын шашин дэлгэрсэн газар оронд төрсөн байх, гуравдугаарт гэгээрэх хүсэл төрсөн байх, дөрөвдүгээрт сэтгэлээ боловсруулахаас эхлэн буддын ном сургаалд суралцан бясалгах замд орох хэмээсэн нь зөвхөн монголчуудын төдийгүй хүн төрөлтний амьтнаас ялгагдах язгуур үзэл санаа, сэтгэлгээний асуудалтай холбож тайлбарласан байна.
Бурханы шашны “Алтангэрэл” хэмээх их хөлгөн сударт хаан яагаад тэнгэрийн хүү байдаг талаар өгүүлэхдээ “урьд үйлдсэн буяны хүчээр тэнгэр нарт төрж хаан болоод, хэрэв хүний дотор төрвөөс хүний эзэн болж төрнө… тэнгэр нарт сахигдахын учир түүнийг тэнгэрийн хөвүүн гэдэг ажээ.
Ингэхлээр хаан бол бурханы төлөөлөгч мөн. Хаад бол тэнгэрийн хөвгүүд учир “Үлгэрийн далай” мэтийн бурханы цадигаас улбаатай тусгай өргөмжлөгдсөн байдаг. Алтангэрэл сударт өргөмжилсөн нэрийг тоочихдоо “үзвээс баясгалант тэнгэрийн хөвүүн, нарны гэрэл тэнгэрийн хүү, дарамтат мунхаг өвчнийг арилгагч тэнгэрийн хөвүүн” гэх зэргээр Монгол төрийн байгуулал, улс төрийн сэтгэлгээний хөгжил. Тэргүүн боть. Х.13-д дурьджээ.
Мөн эрдэмтэн Алдар овогт Соном-Ишийн Юндэнбат Ламын гэгээний ханчин дэг, ёслол, зан үйл бүтээлийнхээ оршил хэсэгт Бурханы шашины гутгаар дэлгэрлээр үүдэн эхэлсэн Монголын бурхан шашины сэргэн мандлыг оройлон тэргүүлэгчдийн нэг бол Ламын гэгээн хэмээх нэрээр олонд алдаршсан Эрдэнэбандида хутагт, ханчин номун хан Лувсанданзанжалцан (1639- 1704) юм.
Лувсанданзанжалцан тухайн цаг үеийнхээ эрдэм ухааны салбар бүрээр мэргэшиж одон зурхай, анагаах ухаан, гүн ухаан, бясалгал, зан үйл, судар тарний чиглэлээр баялаг агуулга бүхий өвийг үлдээснийг эдүүгээ ч бид амьдрал, ахуйдаа хэрэгжүүлсээр л байна.
Та эрдэнэт хүний биеийг олоод, бурханы сургаалтай газар төрөөд энэхүү номыг өмнө дэлгээд байгаа болохоор буддад дөтлөх замынхаа дөрөвний гурвыг нэгэнт туулжээ. Ийм байхад баярлахаас өөр яах билээ.[19].. гэснийг ухвал хүн бүр гэгээрэх боломжтой бөгөөд ганцхүү сэтгэлд гэгээрэх хүсэл төрж, ухамсар, оюун санааны түвшинд хэрэгжүүлж чадваас гэгээрсэн сэтгэлтэй байж, гэгээрсэн хүн болно, гэгээрсэн хүмүүсээс бүрдсэн нийхэм, гэгээрсэн үндэстэн байж болохоор төсөөлөгдөж байна.
Монголын эрх зүйн философи сэтгэлгээ, оюун санааны охь нь …Монголчуудын нүүдлийн иргэншлийн соёл ахуйгаа дагасан, байгальтайгаа нягт уялдсан аж ахуй эрхлэх ёс, ёс заншил, амьдрлын хэв маягийн онцлог хэлбэрийг бий болгосон байдаг. Ингэхдээ түүн лугаа зохицсон байгаль эх дэлхий, тэнгэр газартаа суурилсан гүн ухааны сэтгэлгээний олон зууны өв уламжлалыг давхар бүтээжээ[20].
Монголчуудын философи сэтгэлгээний онцлогийн тухай академич Г.Лувсанцэрэн бичихдээ: “Байгальтай зохицон аж төрөх ёсны нэг илрэл нь Тэнгэр газрын нэгдлийг голчоор баримтлах үзэл дадал болно. Газар дэлхий, Агаар тэнгэр хоёр үзэгдэл, үйлчлэлийн нягт уялдаатай, байгалийн нэгдмэл цогц болох нь ойлгомжтой. Түүгээр зогсохгүй байгалийн бүрдэл хэсэг болсон хүн, түүний үйл ажиллагааг ч уг үзэгдэлтэй холбон үздэг байв”[21] гэсэн сонирхолтой дүгнэлтийг дэвшүүлсэн байдаг.
Мөн түүнчлэн Монголын философийг бие даасан философийн хөгжил гэх ойлголтуудыг нь эдүүгээчлэн тайлбарласан Монголчуудын философийн онцлогийг дэлхийн философийн ололт амжилттай харьцуулан шинжилж, өөрийн мөн чанарыг нь нээн илрүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байгаа талаар доктор С.Соёлмаа “Монголын философийг 1990-ээд оноос хойш судалж ирсэн зарим бүтээлийн арга зүйн асуудал” бүтээлдээ дурьджээ.
Монголчуудын төрт ёсны түүх, хууль цаазны философи сэтгэлгэээний талаар манай нэрт түүхч, эрх зүйн философийн эрдэмтэн судлаач нар Монголын эрх зүйн философийн талаар бичиж нийтийн хүртээл болгосноос үзвэл тэд эрт дээр үеэс төр, эрх зүйн тухай бүхэл цогц үзлийг дагасан төрт ёсны олон үеийн түүхэн ёс журам , уламжлалыг бүтээн бий болгосон байна.
Тэгвэл бидний ихэс дээдэс (төр) өөрсдийн бүтээсэн ололт, амжилт, ялалтыг зөвхөн өөрийн сайнаар биш эцэг тэнгэр, эх газар, өвөг дээдсийн ач буянаар энэ нэр алдрыг олсон талаар түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал Монголын нууц товчоон” түүхэн эх сурвалжид “Тэнгэр газар эелдэж, Тэмүүжинг Улсын эзэн болготугай” гэж зарлигдав гэсэн бол Монголын Их эзэн Чингис хаан хэлэхдээ:
“Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо, би
Эрхт тэнгэр
Эцгийн хайраар
Эзэн болло, би
Эцэг тэнгэрийн ачаар
Эсрэг дайснаа дарлаа, би” гэж .. өчснөөс тодорхой байна.
Мөн монголчуудын өөр нэг уламжлалт үзэл санаа бол аливаа амжилт, ялалтын үндсийг эв нэгдэл, эвийн хүч гэдгийг “мах, цус”-андаа тултал ухаарч, хөгжүүлснийг Лу. Алтан товч эх хөлгөн сударт дурьдсанаар Монголчуудын өөрсдийн оршихуй, хүчирхэг эрхийн хамгаалалттай байх үндсийг тэнгэрлэг ёс, эв эеийг сахих явдал хэмээн үзэж:
“… Хаалгат гэрт суусан хатан хүн жаргахдаа
Эр юүгээ сайнд жарга юу
Хамаг бүгд жаргахдаа
Эв эеийнхээ сайнд жаргамуй…гэжээ
Эрдэмтэн Н. Ням-Осор эв эеийн үзлийг шүтэн барилдахуйн ухаан гэж үзээд …Монголчуудын эртний мэргэдийн ном сургаалаар бол ертөнцийн аливаа юмс үзэгдэл таван мах бод /гал, ус, шороо, мод, төмөр/-иос бүрддэг учраас аливаа зүйлийн нэгийг нөгөөгөөс нь таслан салгаж, ганцааранг нь товойлгон тавьж болохгүй… гээд шүтэн барилдахуй гэдэг нь угтаа эв нэгдэл гэсэн өнөөдрийн ойлголт юм.[22] гэснийг ухвал монголчуудын эрх зүйн философийн уламжлалт үзэл санааны эх сурвалж нь эв эе, эв нэгдэл гэж үзэж болооор байна.
Мөн эгэл ардын эрх зүйн философи сэтгэлгээний өөр нэг уламжлалт үзэл санаа бол “хууль цааз”-ыг тэнгэрээс өгөгдөлтэй хэмээгээд зөрчсөн, тэрсэлсэн тохиолдолд тэнгэрийн гэсгээл, үйлийн үрийг хэзээ нэгэн цаг эдлэнэ хэмээн сэтгэж байсан талаар Бурхан багшийн айлдсан “шалтгаант үр”-ийн сударт:
…Үгээгүй боол, шивэгчин болохын шалтгаан юу хэмээвээс
Үнэндээ урьд төрөлдөө журмыг үтрээсний гороор сая тийм болъюу… Мөн ардын сэцэн үгэнд :
“Амраглах гэгч анхны ёс
Мэндлэх гэгч мөнхийн ёс
Зуд нэгэн жилийнх
Журам мянган жилийнх”[23] …гэх мэт
Мөн эрх зүйн философи судлаач, эрдэмтэн Д.Лүндээжанцан нар Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй бүтээлийнхээ өмнөх үг буюу Үндсэн хуулийн талаарх бодролдоо …Монголын төр ёс, эрх зүйн сэтгэлгээний өв уламжлалаас нэгэн эх ундрагаа авсан гэж боддог… гээд Монголчууд төрт ёс хууль цаазны сэтгэлгээний хоёр мянга гаруй жилийн түүхэндээ “гол мөрөн ширүүн боловч эргээ даган урсдаг, Улс амьтан олон боловч хуулиа дагаж амьдардаг” гэсэн Монгол ардын мэргэн үгийг мөрдлөг болгон ажил төрөл, аж амьдралаа зохицуулж, дэг жаягаа эрхэмлэн сахих эрдэм ухааныг баримталж ирсэн.[24]
Энэ бүхнээс дүгнэж үзвэл өөрийн орны өвөрмөгц байдал, ард түмнийхээ сэтгэлгээний язгуур үзэл санаа, түүхэн уламжлалаа огоорон, хөгжилтэй гэх зарим орны эрх зүйн бодлого, тогтолцоог хуулбарлан, сурталчилах, хэрэгжүүлэх, даган дуурайх гэсэн “гэнэн” сэтгэлгээгээр залуу хойч үеээ төлөвшүүлэх гэсэн оролдлого нь монголчуудын эрх зүйн философи сэтгэлгээний уламжлалт үзэл санаа аажмаар бүдгэрч, алсдаа Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх байдалд эрсдэл учрах магадлалтай.
Дорно дахин тэр дундаа нүүдэлчин монголчуудын эрх зүйн философийн уламжлалт үзэл санаа нь өрнөдийнхнөөс онцлог ялгаатай бөгөөд бидний оршин суугаа газар орны байгаль цаг уур, түүндээ дасан зохицсон амьдралын хэв маяг, аж төрөх арга ухаан, хүнээр, хүн хийдэг уламжлалт арга ухаан, ёс заншлыг орчин үеийн монголын нийгэмд төлөвшүүлэхэд сурган, хүмүүжүүлэх, сурталчилан түгээн дэлгэрүүлэх, үр дүнг тооцох, орчин үетэй уялдуулах ажлыг төрийн бодлого, тогтолцоогоор дэмжих.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, түүний хэрэгжилтийн өнөөгийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн түүхэн уламжлалаа эргэж харах, өөрийн гэсэн эрх зүйн философи сэтгэлгээ, үзэл санаанд сууриласан хууль бүтээх, хууль зүйн техник ажиллагааг онолын үндэслэлтэй томьёолон хэрэгжүүлэхдээ түүний мөн чанар, агуулга, ач холбогдлыг сурталчилан таниулан, залуу хойч үедээ өвлүүлэн төлөвшүүлснээр ард түмнээ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд амьдруулах тийм эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршино.
ЭХ СУРВАЛЖ
- Балахонский. В.В ОСНОВЫ ФИЛОСОФИ в конпективном изложении, Издание второе, скорректированное и дополненное СПб: РГПУ, 2001
- Богд Зонхов. БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ. Эхлэн гэгээрэгчдэд. Ламрим УБ., 2006
- Бунийханы Ц.Гомбосүрэн ФИЛОСОФИ . УБ., 2020.
- Дашпүрэв. Д. Монголын философийн товч түүх. Ред Р.Дарьхүү Уб., 2013
- Даш-Ёндон Б, Философидохуй дор: Өнөөгийн Монгол Философи эсээ, УБ., 2025
- Лүндээжанцан. Д, Н.Жалбажав, Х.Сэлэнгэ, Д.Отгонтуяа Эрх зүйн философи УБ., 2014
- Минжин Ц, Н.Жалбажав Шинжлэх ухааны судалгааны арга зүй. УБ., 2015
- Нагаанбуу. Н. Маралмаа. Монгол ёс заншлын үндэс дээжис. УБ., 2004.
- Ням-осор.Н. Монголчуудын тэнгэрлэг оршихуй /өгүүлэл, нийтлэл, ярилцлага, эрдэм шилжилгээний хурлын илтгэл, номын өмнөтгөл/ УБ., 2022
- Д.Болд-Эрдэнэ ПОЛИТОЛОГИ Нийтлэл Монголчуудын улс төрийн философи: уламжлалт үзэл санаа
- Г.Лувсанцэрэн “Монголын нийгэм улс төрийн сэтгэлгээний онцлогоос” . Олон улсын Монголч эрдэмтдийн VII их хурал /1997-8-12-16 / Уб., 1999
- Б.Баярсайхан. “Монгол цаазын бичиг” монголчуудын эрх зүйн сэтгэлгээнд үзүүлсэн түүхэн нөлөө ACTA MONGOL CENTRE FOR MONGOL. STUDIES NATIONAL UNIVERSITU OF MONGOL ТОМ 4 (236 )
- С.Соёлмаа /нийтлэл/ Монголын философийг 1990 – ээд оноос хойш судалж ирсэн зарим бүтээлийн арга зүйн асуудал
- Цэрэнбат З. Ц.Алтангэрэл Хууль дээдлэх ёс, Нийтлэл. Монголчуудын төрс ёсны үүсэл, хууль цаазны уламжлал, төлөвшлийн тойм
- Д.Лүндээжанцан. Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник УБ., 2016
- С.Нарангэрэл. Хуулийн амин сүнсний эрэлхийлэл (ЧИНГИС ХААНЫ ГЭРЭЭС). УБ., 2016
- Ч.Нямсүрэн. Эрх зүйн ерөнхий онол. УБ., 2024
- Гантулга. Төр, эрх зүйн ерөнхий онол. УБ., 1998
- О.Амархүү Эрх зүйн онол УБ., 2018
- Магна Харт. Английн хаан Жон 1215 он
- Б.Нямдорж. Хууль зүйн техникийн зарим асуудал.
(Магистрын зэрэг горлисон дипломын ажил ) УБ., 2006
[1] . Д. Болд-Эрдэнэ. Монголчуудын улс төрийн филосифи : уламжлалт үзэл санаа. ПОЛИТОЛОГИ XI
[2] . Х.Сэлэнгэ . XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл. УБ., 2004 . 29 дэх тал
[3] Б.Даш-Ёндон. Философохуй дор: Өнөөгийн Монгол (философи эсээ) УБ., 2025, 9 дэх тал
[4] . Б.Даш-Ёндон. Монголын философичдийн өв VI . УБ., 2023
[5] . Т.Галсан “А” тэргүүнт Монголын ертөнцийн гурав УБ., 2022, 4 дэх талд
[6] . Д.Лүндаажанцан, Н.Жалбажав, Д.Отгонтуяа. Эрх зүйн философи УБ., 1998. 5-8 дахь тал
[7] .Б.Даш-Ёндон , Философидохуй дор Өнөөгийн монгол философи эсээ. УБ., 2025 . 156 дахь тал
[8] .Бунийханы Ц.Гомбосүрэн ФИЛОСОФИ . УБ., 2020. 60 дахь тал
[9] .Мөн тэнд
[10] . В.В Балахонский ОСНОВЫ ФИЛОСОФИ в конпективном изложении, Издание второе, скорректированное и дополненное СПб: РГПУ, 2001
[11] . Н. Нагаанбуу, Н. Маралмаа. Монгол ёс заншлын үндэс дээжис. УБ., 2004. 3 дахь тал
[12] . (англ. The Great Charter of Liberties, Magna Carta Libertatum ) Магна Хартыг Английн хаан Жон 1215 оны 6 дугаар сарын 15-нд Раннамедын талд баталсан гэдэг. Их Хартыг анх латин хэл дээр бичжээ. 63 заалттай.1215 онд Жон хааны тамга тамга дарсан эх хадгалагдаж үлдээгүй харин 4 хуулбар хадгалагдан үлдсэний 2 хуулбар нь Британы номын санд, линколны болон Солсберийн дуганд тус бүр нэг хадгалан үлджээ.
[13]. П.Амаржаргалын орчуулга Магна Харт ХОЁР ДАХЬ ХЭВЛЭЛ УБ ., 2016
[14] . Ц.Минжин, Н.Жалбажав Шинжлэх ухааны судалгааны арга зүй. УБ., 2015
[15] . Д. Дашпүрэв. Монголын философийн товч түүх. Ред Р.Дарьхүү Уб., 2013, 12 дахь тал
[16] Ц.Минжин, Н.Жалбажав Шинжлэх ухааны судалгааны арга зүй. УБ., 2015
[17] . Тухайн бүтээлийг уншиж, судалснаар зохиогч гэж тэмдэглэв
[18] . Н.Ням-Осор . Монголчуудын тэнгэрлэг оршихуй /Өгүүлэл, нийтлэл, ярилцлага, эрдэм шинжилгээний хурлын илтгэл, номын өмнөтгөл үг./ УБ., 2023, 196 дахь тал
[19] . Богд Зонхов. БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ. Эхлэн гэгээрэгчдэд. Ламрим УБ., 2006 13 дахь тал
[20] . ПОЛИТОЛОГИ XI. Нийтлэл. Д.Болд-Эрдэнэ. Монголчуудын улс төрийн философи: уламжлалт үзэл санаа
[21]. Г.Лувсанцэрэн “Монголын нийгэм улс төрийн сэтгэлгээний онцлогоос” . Олон улсын Монголч эрдэмтдийн VII их хурал /1997-8-12-16 / Уб., 1999, 262 дахь тал
[22] . Н.Ням-осор. Монголчуудын тэнгэрлэг оршихуй /өгүүлэл, нийтлэл, ярилцлага, эрдэм шилжилгээний хурлын илтгэл, номын өмнөтгөл/ УБ., 2022, х.6
[23] . Монголын философийн түүх. 1-р дэвтэр. УБ., 1997 153 дахь тал
[24] . Д.Лүндээжанцан, Ч.Энхбаатар . Монгол Улсын үндсэн хуулийн эрх зүйн гурав дахь хэвлэл УБ., 2025.
View and download PDF – THE LEGAL PHILOSOPHY OF THE MONGOLS: TRADITIONAL IDEAS
